М.Энхболд Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

М.Энхболд Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.11.23/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцох урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд даргын энэ удаагийн айлчлал нь олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг шинэ хуудас нээж байна. Учир нь өнөөдөр би эрхэмсэг хатагтай Янь Зюньчи дарга Тантай хамт Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын анхдугаар хуралдааныг нээх гэж буйдаа баяртай байна. Манай хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, хамтын ажиллагааны шинэ арга, хэлбэрээр баяжин хөгжиж буйн нэг илрэл нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 10 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал нэгдэж, хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизм бүрдүүлэхээр тохирсон нь өнөөдөр бодит ажил хэрэг болж анхны уулзалтаа эхэлж байна гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжин хоёр улсын харилцааны түвшин улам дээшилж 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын болон улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй өрнөж ирснийг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглээд парламентын дээд түвшний болоод найрамдлын бүлгүүд хоорондын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйн бодит үр дүн болох Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцох гэж буйдаа сэтгэл нэн ханамжтай байгаагаа онцлов.

Олон жилийн найрамдалт харилцаатай Монгол Улс, БНХАУ-ын эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж буйг хатагтай Ян Зюньчи онцлоод цаашид хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ арга, хэлбэрээр улам баяжуулж хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Холын хамаатнаас ойрын хөрш дээр гэсэн хятад үг байдгийг эрхэмсэг хатагтай энэ үеэр иш татаад БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас даяарчлалын энэ үед хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж, арга замыг эрэлхийлж улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага бий хэмээн үздэг. Парламентын солилцоо, хамтын ажиллагаа үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж