ШӨХТГ: "Нэхэмжлэлийн шаардлагаас өөр шийдвэр гаргасан"

2015 оны 11 сарын 23

Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон.

Анхан шатны олон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.


Энэ асуудлыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Шүүхийн шийдвэр танайд албан ёсоор ирсэн үү?

-Банкуудын нэг хувийн хүүтэй холбоотой шүүхийн албан ёсны шийдвэр бичгээр өнгөрсөн долоо хоногт ирсэн.

-Нэхэмжлэлийн хариуд яг юу гэж бичсэн байна вэ?

-Анхан шатны шүүхээр манайхаас тавьсан улсын байцаагчийн дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага байдаг. Ерөнхий зарчмын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсвэл эс хангах тал дээр шийдвэр гарах ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч шүүхийн тогтоол дээр “Улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосугай” гэж биш харин “Улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийг хүчингүй болгосугай” гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас өөр шийдвэр гаргасан гэж үзсэн. Давж заалдах хугацаа 14 хоног байдаг. Энэ хүрээнд давж заалдахаар материалуудаа бэлдэж байна.

-Одоо ямар асуудлаар гомдол гаргаж, давж заалдах вэ?

-Шүүхийн шийдвэр, тогтоол дээр зарим нэг эргэлзээтэй зүйл бий. Үүнийг давж заалдах шатандаа хөндөнө. Давж заалдах хуралдаанд сэтгүүлчдийг нээлттэй ажиллах боломжийг хангана. Тиймээс та бүгд ч гэсэн оролцох боломжтой.
Өмнө нь хийсэн мэдэгдлийн хүрээнд хуульчид бидэнд хандсан. Өнөөдөр л гэхэд хуульчдаас гадна эдийн засагч, профессор, их сургуулийн багш нар бидэнтэй хамтарч, тодорхой уулзалтуудыг хийж байна.

-Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаас өөр шийдвэр гаргасан гэж л давж заалдаж байгаа юм уу?

-Зөвхөн энэ ч биш, өөр хэд хэдэн асуудал бий. Энэ нь шүүх хурал дээр манайхаас барих тактикийн асуудал учраас одоо дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Шүүх хурлын үеэр энэ асуудлуудыг ярих юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна