ҮСХ-г УИХ-ын харьяанд авах төсөл санаачилжээ

2015 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд авах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Энэхүү хуулийн төслөөр санал авахаар өнгөрсөн сарын 20-нд Засгийн газарт хүргүүлсэн байна.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газарт нэгтгэн, Засгийн газрын харьяанд авахаар санал оруулсан юм.

Эл асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүд Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын мэдэлд байх ёстой гэж санал гаргаж байсан ч олонхийн дэмжлэг хүлээлгүй унаж, харьяалал нь Хууль зүйн сайдын мэдэлд байхаар үлдэж байв.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэрээ Үндэсний статистикийн хороог УИХ-ын мэдэлд үлдээхээр болж, саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн ч дэгийн хуулиараа боломжгүй болсон тул өмнөх санал хэвээр үлдсэн юм.

Улмаар УИХ 2016 оны төсвийн хуулийг баталснаар шинэ оноос эхэлж Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёр нэгдэж, Хууль зүйн сайдын мэдэлд ажиллах болж буй. Тэгвэл дээрх нэр бүхий гишүүд хууль санаачилан хуучин харьяаллаар нь үлдээхийг чармайж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна