Санал асуух яасан бэ?

2015 оны 11 сарын 23

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч байсан уг хуулийн төсөл болоод Ард түмний санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад алга. Ингэснээр ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд хийнэ гэж тогтоолын төсөлд тусгасан нь худлаа болов. 

Уг нь цаг, хугацааны хувьд энэхүү хуулийг яаравчлан батлах шаардлагатай. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард, иргэдээсээ асууж байж шийдвэрлэх юм. Харин үүнд “Ардын” тодотголтой МАН ихэд дургүй хандаж байна. Үе үеийн парламентаар Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн тухай ярьж, тэгэх бүрдээ Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол тогтолцооны гажуудал үүсээд буйг тайлбарлаж ирсэн ч “Энэ удаад цаг нь биш” гэх үгийг МАН-ын гишүүдийн зүгээс хэлж сууна. Ингэх нь улс орон, ард түмнээ бодсон гэхээс илүүтэй сонгуультай холбоотой гэж харагдаж байна. Хэрэвзээ санал асуулга явуулж, иргэдийн олонх өнөөгийн бүх зүйлийн буруутан болоод буй Үндсэн хуулийн тодорхой заалтуудад өөрчлөлт оруулан “анагааж” чадвал түүний гавъяа нь эрх баригчдад ирнэ гэхээс ухаан алдах шахаж суугаа.

Тиймээс ч УИХ-ын дэд дарга Л.Цог “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацааны хувьд эргэлзээтэй болсон нь үнэн” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Миний ард хэчнээн мянган сонгогчийн санал бий. Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртай болж жүжиг тавих хэрэггүй” гэхчлэн эсэргүүцээд буй. Үнэндээ тэд шууд сонгогчдын оролцоотой сонгогдсон гишүүд бус намын жагсаалтаар орж ирсэн билээ.

Өдөр бүхэн даган мөрддөг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг хөндсөн чухал асуудал. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй эсэх талаар ард түмнээсээ асуух нь хамгийн оновчтой арга гэдгийг төсөл боловсруулагчид тайлбарлаад буй.

Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хаа хаанаа зөвшөөрч байгаа ч асуудлын гол нь улс төрийн намууд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа явдал.

Тиймээс л Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталгаажуулбал энэ асуудлын хайнааг бүрэн гаргах боломжтой.

Тэгж чадаж гэмээнэ Үндсэн хуулийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт хэрэгжиж, төрийн үйл хэрэгт иргэд шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач холбогдолтой.

Харин сөрөг хүчин хийгээд эсэргүүцээд буй хүмүүсийн тайлбарлаж буй шалтаг нь иргэд мэдээлэлгүйн дээр өвөл болсон, мэдээллээр хангахад цаг хугацаа хэрэгтэй, эдийн засгийн хямралтай үед их мөнгө зарах хэрэг гарна гэх зэрэг.

Тэгвэл өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тогтолцоог ард түмнээс санал асуулга явуулж шийдвэрлүүлэх саналыг МАН гаргаж байсан бөгөөд түүнд найм орчим тэрбум төгрөг зарцуулах тухай тооцоо гарсан талаар мэдээлж байсан.

Гэтэл монголчууд ард нийтийн санал асуулгыг өмнө нь ганц удаа хийсэн бөгөөд ингэхдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх асуудлаар 1945 оны аравдугаар сарын 20-нд явуулжээ. Энэ санал асуулгыг мэдээлэл, шуудан, харилцаа хөгжөөгүй байсан тэр үед сарын дотор зохион байгуулж чадсан аж.

Харин өнөөдөр бол өөр. Цахим шуудангаас эхлээд үүрэн холбооны операторуудыг оролцуулаад санал асуулга авч болно.

Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг гэгчээр УИХ-ын гишүүд дараагийн Сонгуулийнхаа хуулийг л энэ долоо хоногт яаравчлахаар шийджээ. Гэхдээ энэ хуулийн төслүүдэд аюултай нэгэн заалт явж буй нь шинээр нэр дэвшигчдийг өөрийгөө танилцуулж, сурталчлах боломж олгохгүйгээс эхлээд хэвлэлийн эрх чөлөө, бүр олон нийтийн сүлжээг хязгаарлах аюултай заалтууд ч бий. Тиймээс л иргэдийнхээ саналыг асуухаас илүүтэй Сонгуулийнхаа хуулийг гялалзуулахаар шуударсан бололтой.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна