Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

2015 оны 11 сарын 23

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.23/ Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Хятад-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын Хятадын талын Байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дэд дарга Юнь Фөн зэрэг хорь орчим хүмүүс дагалдан яваа аж.  

Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи өнөөдөр /2015.11.23/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах юм. Үүний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзана.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна