Алан хядагчдыг хэрхэн устгаж байв?

2015 оны 11 сарын 23

Тусгай албаныхан эмнэлгийн өмнө, Буденновск, 1995 он

Фото: ЮрийТутов/ РИАНовости

 

Машинтай нь дэлбэлэх, хүнсэнд нь хор хийх, утасны чагнуур дахь бөмбөг гээд дэлхийн тусгай албаныхны арга их. Оросын Airbus A321 онгоцыг дэлбэлсэн хэрэгт холбоотой бүгдийг дэлхийн хаана ч байсан олж устгахаа Владимир Путин амалсан. Алан хядагчид хэзээд цээрлэлээ хүртэж байсныг дараах баримтууд нотолно.

 

Хүнсээр хордуулах

 

1990 онд есдүгээр Оросын Буйнакск, Москва,Волгодонск хотуудад орон сууцын барилгуудыг дэлбэлсэн хэргийг санхүүжүүлж, зохион байгуулсан хэргийн хариуцлагыг аль-Хаттаб буюу “Хар араб” гэх Саудын Арабын уугуул Салехас-Сувейлем хүлээсэн. “Хар араб”-ыг Чеченьд ирснээс хойш есөн жилийн дараа устгасан.

 

Чеченийн Веденск, Ножай-Юртовск дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Хаттабын отрядыг 2001 оны  сүүлч, 2002 оны эхээр бут ниргэсэн юм. Тэр үеэр түүний хэд хэдэн орлогч алагджээ

 

2002 оны дөрөвдүгээр сард “Хар араб” өөрөө үхсэн гэх мэдээлэл тарсан. Үхлийн шалтгааныг нь тодорхой мэдээлээгүй ч Оросын тусгай албаныхан түүнийг хордуулсан нь үнэн юм.

 

Хэд хэдэн хувилбар бий. Түүний нэг нь Холбооны аюулгүйн алба /ХАА/ Саудын Арабаас Хаттабад ирүүлсэн захидлыг замаас нь олзолж, хаягаар нь хүргүүлжээ. Гэхдээ өөрийн талд элсүүлж чадсан элч төлөөлөгч Ибрагим нууц нэртэй Магомедали Магомедов гэдэг дагестанаар хүргүүлсэн гэдэг. Ямар хороор хордуулсан тухай мэдээлэл байдаггүй. Маш хүчтэй хор байсан учир Хаттабаас гадна захидалд гар хүрсэн хүн бүр хордон үхсэн гэдэг. Өөр нэг хувилбар нь Хаттабын хувийн тогооч Ибрагим Алаури гэдэг дагестаныг тагнуулчид өөрийн талд татан ашигласан гэх. Тогоочийг сэжигт автуулахгүйн тулд хорыг хоолонд нь шууд холилгүй дагавар бүтээгдэхүүнд нь хольжээ. Учир нь тэрээр хордох вий гэж их айдаг байсан гэнэ. Ямар ч байсан “хар араб” 2002 оны дөрөвдүгээр сарын 19-нд нас барсан гэж Чеченийн дайчдын Kavkaz.org ба Chechenpress.com сайтуудад мэдээлсэн юм. Дөрөвдүгээр сарын 25-нд ХАА тэр мэдээллийг албан ёсоор баталжээ.

 

Дэлбэлэх

 

Чеченийн салан тусгаарлагчдын лидер аслан Масхадов 2002 онд Дубровкийн Театрын төвийг эзэлж халдлагын улмаас 130 хүн амиа алдсан. Мөн 120 гаруй цэргийн албан хаагчид суж явсан цэргийн тээврийн Ми-26  нисдэг тэргийг сөнөөсөн хэргийг Аслан Масхадов хүлээсэн.

 

Масхадовыг таван жилийн дараа устгасан юм.

 

Аслан Масхадов Грозный хотод

Фото: ИгорьМихалев / РИАНовости

 

Оросын тусгай албаныхан 2005 оны гуравдугаар сарын 8-нд Толстой-Юрт тосгонд дээрэмчдийн толгойлогч байгааг  мэджээ. Масхадов хамсаатнуудынхаа хамт  2004 онд Грозный хотын цэнгэлдэхэд Чеченийн ерөнхийлөгч Ахмат Кадыров, тус улсын төрийн зөвлөлийн дарга Хусейн Исаев нарыг хөнөөсөн шиг алан хядах том ажиллагаа хийхээр бэлтгэж байжээ. Масхадовыг холын хамаатных нь байрны зооринд бүслэн дэлбэлсэн юм.

 

Бөөм болтол нь задлан саармагжуулах

 

1995 оны зургадугаар сард Чеченийн дайчдын Ставрополийн хязгаарын Буденновск  хотод гарсан аллагыг Шамиль Басаев зохион байгуулсан. Энэ үеэр  эмнэлэгт 130 энгийн иргэн амиа алдсан юм. Мөн тэрээр 2002 оны аравдугаар сард “Норд-Ост” театрыг барьцаалсан хэрэг, 2004 онд Бесланы сургууль руу халдсан, 2004 онд Грозный хотын цэнгэлдэхэд Чеченийн ерөнхийлөгч Ахмат Кадыров, тус улсын төрийн зөвлөлийн дарга Хусейн Исаев нарыг хөнөөсөн хэрэг зэргийн хариуцлагыг өөрөө хүлээсэн билээ.

 

Шамиль Басаевыг Буденновскт хүмүүсийг барьцаалснаас хойш 11 жилийн дараа устгасан.

 

Шамиль Басаев

Фото: Игорь Михалев / РИАНовости

 

Ингушетийн Назрановскийн дүүрэгт Холбооны Аюулгүйн алба, Гадаад тагнуулын алба, Тагнуулын төв газар, Дотоод хэргийн яамны хамтран явуулсан ажиллагааны үр дүнд Басаевыг 2006 оны долдугаар сарын 10-ны шөнө хөнөөжээ. Ингушетийн ДХЯ-ны байрыг дэлбэлэхээр зэвсэг, бөмбөг ачиж явсан “КамАЗ” машинд нь Оросын  тусгай албаныхан тэсрэх бодис тавиад шөнийн хоёр цагийн үед Экажево суурины захад дэлбэлжээ. Шинжилгээгээр дэлбэлсэн цэнэг түүнээс үүссэн дэлбэрэлт зэргийн хүчин чадал нь зуун кг хүртэл тротилийн хэмжээнийх байжээ. Басаевыг цогцсыг  энэ галт дэлбэрэлтийн дараа хагас жил өнгөрч байхад бөөм, генийн шинжилгээгээр тогтоосон юм.

 

Катар дахь айдас ба үзэн ядалт

 

Хээрийн отрядын дарга Зелимхан Яндарбиев 2003 онд Катарт гаран Чеченийн салан тусгаарлагчдыг гадаадын “Аль-Каида”, “Талибан” хөдөлгөөнтэй холбон зуучилж байв. Түүнийг Интерполоор эрэн хайж эхэлснээс хойш гурван жилийн дараа хөнөөсөн.

 

Зелимхан Яндарбиев Грозный хотноо болсон Жохар Дудаевын дурсгалын цуглаан дээр

Фото: Игорь Михалев/ РИАНовости

 

Оросын Тагнуулын төв газрын ажиллагааны явцад Катарын нийслэл Дохахотноо Яндарбиев баасан гаригийн мөргөлөөс гэртээ очих замдаа алуулсан юм. Оросын тусгай албаны тагнуулчид түүний машины дор тэсрэх төхөөрөмжийг суурилуулж чаджээ. Дэлбэрэлтийн улмаас түүний хүү 13 настай Дауд хүнд түлэгдэл авсан ба хоёр хамгаалагч нь Яндарбиевын хамт устгагджээ.

 

Яндирбиевыг устгах ажиллагааг зохион байгуулсан хэргээр Оросын ЭСЯ-ны хоёр ажилтан, шүүх хурал дээр Анатолий Белашков, Василий Богачев нарыг Катарын шүүх яллаж, тэдэнд бүх насаар нь хорих ял өгсөн. Оросын Гадаад хэргийн сайд Игорь Иванов тэднийг судалгааны ажилтай байсан гэсэн юм. Оросын ГХЯ хөөцөлдөж байж тэднийг 2004 оны сүүлчээр нутагтаа шилжүүлэн авахаар болжээ. Анатолий Белашков, Василий Богачев хоёрыг 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд Орост ирэхэд нь цэргийн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан гэж хэвлэл мэдээлж байсан билээ. Тэдний цаашдын хувь заяаны тухай мэдээлэл байхгүй.

 

Instagram дахь хөнөөлт

 

“Ичкерийн ерөнхийлөгч”, “Кавказын эмират”-ын лидер Доку Умаров 2009 онд “Невский экспресс” хурдан галт тэргийг дэлбэлсэн, 2010 оны гуравдугаар сард Москвагийн метроны дэлбэрэлт, 2011 оны нэгдүгээр сард “Домодедово” нисэх буудалд гарсан террорын хариуцлагыг хүлээсэн. АНУ түүнийг олон улсын алан хядагчдын жагсаалтад 2010 онд бүртгэн оруулжээ. Түүний эхний алан хядах ажиллагаанаас хойш дөрвөн жилийн дараа устгасан.

 

Оросын тусгай хүчнийхэн Умаровыг удаан ангуучилсан юм. 2010 онд түүнийг устгахаар оролдсон ч амжилгүй болж тэр шархаджээ. 2012 оны намар түүнд хортой хоол хүргэсэн ч азаар амь гарч чаджээ. Үүний дараа тэр удаан өвчилж, бараг тахир дутуу болсон гэдэг.

 

Оросын тусгай хүчнийхний ажиллагааны явцад Доку Умаровыг устгасан гэж Чеченийн тэргүүн Рамзан Кадыров нэгдүгээр сард мэдээлэв. Хожим тэр мэдээллийг нь “Кавказын эмират”-ын тэргүүний тушаалд Умаровыг залгамжлан гарч ирсэн Алиасхаб Кебеков баталсан. Алиасхаб Кебеков өөрөө 2015 оны дөрөвдүгээр сард Буйнакск хотын захад алагдсан юм. Чеченийн тэргүүн Рамзан Кадыров 2014 оны долдугаар сард Instagram-даа Умаровын үхсэн зургийг тавьсан байв.

 

“Бурхны хилэгнэл”

 

Палестины “Хар есдүгээр сар” гэх террорист бүлэглэлийн идэвхтэнүүд 1972 оны есдүгээр сард Мюнхены олимпийн наадмын үеэр Израилийн шигшээ багийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан юм. Тэр үеэр Израилийн таван тамирчин, дөрвөн дасгалжуулагч, хоёр шүүгч мөн нэг герман цагдаа алагдсан юм.

 

Израилийн тагнуулын алба “Моссад” 20 жилийн хугацаанд алан хядагчдыг нэг нэгээр нь хөнөөсөн бөгөөд энэ ажиллагаа нь “Бурхны хилэгнэл” нэрийн дор явагджээ.

 

Мюнхен, 1972 он

Фото: Horst Ossinger / dpa / Global Look

 

“Моссад” маш сэргэлэн ажилласан юм. Нэг үгээр “Хар есдүгээр сарын” гишүүн бүрт таарсан хариуг өгсөн. Ливийн ЭСЯ-ны ажилтан Абдель Ваиль Зуайтер (Абу Цвайтер) ба Базиль аль-Кубайши нарыг Ром, Парис хотын гудамжинд буудан хөнөөв. “Хар есдүгээр сарын”  бүлгийн хоёр дахь хүн Махмудаль-Хамшарийг устгахдаа утсанд нь тэсрэх төхөөрөмж суулгасан байв. Түүнийг  утсаа аваад чагнангуут бөмбөг дэлбэрчээ. Хуссейн Абдаль-Ширийн (аль-Башир) буудлын унтлагын өрөөнд нь бөмбөг тавьсан байв. Түүний оронд томилсон Зайяад Мухасийг харгис аргаар Афин хотын буудлын өрөөнд нь устгажээ. “Моссад”-ын ажилтнууд түүний өрөөнд найман жижиг тэсрэх төхөөрөмжийг байрлуулсан бөгөөд бөмбөгүүд дэлбэрч хязгаарлагдмал орон зайн бүх хүчилтөрөгчийг агшин зуур шатаажээ. Гэхдээ дэлбэрэх үеэр нь цэнэг нь гацсан учир тагнуулчдын нэг  хаалгыг нь эвдлэн дотор нь бас нэг бөмбөг хаяжээ. Палестины чөлөөлөх фронтын (ФАТХ) өөр гурван удирдагчийг “Залуу насны хавар” нэртэй ажиллагааг Бейрутад явуулах үеэр  устгажээ. “Хар есдүгээр сарын” ажиллагааны дарга Мохаммед Будиа Парист машиндаа дэлбэрчээ. Мюнхений олимпийн алан хядах ажиллагааг зохион байгуулагч Абу Хасан Саляме (“Улаан жонон”) гудамжинд тавьсан тэсрэх төхөөрөмжтэй машины  дэргэдүүр гарч яваад дэлбэрчээ. Энэ үер  гудамжны дөрвөн зорчигч амиа алдаж, 19 хүн шархадсан юм.

 

“Улаан жонон”-г “Моссад” ангуучилсаны хохирогчид нь зөвхөн тэд биш. Норвегийн Лиллехаммер хотод Саляметай төстэй царайтай зоогийн газрын зөөгч Ахмед Бучикийг 1973 оны долдугаар сарын 21-нд эхнэрийнх нь нүдэн дээр буудан хөнөөсөн байв. Ийм алдаа гаргасныхаа төлөө дөрвөн тагнуулч янз бүрийн хугацаатай шийтгэл авсан билээ. Израиль 1997 онд Бучикийн ар гэрт нөхвөр төлсөн ч  албан ёсоор уучлалт гуйгаагүй юм.

 

“Бурхны хилэгнэл” ажиллагааны явцад “Моссадын” жагсаалтад байсан 17 хүний 13-ыг нь устгасан ч  “Хар есдүгээр сар” бүлгийн лидер Абу Айяд Израилийн тагнуулынхнаас зугтаж чадсан юм. Түүнийг хамсаатнууд нь 1991онд хөнөөсөн билээ. Мюнхены ажиллагааг зохион байгуулагчийн нэг Абу Дауд Дамаск хотын “Андулус” эмнэлэгт 73 насандаа 2010 оны долдугаар сард нас баржээ. Тэр үед израильчууд түүнийг Газын зурваст очихыг нь хүртэл зөвшөөрсөн байлаа.

 

“Усан вангийн жад”

 

Дэлхийн номер нэг алан хядагчаар зарлагдсан Осама Бин Ладен АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн хайж байсан 10 гэмт хэрэгтний  жагсаалтад байсан хүн. Түүнийг Найроби (Кени),  Дар-эс-Салам (Танзани) дахь АНУ-ын Элчин сайдын яамдыг дэлбэлсэн хэрэгт 1998 оноос сэжиглэж байлаа. Найробид 213 хүн амь үрэгдсэний 12-13 нь америк иргэн, мөн 5000 орчим хүн шархадсан. Нью-Йоркт 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зохион байгуулсан гол хүн. Түүнийг Нью Йоркийн хэргээс хойш 13 жилийн дараа устгасан юм.

 

Осама бен Ладен

Фото: AP

 

Осамаг олох нь амаргүй байсан юм. Тэр  гар утас ашигладаггүй. Түүнийг гар утсаар нь хөөн 1998 онд Афганистан болон Суданд байсан баазуудад цохилт өгч байсныг тэр мартаагүй байв. Гар утсаа тасалсан хүнийг дэлхийгээс олно гэдэг амар ажил биш. Тиймээс америкчууд түүнийг “Аль-Каида”-тай холбож байсан хүнд хамаг анхаарлаа хандуулсан байлаа. АНУ-ын тагнуулчид 2002 онд элч шейх аль-Кувейти гэдэг хүний талаар мэдээлэл аваад түүнийг Бен Ладентай ойр байж болох хүн гэж үзсэн байна.

 

Аль-Кувейтийг 2010 он хүртэл тагнан мөрдөж байлаа. Үүний үр дүнд Пакистаны Абботтабад хотын нэгэн хачирхалтай байранд тэр тогтмол очдог байсныг тогтоов. Байшин нь шинэ бөгөөд таван метрийн өндөр хашааг өргөст төмөр утсаар гурван эгнээ болгон бүсэлсэн байв. Интернэт, утас уг байранд байсангүй. Хогийг тэндээс зөөдөггүй  хашаан дотор нь шатааж байсан гэнэ. Тагнуулын төв газар нэгэн нууц байранд бүгэж, сэжиг бүхий байрыг нисгэгчгүй онгоц ашиглан тагнаж байлаа.

 

Бен Ладены ичээнд 2011 оны тавдугаар сарын 1-ний  харанхуй шөнийг ашиглан нэвтэрсэн билээ. Түүний байрыг тусгай хүчний 79 хүн дайрсан бөгөөд тусгай хүчний цохилтын хоёр нисдэг тэргийг ашиглажээ. Довтолгооны үеэр Бен Ладенаас гадна элч аль-Кувейти, түүний дүүг нь эхнэрийн хамт устгасан байв. Бен Ладены хүү бас хөнөөгджээ. Байранд байсан Бен Ладены хоёр эхнэр мөн хүүхдүүдийг америкчууд Пакистанд шилжүүлэн өгсөн билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна