Ж.Нарантунгалаг М.Гафуровт дийлдлээ

2015 оны 11 сарын 23

Moнголын мэргэжлийн тулаанч Legend FC холбооны хөнгөн жингийн аварга, ONE холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Ж.Нарантунгалаг өнгөрсөн жил дэлхийн аварга болсноосоо хойш анхны тулаанаа өнгөрөгч бямба гаригт/11.21/ ОХУ-ын тулаанч Марат Гафуровын эсрэг хийлээ. Энэхүү тулаан БНХАУ-ын Бээжин хотноо болсон бөгөөд харамсалтай нь манай тамирчин дөрөвдүгээр үед өрсөлдөгчийнхөө боох мэхэнд орж, ухаан алдснаар тэмцээнээ ялагдлаар өндөрлөсөн юм.

Австралийн М.Нгуеныг ялж, түр аваргын бүсний эзэн болж байсан М.Гафуров 12 тулаанд оролцож ялагдал гээчийг амсаагүй байжээ. Мэргэжлийн дэвжээнд 13 тулаан хийж, 10 ялсан Ж.Нарантунгалаг өнгөрсөн 9 сард тулалдахаар тов гарсан ч визний асуудлаас болж, оролцож чадаагүй байсан юм.

“Чингисийн цавчилт”-аараа Ж.Нарантунгалаг, “Кобра” хэмээх боолтоороо М.Гафуров алдартай бөгөөд тоглолтын дөрөвдүгээр үед ялагч тодорсон. Энэ үед Гафуровын тоглолт сэргэж, манай тамирчныг дахин хэвтээ байдалд шилжүүлж, ухаан алдуулснаар ялалтыг авсан юм. Мөн энэ өдөр Гафуровын 31 насны төрсөн өдөр нь тохиосон байна. Манай тамирчин энэ жил 39 настай юм.

Мөн энэ өдөр чансаа ахулах анхны тулаанаа хийсэн Б.Бүрэнзориг ОХУ-ын Н.Алексахиний боох мэхэнд гуравдугаар үед орж дийлджээ. Түүний хувьд “One Championship”-д анх удаа тулалдсан байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна