Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар хуралдана

2015 оны 11 сарын 23

Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт хоёр асуудал хянан, хэлэлцэхээр товлоод байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр энэ Лхагва гаригт цэц хуралдахаар товлов.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд, “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна