Гурав дахь сэжигтнийг тодруулав

2015 оны 11 сарын 23

 

Энэ сарын 13-ны өдөр Парисын “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна гурван хүн тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа золиосолсон юм. Тэгвэл Францын цагдаа нар хэн болох нь танигдаагүй үлдсэн гурав дахь сэжигтнийг гарал үүслийг тодруулжээ.

 

Гурав дахь сэжигтэн Аль-Махмуд гэгч нь өнгөрсөн аравдугаар сарын 3-нд Грекийн Лесбос арлаар дамжин Европ ирсэн дүрвэгч байжээ. Тэрбээр өөр нэг сэжигтэн Ахмад аль-Мухаммедын хамтаар Сирийн паспорт ашиглан дүрвэгчийн дүрээр Европ ирсэн аж. Ахмад аль-Мухаммедын Сирийн паспортыг хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гаднаас олсон байв. Хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна амиа золиосолсон 20 настай Билал Хадфи гэгч нь Бельги улсад амьдардаг Францын иргэн болохыг өмнө нь олж тодруулсан билээ.

 

Парисын халдлагын амьд үлдсэн цорын ганц сэжигтэн Салах Абдесламыг Бельгид эрэн сурвалжилж байгаа юм. Түүнийг Парисын халдлагын дараа цагдаа нар гурван ч удаа саатуулж шалгасан боловч тавьж явуулсан байжээ. Салахын ах 31 настай Брахим Абдеслам Парисын “Comptoir Voltaire” ресторанд амиа золиосолсон бол Мухаммедыг нь цагдаа нар баривчилсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна