2016 оны төсөв хувийн хэвшлийг илүү дэмжсэн, хуримтлалтай болох суурийг бүрдүүлж чадсан

2015 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай 2016 оны төсвийн төсөл болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр, 2016 оны төсвийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ.

 

-2016 оны төсвийн төслийг баталлаа. Сайн муу олон янзын шүүмжлэл төсвийг дагалдаж байна. Нөгөө талд алдагдлаа хянаж чадаагүй төсөв боллоо гэж байгаа. Харин нөгөө талаас хөөсөрсөн төсвийг хөрсөнд нь буулгалаа гэж хэлж байна. Таны хувьд ирэх оны төсвийг аль өнцгөөс дүгнэв.

 

-Би энэ 2016 оны төсвийн төслийг УИХ-р хэлэлцүүлэх, батлуулах Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг ахалж ажилласан учраас таны асуултад бодитой хариулья. Эдийн засаг сайн, төсвийн орлого боломжтой үед тухайлбал 2009-2012 оны хооронд төсвийг 2016 оны төвшингээс илүү алдагдалтай баталж ирсэн. Төсвийн алдагдлын хэмжээгээр өр, зээл нэмэгдэж, мөн энэ алдагдлыг нөхөхөд Засгийн газрын үнэт цаасаар дамжуулж хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах, эсхүл банк, санхүүгийн байгуулагаас зээлээс мөнгө зээлэх болдог. Үнэт цаас худалдан авагчид, эсхүл арилжааны банкууд ямар ч тохиолдолд хувийн компанитай харьцсанаас Засгийн газартай харьцах, зээл өгөх нь илүү найдвартай гэж үзэх нь мэдээж л дээ.

 

Ийм байдлаар төсвийн  алдагдал нь хөрөнгө, санхүүгийн зах зээлээс хувийн хэвшлийн  хөрөнгө босгох орон зайг багасгадаг. Засгийн газар нь 2016 оны төсвийн төслийг 3.3 хувийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн барьсан. УИХ батлахдаа 0.1 хувиар нэмэгдүүлж төсвийн алдагдлыг 3.4 хувьтай баталлаа. 0.1 хувь нь 13-14 сая ам.доллар буюу 27 орчим тэрбум төгрөг юм. УИХ дахь цөөнхийн гишүүдээс гарсан саналаар яам, агентлагийн тоог цөөлж бүтцийн өөрчлөлт хийх, төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтан, дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах зэрэг Засгийн газрын санал УИХ-ын олонхийн дэмжлэг авахгүй болсноор төсвийн урсгал зардал 140 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх болсон. Ажлын хэсэг энэ зардлыг 2016 онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардлыг хасах, бусад зарим урсгал болон хөрөнгийн зардлыг хасах замаар төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн барьсан төвшинд байлгах саналыг гаргаж хуулийг батлуулсан.

 

Энэ утгаараа 2016 оны төсөв бол сонгуульд зориулагдсан төсөв болоогүй гэж хэлэх байна. Харин 2011 онд УИХ-д өргөн баригдаж байсан 2012 оны төсвийн төсөл бол жинхэнэ сонгуульд зориулагдсан төсөв байсан. Тэр үед МАН УИХ-д олонхи байлаа. Энэ төслийн зөвхөн хөрөнгө оруулалтын зардал нь 2.5 их наяд байсан. Тэр үед энэ зардлыг 800 орчим тэрбум төгрөгөөр бууруулж баталж байсан. Ийм байдлаар 2012 оны төсөвт олон бүтээн байгуулалтын, тухайлбал олон барилгын төсөвт өртгийн багахан хувийг суулгаж, сонгуулийн үеэр баахан тууз хайчилсан. Эдгээр барилгуудын үлдсэн төсөвт өртгийг өнгөрсөн гурван жилийн төсөвт гүйцээн тусгаж, одоо л тэр барилгуудыг барьж дуусч  байх шиг байна. 

 

-Өмнөхөөс ялгарах давуу талыг та дүгнээч. Зарим талаараа хасалт таналтыг хийсэн боловч тэр нь яг байгаа онож чадсан уу гэх шүүмжлэл байгаа. Ажлын хэсгийн гишүүд төсвийг 360 градус өөрчилсөн гэх шүүмжлэл их байлаа. Та бүхэн юуг нь нэмж, юуг нь хасав?

 

-Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр 2017 онд төсвийг алдагдалгүй байх хуулийг баталсан. 2013 он хүртлэх найман жилд олсон орлогоосоо илүү их зардал гаргаж, төсвөө алдагдалтай баталж ирсэн. Олсноосоо илүү зарцуулахаар мэдээж хуримтлал бий болохгүй нь ойлгомжтой. Бүүр сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас болж заримыг урьдчилан зээлж байгаад тухайн үеийн ханшаар 2.5 их наяд буюу 1.8 тэрбум.ам долларыг тараасан.

 

Энэ хугацаанд үйлдвэрлэл хөгжөөгүй, ихэнх нь импортын барааны төлбөрт гадагш гарсан. Тэгвэл 2017 оноос Монгол Улс төсвөө алдагдалгүй баталж эхэлснээр, хуримтлалтай орон болох боломж бүрдэх нь. 2015 оны төсвийн тодотголыг саяхан хийлээ. Төсвийн алдагдал нь таван хувьтай байгаа. 2015 оны  төсвийг 2014 оны арваннэгдүгээр сард баталсан. Тэр үед чинь УИХ-д бүлэгтэй бүх намууд их эвслийн Засгийн газар байгуулсан үе байлаа. Тэгвэл 2016 оны төсвийг 3.4 хувийн алдагдалтай, 2015 оныхоос төсвийн  алдагдал 1.6 хувь буюу 450 орчим тэрбум төгрөгөөр буурсан төсвийн хуулийг баталж чадлаа. Энэ утгаараа өмнөх онтой харьцуулахад 2016 оны төсөв бол илүү бодитой, хувийн хэвшлийг дэмжсэн, хуримтлалтай болох суурийг бүрдүүлсэн төсөв болсон гэж хэлэх байна.

 

Давуу тал нь төсвийн алдагдлыг 2015 оны төсвийн алдагдлын төвшинг 1.6 хувиар бууруулсан. 2016 он 2012 онтой адилхан сонгуулийн жил ч гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээнээс татгалзаж, төсвийн алдагдлыг бууруулах, хүн амын 3/1 нь ажилладаг хувийн хэвшлээ дэмжих санаачлага гаргаж, энэ санал нь УИХ-ын шийдвэр болсон. Ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан төсвийг аль болох өөрчлөхгүй байхыг зорьж ажилласан. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь дээр өгүүлснээр бүтцийн өөрчлөлт хийж төрийн байгуулагуудын тоог цөөлөх, дарга нарын цалинг хасах зэрэг урсгал зардлыг бууруулахаас татгалзсан тул өргөн баригдсан төсвийн төсөлд холбогдох өөрчлөлт орсон.

 

-Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын санд ямар өөрчлөлт гарав. Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр барилга байшин барих нь, завсар нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэх нь гэсэн шүүмжлэл байсан. Халамжийг өмнөх байдлаар өгөх үү, тэтгэвэр тэтгэмжийн талаар өөрчлөлт хийгдсэн үү?

 

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс энэ салбарын барилгын засвар хийх, шинээр барилга барих нь бол хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ энэ удаад бол сангаас шинээр барихаар төсөлд байсан хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг бүгдийг нь хассан. Хүний хөгжил сан нь  бэлэн мөнгө тарааснаас болоод 2012 оны эцэст нэг их наяд төгрөгийн хасахтай байсан. Өнгөрсөн жилүүдэд энэ өрийг хаасаар одоо дуусах дөхөж байгаа.

 

-Хүүхдээсээ мөнгө харам­лалаа гэх шүүмжлэл хэлж байсан гишүүдийн үгийг та дуулсан л байх. Хүүхдийн мөнгийг ялгавартай олго­хоор болсон уу. Ямар төвшинд хэрхэн олгох юм бэ. Иргэдийн дунд янз бүрийн зүйл гарч байна. Хүүхдийн мөнгийг бараг 50 хувиар хасчихлаа гэх мэт?

 

-Хүүхдийн мөнгийг Засгийн газрын өргөн барьсан төсөлд суусан хэвээр нь УИХ баталсан. Энэ мөнгөний нийт хэмжээ нь өмнөх оныхоос буурсан байсан. Оны эхний хагаст хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь тавих боломжтой байх. Төсвийн орлого сайжирвал төсвийн тодотголоор энэ мөнгийг нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байна. Ер нь бол Засгийн газар халамжийн мөнгийг айл, өрхийн орлогын төвшинээс хамааруулж олгох судалгааг маш сайн хийсэн гэсэн.

 

-Би яагаад энэ бүхнийг нарийвчилж асуугаад байна вэ гэхээр үндсэндээ иргэд төсвийн талаар ямар ч мэдээлэл алга. Цалин хасах юм уу, эсвэл нэмэх юм уу гэдэг мэдээлэл алга. Төрийн албаны цалинг шат дараатай нэмэгдүүлэх тухай нэг сайд нь ярьдаг. Нөгөө талд цалингийн санг 10 хувиар бууруулсан ирэх онд цалин хасна гэх юм. Цалингийн санг бууруулсан асуудлыг тайлбарлахгүй юу?

 

-Төрийн албан хаагчдын цалингийн санг биш төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах гэж ойлгох нь зүйтэй. Цалингийн сан нь урсгал зардлын нэг хэсэг нь юм. Энэ урсгал зардлын бууруулалтад эрүүл мэнд болон боловсролын салбар, цагдаа, онцгой байдал, ШШБЕГ-ыг хамааруулаагүй. Ингэхээр төрийн албан хаагчдын цалин буурахгүй гэж ойлгох хэрэгтэй. Харин өмнөх таван байгуулагаас бусад төрийн байгууллагуудад цалингаас бусад урсгал зардлаа бууруулах үүргийг өгсөн. Тодруулбал, Төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчид урсгал зардлаа хооронд шилжүүлэх  эрх нь нээлттэй байгаа. Эндээс товчхон хэлэхэд, УИХ-аас төрийн албан хаагчдын цалинг бууруулах, хэн нэгнийг цомхотгох шийдвэр гараагүй гэж хэлэх байна. Зүгээр ажлын уялдаагаа сайжруулах, ажил үүргийн давхардлыг арилгах замаар урсгал зардлаа бууруулах замаар бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлага бол зүй ёсоор тавигдаж байна. 2016 онд Цалин, тэтгэврийг нэмэх зардлыг төсөвт суулгаагүй. Тийм ямар ч боломж байгаагүй. Харин он гараад төсвийн орлого сайжирвал, төсвийн тодотгол хийж цалин, тэтгэврийг бага боловч нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ зорилтыг 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдож гарах УИХ-ын тогтоолд оруулж өгөх болно.

 

-Яам агентлаг, төрийн байгууллагад ямар ямар хасалт таналт хийгдэв. Хэчнээн төрийн агентлаг нэгдэж нийлснээр хэдэн төгрөгийн хэмнэлт хийнэ гэсэн тооцоог ажлын хэсгээс гаргасан бэ?

 

-Ердөө ҮТЕГ-г ГЕГ-тай нэгтгэж гааль, татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороог Улсын бүртгэлийн газартай нэгтгэж Стастик, бүртгэлийн газар гэж нэрлэх саналууд дэмжигдсэн. Эндээс жил бүр 8-10 тэрбум төгрөг хэмнэгдэх болов уу гэж бодож байна. Бусад бүтцийн өөрчлөлттэй холбогдсон Засгийн газрын санал УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй.

 

-Ажлын хэсгийн гишүүд өөрийн тойрогт мөнгө нэмсэн гэж их ярилаа. Ирэх онд хэдэн барилгын ажил үргэлжлэх бол. Мэдээж шинэ бүтээн байгуулалт бол явахгүй байх?

 

-Тийм юм гэж юу байх вэ дээ. Бүх санал Байнгын хороо болон УИХ дээр ил тод хураагддаг. Гэхдээ олон хоног оройтож ажилласныхаа төлөө ажлын хэсгийн гишүүд бусдаасаа ялгаварлагдаж болохгүй л дээ. Бүх санал нь намын бүлгийн ажлын хэсгээрээ дэмжигдэж орж ирсэн санал байгаа.

 

-Эдийн засагтай холбоотой яах аргагүй анхаарал татсан асуудлыг тодруулъя. УИХ Мөнгөний бодлогыг баталлаа. Харамсалтай нь төсөвтэйгээ уялдсангүй юу. Төв банкны зүгээс “шинэ тэнцвэр” гэх бодлогыг санал болгосон. Үүнийг хэрэгжүүлэх хөрс суурийг УИХ тавьж өгч чадав уу?

 

-Засгийн газар төсвийн төслөө УИХ-д өргөн барихын өмнө Монголбанк, олон улсын банк, санхүүгийн байгуулагуудтай урьдчилж уулзан санал солилцсон юм билээ. Монголбанк мэдээж төсвийн алдагдлыг улам бууруулах хүсэл байсан. Гэвч ийм боломж туйлын хомс байлаа. Гэхдээ УИХ 2016 оны төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь баталлаа.

 

Ер нь Монголбанкны өнгөрсөн гурван жилд явуулж ирсэн бодлого зөв байсан нь одоо батлагдаж байх шиг байна. Тэр нь эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгож байсан гол төрлийн эрдэс баялаг болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын зах зээлийн үнэ огцом буурах хандлага гарч байсныг 2012 оны сүүлчээс урьдчилан харж байсан. Тиймдээ ч уул уурхайн бус эдийн засгийн салбарыг дэмжих, хуульд заасны дагуу бензин, мах, цемент зэрэг стратегийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах болон бага хүүтэй хөнгөлөлтэй зээлээр иргэдийн орон сууцтай болох зэрэг хөтөлбөрүүдийг Засгийн газар болон арилжааны банктай хамтарч хэрэгжүүлэх замаар эдийн засгийн огцом хямралыг саармагжуулж ажлын байрыг хадгалж, инфляцийг зорьсон төвшиндээ  байлгаж чадсан гэж бодож байна. Монгол банкнаас хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээний үр дүнд Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн супер циклээс шууд хамааралтай эдийн засгийн өндөр өсөлт зөөлөн газардсан гэж хэлж болох байх.

 

Мөн төлбөрийн болон гадаад худалдааны тэнцэл сайжирлаа. Сүүлийн жилүүдэд экспортоос олсон  гадаад валютаа гадагш урсгадаг байсан импортын хэмжээ эрс буурч байна. Энэ нь цемент, төмөр хийц, хүнсний салбарын зэрэг үйлдвэрийн хэмжээ илт нэмэгдэж өөрийн орны хэрэгцээгээ хангах төвшинд ирсэнтэй холбоотой. Эдгээр ажлын үр дүнд Монголбанк бодлогын хүүгээ бууруулах, улмаар арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулж нэг оронтой тоонд хүргэх боломж гарч ирж байна гэж харж байгаа. Энэ бүхнийгнээ л шинэ-тэнцвэрийн бодлого хэмээн тодорхойлсон гэж ойлгосон. Зээлийн хүү буураасай гэсэн хүсэл бол бүх Монголчуудын олон жилийн хүсэл юм.

 

-Зээлийн хүүг бууруулах боломж байна уу, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд. Гэхдээ Төв банкны ганцаараа шийдэх асуудал биш байх. Арилжааны банкууд зөвшөөрөхгүй бол ирэх онд хүү бууруул гэхэд бууруулсангүй гээд Төв банкнаа “зүхэж” суух юм биш биз?

 

-Зээлийн хүүг хүчээр бууруулах боломжгүй. Харин инфляци буурч, тогтвортой байгаа, цаашид төсвийг алдагдал багатай батлах нь тодорхой болсон, гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл сайжрах нь ойлгомжтой зэрэг суурь нөхцөл бүрдсэн тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Энийг Монголбанк байнгын зорилтоо болгож ажиллах учиртай. Монголбанкинд  арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад бодлогын хүүгээ бууруулахаас өгсүүлээд  олон арга хэрэгсэл бий. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг УИХ, Засгийн газар ч дэмжиж ажиллах шаардлагатай. Монгол Улсад иргэдийн амьжиргааны төвшний өсөлт болон компаниудын өрсөлдөх чадварт бусад орнуудаас ялгаатайгаар, сөргөөр нөлөөлсөөр ирсэн томоохон хүчин зүйл нь бол арилжааны банкны зээлийн өндөр хүү. Ер нь бол сүүлийн жилүүдэд арилжааны банкнаас олгож байгаа нийт зээлд орон сууцны хөнгөлөлттэй зээл нь нилээд жин дарж байгаа учраас зээлийн хүүгийн жилийн дундаж нилээд буурсан байдалтай харагдаж байна.

 

-Уул уурхайн супер цикл дуусгавар боллоо гэх юм. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид дараагийн бүрдэх УИХ-ыг хүлээгээд хөрөнгө оруулалт хийхгүй байгаа тухай яригдаж эхлэв. Уул уурхайн салбарт ер нь ирэх онд гэрэлтэй зүйл байна уу. Та бас энэ салбарыг чамгүй хугацаанд удирдсан хүн шүү дээ. Тавантолгой, Гацуурт тодорхойгүй учраас ирэх оны төсөвт дандаа л тодорхойгүй тоонууд тавигдчихав уу?

 

-Хөрөнгө оруулагчид дараагийн УИХ-ыг хүлээж байгаа гэдэг нь бол цэвэр төрийн индэр дээрээс улсаа муулж  улстөрчийн оноогоо нэмэгдүүлдэг монгол маягийн улс төр байх гэж бодож байгаа. Шалтгаан нь 2012 оны сонгуулийн үеэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад цензур тавих гадаадын хөрөнгө оруулалттай холбогдсон хуулийг баталж, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолоор төрөөс олгосон тусгай зөвшөөрлийнхөө 40 гаруй хувийг зогсоосон зэргээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын эрх зүйн орчноо тогтворгүй болгочихсон байх.

 

Харин 2012 оноос хойш эдгээр алдааг засч уул уурхайн салбарын, түүнчлэн хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж хэлэх байна. Одоо эрдэс баялгийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ сайжрах хүртлэх хугацаанд засаглалаа сайжруулах нь чухал гэж үзэж байгаа юм. Тухайлбал гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, Засгийн газар нь хоёр хүрэхгүй жилийн хугацаанд өөрчлөгдөж, бодлого нь ч төрийн албан хаагчид нь ч  өөрчлөгддөг байдлыг өөрчлөх хэрэгтэй биз дээ. Нөгөө талаас тодорхой бус шалтгаанаар хувийн хэвшлийн компанийн захирлуудыг саатуулдаг хорьдог байдал, татварын байгуулагын зүгээс  компанийн дансыг дуртай үедээ хаадаг зэрэг олон асуудлыг ойлгомжтой тодорхой болгох хэрэгтэй.

 

Ер нь бол хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон, засаглал сайжирсан байхад эрдэс баялгийн зах зээлийн үнэ өндийвөл хөрөнгө оруулалт орж ирнэ гэж бодож байна. Бизнесийн салбарынхан хөрөнгө оруулагчид гадаад ,дотоод ялгаа байхгүй ашиг ихтэй салбарт хөрөнгөө оруулдаг. Өнөөдөр коксжих нүүрсний үнэ шалдаа буучихсан байхад энэ салбарт тэр болгон хөрөнгө оруулахгүй л болов уу. Ашиг ихтэй салбарт хөрөнгө оруулдаг гэдэг нь нийтлэг ойлголт шүү дээ. Гачууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад УИХ-ын шийдвэр хүлээгдсээр байгаа.

 

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг та хэрхэн дүгнэж байна. Ард иргэдийн санаанд тохирсон нэмэлт өөрчлөлтийг оруулах нь гэж байгаа. Гэвч нөгөө талд том эрх ашиг байна уу гэх хардмаар үйл явдал сүүлийн үед гарах боллоо?

 

-Хэлэлцээр үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл өмнө нь УИХ-ын гаргасан шийдвэр тухайлбал УИХ-ын 39 дүгээр тогтоолд нийцсэн байх нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ гэж гэсэн бодол хэвээр байгаа.  Тэр нь Монголын Засгийн газар эхний ээлжинд энэ ордыг ашиглах компанийн 51 хувийг эзэмших хувилбар юм. Ер нь бусад стратегийн ордыг ашиглах компанид хувийн хэвшил 51-ээс дээш хувийг эзэмшихээрээ хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож болдог, зээл ч авч болдог, төр ийм хувь эзэмшигч байхаар болохгүй гэдэг нь их өрөөсгөл, улсын эрх ашигт үл нийцэх хувийн ашиг сонирхол дийлсэн бодол.

 

Тэгвэл төр хувь эзэмшдэг компанийхаа засаглалыг сайжруулж нээлттэй хувьцаат компани болгож, хувийн компаниас илүү сайн ажиллах боломжийг бүрдүүлж болно биз дээ. Хоёр хөршийн төрийн өмчийн оролцоотой компаниуд ч энэ замаар амжилттай явж байна. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нөгөө 49 хувиас нь хөрөнгийн зах зээл дээр 30 хүртэлх хувийг борлуулж санхүүжилт босгох, энэ үеэр Монгол Улсын ихэнх иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлж, илүү олох орлого олох боломжийг бүрдүүлэх замыг сонгох нь хамгийн сайн хувилбар гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ тэр цаг нь өнөөдөр мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

 

Нүүрсний үнэ зах зээл дээр доод цэгтээ байгаа учир “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа гаргах гэхээр хувьцаа эзэмшигч иргэдэд, төр засагт ч их алдагдалтай тусахаар байна. Харин энэ ордыг ашиглахад шаардлагатай дэд бүтцийг, тодруулбал тэр хоёр чиглэлийн төмөр замыг яаралтай барих нь зүйтэй. Ингэснээр энэ ордын үнэ цэнэ, компанийн үнэлгээ, улмаар иргэдийн хувьцааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Ер нь бол Тавантолгойн ордод гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниуд хоорондоо өрсөлдөж, нүүрс худалдан авагч талын өгөөш болдог. Энийг засах, улсад хохиролгүй гарцыг хайх нь чухал байгаа.

 

Тэр нь бол нүүрсний худалдааны нэгдсэн бодлого, эрдэс баялгийн бүтээгдэхүүний бирж байгуулах зэрэг байх болов уу. Ер нь бол анх УИХ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруул гэсэн шийдвэр гаргасан байхад, тэр үеийн Засгийн газар Ухаа худгийн ордыг тасдаж явуулдаг нь алдаа байсан байж магадгүй. Гэхдээ одоо яана гэх вэ. Ингэснээс төрийн мэдлийн Эрдэнэс Тавантолгой компанийн үнэлгээнд их сөргөөр туссан гэсэн тооцоо ч байдаг, тэгж үзэх хүмүүс ч байгаа. Одоо тэгээд л эдгээр компаниуд нь ээлжилж бие биеээ хойш нь татсаар байна.

 

-УИХ-аар дараагийн анхаарал татсан асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал. Цаг нь болсон болоогүй гэх маргаан бий. Таны хувьд цаг болсон гэж үзэж байна уу?

 

-Уг нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулж ард түмнээсээ асууя гэж байгаа юм. Гэтэл одоогийн УИХ дахь цөөнх эсрэг байр суурьтай байна. Уг нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар баахан ярьж уг хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүртэл баталсан.

 

2014 оны сүүлчээр УИХ-д бүлэгтэй бүх намууд нэгдэж Их эвслийн Засгийн газрыг байгуулж  хийх ажлаа гэрээгээр тохирч, тэр дотроо бараг нэгдүгээрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж бичсэн байсан. Мөн энэ Их хуралд хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж ажиллах шиг боллоо. Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа яг ямар зүйлээр өөрчлөлт оруулах гэж байгаагаа Санал асуулгын тухай хуульд холбогдох зохицуулалтыг хийж байгаад зүйл заалт бүрээр нь ард түмнээсээ шууд асуусан нь дээр гэж бодож байна. Иргэд Үндсэн хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барьдаг. Цаг хугацааны тухайд тохиромжтой үе нь одоо гэж харж байна. Яагаад гэвэл, 2016 онд УИХ-ын сонгууль, 2017 онд  Ерөнхийлөгчийн сонгууль болно.

 

Одоо онгууль ойртсон тул цаашид УИХ дээр ажил хийхээсээ илүүтэйгээр баахан улстөржих нь ойлгомжтой. Үүнийхээ оронд иргэд, сонгогчиддоо очиж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж хамтарч ажилласан нь хамаагүй үр дүнтэй. Тэгээд сонгуулиас өмнө амжихгүй бол сонгуулийн дараа Санал асуулгынхаа дүнгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болно. Ингэснээр олон судлаачид, улстөрчдийн 10 гаруй жилийн ажил салхинд хийсэхгүй өнгөрөх, засаглалын хямрал гүнзгийрэхгүй байх ач холбогдолтой. Хэрэв энэ удаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулах санал асуулга хойшлогдвол бол дахиад л 2016 оны сонгуулийн дараагаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар баахан ярьж эхлэх болно. Ингэж ирсэн л дээ.

 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь буруу гэж байна. Манайхтай ижил эдийн засагтай орнуудад энэ тоо хэд байдаг юм бол. Нөгөө талаар 99 болсны давуу талыг та юу гэж харж байна?

 

-Энд тоо нэг их чухал биш болов уу даа. Ер нь бол эдийн засаг гэхээсээ илүүтэйгээр тухай орны хүн амын, сонгогчдын тооноос хамаардаг үзүүлэлт юм билээ. Ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад манай улсын хүн ам хоёр сая гаруй байсан. Одоо гурван сая гараад явж байгаа. Ер нь бол иргэд, сонгогчид төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барихдаа нэг УИХ-ын гишүүнээр хэдэн иргэнийг төлөөлүүлэх нь зохистой вэ гэдгээ бодож шийдэх асуудал. УИХ-ын гишүүдийн тоо нь олон улсын дундаж руу бага ч гэсэн ойртсоноор парламентын гүйцэтгэх засаглалд тавих хяналт сайжрах тал бий.

 

-Үндсэн хуулийн хамгийн чухал амин сүнс нь засаглалын хямралыг арилгах гэж үзэж байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зөв болов уу?

 

-Ер нь бол бараг тийм. Ардчилсан орон болоод 25 жил өнгөрлөө. Одоо 28 дахь Ерөнхий сайд ажиллаж байна. Ингэхээр гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэр тогтвортой ажиллаж байгаа нь харагдах болов уу. Засгийн газрын тогтворгүй байдал нь улс орны эдийн байдалд, иргэдийн амьжиргааны төвшний өсөлтөд, гадаад харилцааны итгэлцэлд, хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлдөг нь мэдээжийн асуудал байх. Нөгөө бидний ярьдаг Европын хөгжилтэй орнуудын засгийн дундаж насжилт 6-8 жилтэй байна. Хоёр хөрш засгийн удирдлага ч 10 жилийн циклээр солигдож байна. Гол өөрчлөлт нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилуулахаа ч, огцруулахаа ч өөрөө мэддэг больё гэж байгаа асуудал.

 

Нөгөө талд нь парламентын засаглалыг бэхжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хэрэв Үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага хэвээрээ байх юм бол. УИХ бүх ард түмнээс сонгогддог. Төрийн институциудын аль нэг нь арай илүү эрхтэй, түүнтэйгээ адилхан хариуцлагатай байх шаардлагатай үе гэж ойлгож байна. УИХ-аас Засгийн газар томилогддог, насжилт нь ижил. Гэтэл Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Ерөнхийлөгч болон Засгийн газрын ажил үүргийн давхардал ихээр нэмэгдсэн. Энийг тодорхой болгох хэрэгтэй байх. Адилхан ажил хариуцдаг төрийн хоёр байгууллагатай хариуцлага ярихад хүндрэлтэй л дээ.

 

Орон нутагт төлөөллийн ардчилалаас шууд ардчилалд шат дараалалтай шилжих асуудал тавигдаж байгаа. Иргэд сумын, хорооны Засаг даргаа шууд томилдог болж хэт улстөржилт, талцалыг багасгах  хэрэгтэй гэж ярьж байна. Нэгдсэн улс учраас төр, засгийн нэгдмэл байдал үр дүнг сайжруулахын тулд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болвол яасан гэж ярьж эхэллээ. Нөгөө талаас зах зээлийн зарчмаар  нийслэлд хүн ам ихээр төвлөрч хүн амын 50 орчим хувь нийслэлд буюу нийслэлийг тойрон амьдарч байгаа. Гэтэл дунджаар 3000 хүн амтай сумын статустай, 300 мянган иргэн амьдардаг нийслэлийн дүүрэг адилхан статустай буюу эрх мэдэл, үүрэгтэй байна. Иргэд нийслэлд амьдарснаараа төрөөс үзүүлэх үйлчилгээг дутуу авч хохирч болохгүй.

 

-УИХ-ын нэр хүнд улам бүр унаж байна. Дандаа сандал суудлын асуудал ярьдаг гэх мэтээр шүүмжилдэг. Муу нэр хүндийг дараагийн нэг үе гарч ирээд засахгүй байх. Тиймээс УИХ-ын эрх үүргийн талаар Үндсэн хуульд арай илүү өөрчлөлт хийвэл яах бол?

 

-УИХ бол хүний эрх, ардчилалын баталгаа. Үйл ажиллагаа нь олон түмэнд нээлттэй байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд бидэнд анхаарах зүйл их байгаа. Сандал ширээ томилгоо, огцруулах асуудал ярихаар ирц сайн байдаг нь үнэн. 2012 оны сонгуулиас хойш  2014 оны арванхоёрдугаар сар хүртлэх хугацаанд чуулганы нийт хугацааны 60 гаруй хувийг хэн нэгнийг огцруулах асуудлыг ярьсан байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор энэ байдал өөрчлөгдөнө. Нөгөө талаас бусад оронд судалгаагүйгээр УИХ-ын индэр дээрээс улсын эрх ашигт илт харш зүйлийг ярих, нийгмийг иргэдийг илт хагалан бутаргах зорилготой үйлдэлтэй холбогдуулж ёс зүйн хариуцлага ярьдаг юм билээ. Энэ талаар улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

 

Б.ӨНӨРТОГТОХ

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN