Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 500-гаас доошгүй депутат хийх ёстой

2015 оны 11 сарын 23

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.


-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага байна. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудын орон зай хумигдаж байна. Тиймээс өөрсдийн амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яарч байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед 430 депатутын хийсэн хуулийг одоо 76 гишүүн өөрчлөж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван сая болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагалах байх гэж бодож байна.

-Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон орнууд байдаг. Тэр ч утгаараа засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс байна?

-Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “Дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт бол бас маргаан дагуулсан асуудал. Тэр асуудал руу орохгүйгээр ер нь манай Үндсэн хуулийн юу нь болохгүй байна вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Одоогоор манай засаглал тогтвортой биш, парламент өөрөө Засгийн газраа томилдог, 25 жилийн турш нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, улс төрийн намуудын талцал гээд энэ бүхэн яах аргагүй Үндсэн хуулийн системтэй холбогдоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай байхад засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо байна. Засаг тогтворгүй байгаа нь бид зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд, гаднах ертөнцөд үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бид яг энэ засаглалын хэлбэрийг ард нийтээсээ асууж болно. 76 сайн хүн дөрвөн жил төр барихаас илүү дундаж хэмжээний нэг хүн 10 жил төр барих нь илүү явцтай байж магадгүй юм. Ер нь бидэнд эзэн, хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаас өмнө долоон өөрчлөлтийн алдаатай заалтыг өөрчлөх нь дээр гэдэг байсан. Гэтэл гэнэт огт өөр өөрчлөлтүүд ороод ирсэн. Өмнөх долоон өөрчлөлт хэвээр үлдэх үү?

-Би энэ өөрчлөлтийн агуулгыг буруу гэж боддоггүй юм. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Гэхдээ зөв буруугаас үл хамаараад хуулийн процессийн алдаа маш их гарсан өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль чинь өөрөө хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбараагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу үгүй гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль чинь бүх түвшинд хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал, газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархиудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол, ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаад суух биш. Тойрогтоо ажиллах, гадуур ажиллах олон ажил байдаг учраас ирцийн хялбарчилсан хувилбар буруу гэж боддоггүй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентын зөвшилцөл хангалтгүй гэж би гэж байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглалын алийг илүүд үзэж байна вэ?

-Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь Ерөнхийлөгч байх уу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар Ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болох байх гэж бодож байна.

-Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль заалтыг дэмжиж, алийг нь дэмжихгүй байна вэ? УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүдийн тоог өргөн барих боломжгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан бэ гэвэл. Нэгдүгээрт, би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учраас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, ер нь энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэгт орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод оруулах нь зүйтэй. Харин 76 өөртөө ямар нэгэн давуу боломж олгох гээд байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөх шинэ бүрэлдэхүүнийг энэ УИХ-аар батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн нь 430 депутатаас дутуугүй байх ёстой юм.

-Таны энэ санал бүлэг дээр яригдаж байгаа юу?

-Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Гэхдээ ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй л гэж хардаг.

-Санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад орж ирсэн. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд Үндсэн хуулиас тусад нь хэлэлцэх хандлага руу яваад байх шиг. Та энэ хуулийг батлах нь зөв гэж үзэж байна уу?

-Одоо бол механик өөрчлөлтүүд байгаа юм. Тэгэхээр батлахад ямар нэг хүндрэлгүй болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулинд санал хураалтыг машинаар тоолно гэж заасан байдаг. Энэ системийг Санал асуулгын тухай хуульд оруулахгүй бол болохгүй. Энэ нь механик өөрчлөлт юм. Түүнээс агуулгын өөрчлөлт байхгүй. Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл орж ирнэ. Тогтоолын төсөл бол агуулгаарааа огт хүлээн зөвшөөрөгдөхгүй заалттай байгаа. Тогтоолын төслийн агуулгыг ард нийтээрээ хэлэлцэж байгаад оруулж ирж болно. Ямар ч байсан эдгээр асуудлууд хэлэлцүүлгийн шатанд ороод ирээсэй гэдэг байр суурьтай байна. Бид зөв буруугаа ярилцаж, нийгмийн хэлэлцүүлэг болгох ёстой.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна