Тэд түүхэн амжилтын эзэд

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Тэд түүхэн амжилтын эзэд

 

Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жил гадны гурван том тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулсан байгаа бөгөөд ийнхүү хамгийн сүүлийн тэмцээн Ази тивийн 14 дэх удаагийн футзалын тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнээр өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол улс түүхэндээ 2 дахь удаагаа оролцож байгааг та бүхэн мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Монголын шигшээ баг зүүн Азийн хүчирхэг орнуудтай ҮХЛИЙН ХЭСЭГ-т багтаж дөрвөн тоглолтыг ардаа үдлээ.

Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн багуудыг дахин танилцуулахад Ази тивийн футзалын тэмцээний анхны буюу 1999 оны мөнгөн медальт, хошой хүрэл медальт БНСУ, мөн тус тэмцээнд 2 ч удаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж байсан БНХАУ, 2001 оноос өнөөг хүртэл оролцож байгаа Тайвань болон ХонгКонгийн багууд оролцсон билээ. Тус зүүн Ази тивийн бүсээс ердөө хоёр орон л цааш шалгарч ирэх жил Узбекстан улсыг зорих ёстой байлаа.

Ингээд Монголын шигшээ багийн залуус МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ хэмээн нэгэн дуугаар сэрж хөгжөөн дэмжигч Монголчуудынхаа өмнө ХонгКонгийн багийг хэсгийн эхний тоглолтонд 8:3 харьцаатай илүүрхэн ялж түүхэн хожлыг байгуулсанаас гадна ямар их боломж байгаагаа харуулсан. Улмаар дараагийн тоглолтоо БНСУ-ын эсрэг хийсэн ч харамсалтай нь эхний үед гаргасан тактикийн алдаанаас болж 7:3 харьцаатай ялагдсан.

Үүний дараа БНХАУ-ын багтай учраа тааран мөн л олон аюултай довтолгоог гүйцэтгэн өөрсдөндөө боломжийг гаргасан ч аз дутаж ялагдал хүлээсэн. Гэхдээ Монголчууд бүгд харсан. Шигшээ багийн залуус гараа хумхиж, хөлөө тушуулсан мэт тоглолтыг үзүүлээгүй. Бидний хоолойг дээд цэгт нь тултал орилуулж уухайлуулсан гайхалтай тоглолтыг үзүүлсэн.

Ингээд тэмцээний сүүлийн өдөр/11.19/ хэсгийн хоёроор гарах боломжийн төлөө тоглосон ч БНСУ-ын баг Хятадын багтай тэнцсэнээр Монголын багт боломж олдсонгүй. Гэхдээ боломжгүй болсон ч хожлын төлөө, элэг нэгт Монголчуудаа баярлуулахын төлөө талбайд гарж 4:0 харьцаатай ялагдаж байсан ч гурван гоолыг оруулж Монголчуудад , Ази тивд, дэлхий нийтэд ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ гэдгээ харуулсан. Эцсийн үр дүн Тайваний багийн хожлоор төгсөж тэд БНХАУ-ын хамтаар ирэх жил тэмцээнд оролцох эрхээ авсан ч Монголчууд бид бүхэн шигшээ багаа муулах учиргүй юм. Тэд чадлаараа тоглож хэдхэн жилийн дараа өөр түвшинд гарж чадна гэдгээ харууллаа. Улс эх орныхоо төлөө спортын тамирчин хүн ямар байдгаа харуулсан ЗАЛУУСААРАА БАХАРХАЦГААЯ. Ирээдүйн их амжилтын үүдийг та бүхэн нээж чадлаа. Залуус хойч үеийн дүү нартаа итгэл найдварыг та нар төрүүллээ. БАЯРЛАЛАА БАХАРХАЖ БАЙНА.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж