Телевизийн мэргэжлийн зураглаачид нэгдлээ

2015 оны 11 сарын 23

Монголын хэвлэл мэдээллийн салбарт “Нэг дүрс мянган үгнээс хүчтэй” хэмээх уриа дор телевизийн зураглаачид нэгдсэнээ албан ёсоор зарлалаа. 

2015 оны арваннэгдүгээр сарын 21-нд Олон улсын телевизийн ажилтны өдөр тохиосон юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан телевизийн амин сүнс болсон дүрсийг үйлдвэрлэдэг, үйл явдлыг бодит дүр зургаар үзэгчдэд хүргэдэг мэргэжлийн зураглаачид нэгдэж, Монголын “Телевизийн мэргэжлийн зураглаачдын холбоо” ТББ-ыг санаачлан, анхдугаар чуулганаа зохион байгуулжээ.

Монголын Телевизийн мэргэжлийн зураглаачдын Холбоо ТББ-ын зорилго нь телевизийн зураглаачдын мэргэжлийн ур чадварыг  хөгжүүлэх, урлагийн бүтээл талаас нь олон нийтэд сурталчлан таниулах, мэргэжлийн зураглаачдын  мэдлэг боловсрол, дадлага туршлагыг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг Монгол Улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл, боломжоор хангахад оршиж байгаа ажээ.

Мэргэжлийн зураглаачдын холбооны анхдугаар чуулганд ахмад үеийн зураглаачид, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн телевизүүдэд одоо ажиллаж байгаа болон энэ чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд зэрэг 200 гаруй зураглаачид оролцож, монголын зураглаачдын дунд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна