Оюун санаа батална

2015 оны 11 сарын 23

Түүнийг анх харсан нь Монгол Улсын Их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны гурван давхарт. Манай Монгол судлалын хүрээлэн, Сэтгүүл зүйн тэнхим маань тэнд байв. Ангийн нь залуус анхнаасаа түүнд хүндэтгэлтэй ханддаг байв. Өөртэй чигч итгэлтэй, зарчимч. Элдэв ганган гархигүй. Харахад, ерийн л нэг туранхай, эмзэг гэмээр, тийм нэг нямбай, зам үл гажуудах сэтгэгдлийг төрүүлэгч эгч байсан.

Тэр “Өнөөдөр” сонинд ажиллаж эхэлсэн он цагаасаа өөр байсан. Бичлэгийн урлал их энгийн, өвч, илүү дутуугүй. Иргэний дуу хоолой, нийгмийн үнэт зүйлсэд онцгой анхаарч байсан. Анхнаасаа эдийн засгийн сэдвийг сонгож бичсэн. Хамгийн үнэ цэнтэй атал сэтгүүлчид тэр бүр үл барьж авах, барьж авсан ч хэрхэн уншууртай, сонирхолтой бичихээ үл чадах эдийн засгийн энэ сэдвийг нэн шинээр, гэгээн амттайгаар тэр л анх бичиж байв. Тодорхой байх, үр дүнтэй байх гэдэг чухамдаа мөн чанар нь байсан. Үндэстний сэтгүүл зүйд эдийн засгийг сонины нийтлэлийн даацтай сэдэв болгож, хэрэглээнд жинхэнэ утгаар нь эргэлт болгосон сэтгүүлч.

Тэр эр зоригтон. Улс төр, нийгмийн увайгүйд, шударга бусад нүд хурцтан. Уудлан илчлэх, нийгмээрээ жигшин ариусах үйл хэрэгт тэр галын шугамд оройлсон. Өндөр соёлтой шүүмжлэл, баримтын мадаггүй бичлэгийн нь жишиг. Бичсэнээс нь үүдсэн гомдол, залруулга огт үзэгдэж байгаагүй нь үүний гэрч. Хамгийн дээд түвшний сэтгүүлчид л энэ хамаарна. Хамгийн хэцүү баримт гартаа оруулж, түүнийгээ үндэстний эрх ашгийн үүднээс нийгэмд дэлгэх нь л жинхэнэ эр зориг. Тийм том баримт олж, түүнийгээ олонд хүргэх, үүнээс үүдэн ирэх түмэн харвалтыг эр зоригтойгоор давах л жинхэнэ эр зориг. Ийм үлгэрийг, ийм зарчмыг энэ турьхан бүсгүй болд мэт хатаасан.

Афганистанд бичсэн сурвалжлагууд нь ер бусын. “Элсэн энгэсэг” гэж бичсэн. Үргэлжийн амгалангүй энэ орны цаг улирлын аяс,олон улсын эрх ашиг, хөдөлгөөн, түгшүүр, гуниг зовлонг энэ хоёр үгэнд л тэр томъёолсон. Гайхамшигтай бичсэн. Элсэн энгэсэгээр хацар нүүрээ шилбүүрдүүлэн сэтгүүлчийн сурвалжлагаа бэлтгэж, мөн тэнд ажлаар явсан, алсад байдаг олон жил уулзаагүй эгчтэйгээ, хол ойрт гарах буун дуун дунд уулзаж, ээмэг бөгж солилцонгоо хоромхоноо уулзаж буй дүр зураг цухасхан дурдагдсан тэр  сурвалжлага бол жинхэнэ сэтгүүлчийн эгшин хоромтой. Уярмаар байдаг. Сэтгүүлч байна гэдэг хэрэг дээрээ хэн бүхний мэдрээгүйг мэдрэх мэдрэмж. Энэ мэдрэмжийг хамгийн дээд түвшний мэргэжлийн гүйцэтгэл, эх орончийн төгс шалгуурт хамааруулан хэлж байна. Тэр дээд түвшний гүйцэтгэлт, жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч.

Сэтгэл ариун байх зарчим түүнийх байсанд эргэлзэхгүй. Завгүй их ажлынхаа хажуугаар охиддоо гаргаж байгаа эх хүний чин хайр түүнээс нэвт ханхалдаг. Бас өөртөө чинад итгэлт ихэмсэг төрх илэрхийллийн нь цаана хайр хүсэгдсэн энхрий ааль хандлага  ажиглагддаг. Хүн болж төрсөн хүн, хүн байх заяандаа, эзэмшсэн мэргэжилдээ, хувь заяандаа тэнцэх гэж том ойлголт байх шиг. Амьдралын энэ шалгуурт тэр утга төгс тэнцсэн санагдана. Түүний үйл хэрэг үндэстний хөгжил дэвшил, түүний сайн сайханг бүтээх сэтгүүлч мэргэжлийнхээ эрбэмбэд тулах цэг байснаараа ингэж илэрхийлэгдэнэ.

Тэр өөрт заяагдсан биедээ үнэхээр үлэмж ахдахаар ачааллыг өөртөө авч, зүтгэж хөдөлмөрлөж байсныг  бүтээснүүдээс нь, бичсэнээс нь, эдгээрээс үүдэлтэй үлгэр дуурайлал, хүндэтгэл, зарчим, ёс зүй, үнэлэмжээс харж болно. Оюун санаалаг, хамгийн дэвшилтэт үзэл санаатнууд түүнийг  хөлөг онгоцоо болгож байсныг нийгмийн энэ эгшин хормуудын амьсгаа, хандлага илэрхийлж байна.

“...Ойн захын бяцхан байшинд тайван суугаад, зохиол бичих өдөр ирнэ гэдэгт итгэдэг шүү. Нэрийг нь ч оноочихсон. Завтай болохоороо... нэг сайхан кофе аягалж суугаад л эхлүүлэмз.”  Түүний “Завгүй” номын  “Алисиа” зурвасын төгсгөлд ийм өгүүлбэрүүд байна. Энэ итгэл тэнгэрт гарч. Нэрийг нь оноосон ном мөн огторгуйд дэвшиж. Гэвч..., гэвч тэр “завтай” болсон. Түүний “амьдын” төлөө аягалагдах нэг сайхан кофе үргэлж үнэртэнэ. Зөв нийгэм, хөгжилд тэмүүлэгч үзэл санаа оршиж л буй бол тэр мөнх орших учиртай. Энэ бүхэн бол Монголын сэтгүүлч Лунтангийн Болормаагийн зам мөр,  амьдарсан, бүтээсэн, “амьдрах”-ын үнэн юм. Тэр үнэнд хайртай, үнэнээр амьсгалдаг.  Үнэн байсан. Тиймээс түүний нэрийг нь оноосон ном “Үнэний ном” байх. Энэ ном Монголын нийгэм, сэтгүүл зүй зөв оршиж л байвал бичигдсээр байхыг оюун санаа батална. Тэр одоо ойн захын бяцхан байшинд тайван суугаад, бодлогширон, үл мэдэг инээвхийлэн бичиж суугаа. Энэ нь сансрын аглагт.  Ум сайн амгалан болтугай.

Б.ЗОЛБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна