Чойжин ламын сүм музейн &#34Зуу&#34 сүмийг засварлана

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Чойжин ламын сүм музейн &#34Зуу&#34 сүмийг засварлана

111 жилийн түүхтэй Монголын эртний соёлын өвийг өөртөө шингээн хадгалж буй Чойжин ламын сүм музейг арчлан тордож, засварлах болсоныг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Нэг сайхан мэдээ байгаа нь энэ оны улсын төсвөөс 50 сая төгрөг гарган сүмийн зарим хэсгийг засварлах гэж байна. Чойжин ламын сүм музей таван сүмээс бүрддэг. Эдгээрээс Зуу бурхан болон түүний хоёр шавийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт заларсан цаасан шуумлууд хоймор нь байрладаг "Зуу" сүмийн дээврээс дусаал гоожиж, үзмэрүүдийг гэмтээх, устгах аюул нүүрлээд байгаа юм. Тиймээс эхний ээлжинд “Зуу” сүмийг засварлах юм. Засварын ажлын гүйцэтгэгчээр "Түүх соёл" компани шалгарч, нэг сарын хугацаанд засварын ажлыг хийхээр өнгөрсөн аравдугаар сард талууд хооронд  гэрээ байгуулжээ. Гэхдээ хүйтний улирал эхэлсэн шалтгаанаар ажил цагтаа эхлэлгүй хойшилсон байна.

"Зуу" сүмийг хүнтэй зүйрлэвэл дотуур цус алдалттай, эрчимт эмчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. Иймээс тус сүмийг аврах амь тариаг нэн түрүүнд хийхээр, сэргээн засварлалтын хөрөнгийг улсын төсвөөс гаргажээ. Цаана нь өдөр хоногоо хүлээсэн дөрвөн сүм байгаа. Яаралтай асуудлыг хэлэлцэж, сэргээн засварлахгүй бол Монгол Улсын соёлын хосгүй үнэт үзмэрүүдийн аюулгүй байдал алдагдаж, өнөө маргаашгүй устахад ойрхон байна. Анхнаасаа музейн зориулалтаар баригдаагүй учраас сүмийн барилгыг музейн стандартад нийцсэн үзмэрийн танхимтай болгох, Улаанбаатар хотын "А" зэрэглэлд байршдаг мөртөө төвийн дулааны нэгдсэн шугамд холбогдоогүй байгааг шийдвэрлэх зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудал энэ сүм музейд байна.

Хотын төвд байрладгаасаа болж барилгуудад газраа алдаж, хамгаалалтын бүсээ хумслуулсан ч түүхийн үнэт өвөө чадах чинээгээрээ хадгалж, хамгаалахаар тус музейн 20 ажилчин халуун, хүйтэнтэй зохицон ажиллаж буйгаа музейн захирал тайлбарлалаа. Хуулиараа эртний түүх соёлын дурсгалт газруудыг тойрсон барилга, хашаанууд 300 метрээс нэг километрийн зайтай баригдах ёстой. Гэтэл өнөөдөр Чойжин ламын сүм музей дөрвөн талдаа барилгаар хүрээлэгдсэн байна. Гэнэтийн галын аюул гарлаа гэхэд галын машин орох, гарах гарцгүй болтол нь барилгууд хүрээлжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Чойжин ламын сүм музейн гаднах нурах шахсан, тоосгон хэрмэн хашааг тухайн үеийн Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас хөрөнгө гарган шинэчилсэн байдаг. Гүйцэтгэгч хятадын компани засварын ажлыг хийхдээ эртний түүхий тоосгыг хил гарсан гэсэн шүүмжлэл тухайн үед гарч байсан ч Д.Отгонсүрэн захирал дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Хуулиараа соёлын биет өвүүдийг сэргээн засварлах ажлыг Мэргэжлийн хяналт, салбар яам, барилга захиалагчдын алба зэрэг байгууллагын хяналт дор явагддаг гэсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж