Эрдэмтдийн бүтээлийг судлах өдөрлөг боллоо

2015 оны 11 сарын 23

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Хууль сахиулахын их сургуулиас хууль зүйн салбарт өөрийн  хувь нэмрээ оруулж буй доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн нарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг сурталчлах, намтар түүхийг сонсогч, суралцагч, залуу судлаачдад таниулах өдөрлөгийг зохион байгууллаа.  

Тус өдөрлөгт Хууль сахиулахын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, Цагдаагийн сургуулийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа П.Баттогтох, Хилийн сургуулийн захирал, хурандаа В.Жавхланцогт болон багш, судлаач, сонсогчид оролцов.

Өдөрлөгийн арга хэмжээнд доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн нар Хууль сахиулахын их сургуулийн багш сонсогчдод эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцон ажил, амьдралын гэгээхэн дурсамжаасаа хуваалцлаа.

Энэ үеэр доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв 1993 онд анх батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл, боловсруулах үйл явцын холбогдолтой түүхэн баримт бичиг, төсөл, саналын эх материал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн тэмдэглэл зэргийг ХСИС-ийн номын санд хүлээлгэн өгөхөөр болсон.

Ийнхүү хууль зүйн салбарын албан хаагчдыг бэлтгэдэг эрдмийн их уурхай болсон Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн багш, сонсогч, суралцагсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан их сургуулийнхаа бахархал болсон доктор, профессор, гавьяат багш Со.Бадарчи, доктор, профессор, хошууч генерал П.Даш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай нартай уулзалт өдөрлөгийг зохион байгуулж, сургаал үгсийг сонсч, туршлага мэдлэгээс нь хуваалцаж байна.   

Ж.Долгорсүрэнгийн эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэхь ням гарагт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төв, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхим хамтран профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, хууль зүйн салбарт өөрийн  хувь нэмрээ оруулж буй доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэнгийн намтар түүхийг танилцуулах өдөрлөгийг 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, Их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд, Цагдаа судлалын магистрантууд, “Цагдаа судлал” клубын гишүүд, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлийн дөрөвдүгээр дамжааны сонсогчид оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээг нээж Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатар үг хэлсэн юм.

Мөн доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн өөрийн эрдэм  судлалын чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийж, багш, сонсогчдод эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн бичих, бүтээлийн сэдэв сонгох талаар туршлагаасаа хуваалцаж, Их сургуулийн эрдэмтэн багш, сонсогчдын эрдэм судлалын ажилд амжилт хүслээ. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр хууль сахиулах салбарт өөрийн гавьяа зүтгэлээрээ нэрд гарч, хууль зүйн шинжлэх ухаанд зохих хувь нэмрээ оруулсан доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын хуулийн төсөл, хэлэлцүүлгийн материалыг Хууль сахиулахын их сургуулийн архивт хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр тэрбээр Цагдаагийн байгууллагын хуулийг цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээр нарийн хэлэлцүүлэн 1269 саналыг авч, тус хуулийн төсөл дээр  хоёр жил гаруй ажилласан. Мөн Хууль зүйн байнгын хороогоор хоёр удаа, УИХ-ын чуулганаар хоёр удаа хэлэлцүүлсэн протоколийг дуу хураагуураас буулгаж 400 гаруй хуудас болсныг эмхэтгэсэн талаараа дурдаж байв. Тус өдөрлөгийн арга хэмжээг хааж Их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт үг хэлж, хууль сахиулах салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн нарт дурсгалын зүйл гардуулж, Их сургуулийн эрдэмтэн багш, суралцагсдын өмнөөс  эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж талархлал илэрхийллээ.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна