Оросын шатарчид Европийн багийн аварга болжээ

2015 оны 11 сарын 23

Оросын эрэгтэй, эмэгтэй шатарчид Европийн багийн аварга болжээ

Исланд улсын Рейкьявик хотод өчигдөр өндөрлөсөн Европийн шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд ганц ч өрөгт ялагдалгүйгээр тасархай түрүүлжээ.

Их мастер Александр Грищук, Петр Свидлер, Евгений Томашевский, Ян Непомнящий, Дмитрий Яковенко нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг 6 өрөг хожиж 3 тэнцээ хийж 18 онооноос 15 оноо авч түрүүлжээ.

Их мастер Александра Костенюк, Екатерина Лагно, Валентина Гунина, Александра Горячкина, Анастасия Боднарук нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг 8 өрөг хожиж 1 өрөг тэнцэж 18 онооноос 17 оноо авч тэргүүлж 2013 онд мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулжээ.

Оросын эрэгтэй баг Турк, Герман, Украиний багуудыг тус бүр 3:1, Испани, Гүрж, Францын багуудыг тус бүр 2,5-1,5 онооны харьцаагаар дийлж, Азербайжан, Армян, Унгарын багуудтай 2:2 онооны харьцаагаар тэнцжээ. Оросын эмэгтэй баг Грек, Армян, Итали, Франц, Герман, Унгарын багуудыг тус бүр 3:1, Гүржийн багийг 3,5-0,5, Польшийн багийг 2,5-1,5 онооны харьцаагаар хожиж, Украиний багтай 2:2 онооны харьцаагаар тэнцжээ.

Эрэгтэй багуудын төрөлд гурван баг адилхан 13 оноо авч нэмэлт үзүүлэлтээр Армяны баг хоёрдугаар, Унгарын баг гуравдугаар байранд, эмэгтэй багуудын төрөлд Украиний баг 15 оноогоор хоёрдугаар, Гүржийн баг 14 оноогоор гуравдугаар байранд оржээ.

Европийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Костенюк 4 дэх удаа, П.Свидлер, А.Грищук, В.Гунина нар 3 дахь, Д.Яковенко (2013 онд Украиний багийн бүрэлдэхүүнд түрүүлснийг оролцуулаад), Е.Лагно нар 2 дахь удаагаа алтан медаль хүртжээ.

Тэмцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр гэж Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов хэлэхдээ “Манай эрэгтэй, эмэгтэй багууд маань зэрэг түрүүлсэнд би их сэтгэл хангалуун байна. Эрэгтэй багийг Их мастер Сергей Карякин, Владимир Карякин нараар улам хүчжүүлэхэд 2016 онд Азербайжан улсын Баку хотод болох Дэлхийн шатрын олимпиадад манай баг гялалзсан ялалт байгуулах бүрэн боломж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд тивийн том тэмцээнээс ингэж түрүүлж байгаа спортын төрөл манай оронд бараг байхгүй байх. Европийн дэвжээнд манай шатарчдын байгуулсан ялалт нь ЗХУ-ын үеийн өндөр алдар нэрийг буцаан авчирч байна гэж үзэж болно.” гэжээ.

ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд Европийн багийн аварга цолыг хамтдаа 8 жилийн өмнө, 2007 онд Грек улсын арлын Ираклион хотод анх удаа хүртэж 2013 онд эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медальд хүрч байжээ. Эмэгтэй баг нь сүүлийн 5 удаагийн тэмцээнээс 4 алтан медаль авчээ.

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна