Хархорин, Бүрд суманд ажиллалаа

2015 оны 11 сарын 22

Сэтгүүлч:
Өвөрхангай

С.ДЭМЧИГ ХАРХОРИН, БҮРД, БАЯН-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАЛАА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг 11 дүгээр сарын 7-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж байгаа билээ. Баянгол сумаас аялалаа эхлүүлсэн тэрбээр 19, 20, 21-ны өдрүүдэд Хархорин, Бүрд, Баян-Өндөр суманд ажиллаж, “Цаг үе” илтгэлээ ард иргэдэд хүргэлээ. Илтгэлээ хүргэхийн өмнө уламжлал ёсоор сумдын айлуудаар орж, иргэдийн санаа бодлыг сонссон юм. Бусад сумдад яригдаж байгаа мал махны асуудлыг энд бас л хөндөж байсан. Дээрээс нь хөдөөд ажил хийх сонирхолтой хүн цөөн байгаа талаар ч зарим иргэд ярьж байсан юм.

 

Зарим малчин банкны мэдэлд орчихлоо

“Цаг үе” илтгэл, ярилцлагын багийнхан Бүрд суманд ажиллахын өмнө цөөнгүй хэдэн айлаар зочилсон юм. Тухайлбал, Бүрд сумын малчин н.Мандахбаяр гуайнхаар зочлоход бэлчээрийн мал аж ахуй мөхөх вий гэж санаа зовж буйгаа илэрхийлж, “Бэлчээрийг хуульчилна гэж яриад байгаа, энэ нь хувьчилна гэж байгаагаас ялгаа алга. Одоо л малчид өвөлжөө, хаваржаагаа булаалдах дээрээ тулж байхад хувьчилчих юм бол бүр хэцүү болно” хэмээн ярьсан юм. Тэрбээр мөн “Малчид банкны барьцаанд орчихлоо. Хүмүүс маш ихээр банкнаас зээл авч байна. Хотоос туслах малчин авч ирээд ажиллуулсан. 12 хоног ажиллаад, 480 мянган төгрөгийн цалин авсан. Түүнийгээ банкинд хийчихж байгаа юм. 20 сая төгрөгийн зээлтэй юм гэсэн. Мал хариулаад өөртөө юм нааж чадахгүй нь байна шүү дээ. Үүнд л би гаслаад байгаа юм. Миний бодлоор зээлийг жаахан бага өгдөг баймаар байна. Энэ зээл гэдэг чинь л ард түмний амьдралыг баллаад байгаа юм. Зээл олдохгүй бол хүмүүс чинь ажлаа хийгээд, зүтгээд амьдарна. Би 12 настайгаасаа эхлээд л ажил хийгээд, амьдралаа аваад явж байсан. Гэтэл одоо мөнгө өгье, ажил хийгээд амьдар гээд байхад л ажиллах хүн олдохгүй байна” хэмээн ярьж байсан юм.

Түүнээс гадна эмнэлгийн ажилчид, сувилагч нар цалин бага байгаа талаар ярьж байлаа. Эмнэлгийн байгууллагынхан хүний амь нас хариуцдаг, маш өндөр хариуцлагатай ажил эрхэлдэг тул түүнийгээ дагаад цалин өндөр байх ёстой гэдгийг ч хэлж байсан юм.

Тэгвэл Баян-Өндөр сумын малчин Л.Цэрэндагва суманд намчирхал хэрээс хэтэрч, өөр намынх гэсэн байдлаар малжуулах төслөөс хүртэл хасдаг талаар ярьсан юм. Тэрбээр “Би 2010 оноос өмнө 300 гаруй малтай байлаа. Гэтэл зуданд хамгийг нь алдаад, 31 малтай л үлдсэн. Цөөхөн мал чинь өсөхдөө удаан байдаг юм байна. Одоо манайх 100 гаруйхан малтай. Сумаас малжуулах төсөл гээд мэр сэр ажил хийдэг ч удирдлагууд нь хамаатан саднаараа нийлээд, олонхоороо гар өргөөд, өөрсдөддөө голцуу өгөөд явчихдаг. Би эхнэртэйгээ очоод, санал хүсэлтээ тавиад явахаар дараагийн удаа танайд өгнө л гэдэг. Орон нутгийн хөгжлийн санд цөөнгүй хэдэн  төгрөг ирдэг л юм билээ. Зарим сумд тэр мөнгөөрөө малжуулах төсөл хэрэгжүүлдэг гэсэн. Манай  сумын удирдлагууд тийм ажил хийхгүй, үр ашиггүй зүйлд л мөнгөө зарцуулаад байдаг юм” хэмээн ярьж байлаа. Зарим иргэдийн ярьж буйгаар сүүлийн хоёр, гурван жилд Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн санд тэрбум орчим төгрөг ирсэн. Тэр мөнгөөр төв талбай засах энэ тэр гээд хэрэггүй зүйлд зарцуулаад дууссан гэдгийг хэлж байсан юм.

Бид сэтгэлгээгээ өөрчлөхөд бэлэн байна уу

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Хархорин, Бүрд, Баян-Өндөр сумын иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссоны дараа уламжлал ёсоор “Цаг үе” илтгэлээ тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд урт хугацааны хөгжлийн бодлого алга байгааг хөндлөө. Мөн урсгал зардлыг хэтрүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг үргүй зарцуулж ирснийг ч хэлсэн. Дээрээс нь хуулийн засаглал байхгүй болж, хууль хэрэгжихгүй байгааг илтгэлдлээ дурьдсан юм. Илтгэлийн төгсгөлд ард түмэн өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байна уу гэсэн асуудлыг хөндөв. Тэрбээр  “Би засаглал, төсөв мөнгөний бодлогыг өөрчлөх, хуулийн засаглал тогтох шаардлагатай байгааг ярилаа. Харин энэ өөрчлөлтөд монголчууд бэлэн байна уу гэдэг асуулт зайлшгүй урган гарч ирнэ. Миний хувьд үүнд эргэлзэж байгаа. Яагаад гэвэл хөдөөгүүр яваад, иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсч байхад хүмүүс улстөрчдийг сонгохдоо маш их гар харж байна. Наад зах нь цаг тооны бичиг, зурагт хуудас тараахыг нь хүлээдэг. Гурил, будаа авах гэдэг сэтгэлгээтэй хүмүүс  тийм ч их цөөрөөгүй байна. Халамжлуулах сэтгэлгээнээс бид салаагүй байна. Мэдээж, халамж хүртэх ёстой хүмүүсийг энд яриагүй. Харин ажил хийх боломжтой, эрүүл саруул залуучууд халамжлуулах сэтгэлгээг өөрөө өөртөө суулгаж байна. Халамж хүмүүсийг ажил хийх дур сонирхолгүй болгодог юм байна. Залуучуудын ажил хийх сэтгэлгээг хумьдаг юм билээ. Тийм жишээ олон байна. Тухайлбал, олон малтай малчин хүн хонио хяргуулах гээд сумын төвөөс ажиллах хүн хайгаад олдоггүй гэж байгаа. Тэгсэн мөртлөө сумаар дүүрэн ажилгүй нөхөд байна гээд байдаг. Залуучууд хүний өгсөн цалин хөлсийг голдог. Эсвэл хонь хяргаж доошоо орохгүй ч гэж боддог байж болох. Ийм давилуун, цамаан зан манайханд байдаг. Бид энэ сэтгэлгээнээсээ  салахад бэлэн байж чадаж байна уу гэдэг асуулт зайлшгүй гарч ирж байгаа юм. Хаана ч, юу ч хийсэн боломж байна. Дээрээс нь бид асар их мэдээллийн дунд амьдарч байна. Тэр дундаа нэг талыг барьсан, буруу мэдээлэлд хэт автаад, түүндээ итгээд, үзэл бодол, харах өнцөг нь ч гэсэн харлаад байна. Ийм цаг үед иргэд үнэн, худал мэдээллийг ялгаж салгаад, дүн шинжилгээ хийж чадахгүй шахуу л байгаа. Өнөөдөр бид засаглалын, төсөв мөнгөний бодлогын, хуулийн засаглалын хувьд асуудалтай байна. Сэтгэлгээний хувьд ч гэсэн асуудал байна гэдгийг би энд байгаагаар нь л хэлэхийг хүссэн юм” хэмээн илтгэлээ.  

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна