Намуудын “зодоон”

2015 оны 11 сарын 24

Үндсэн хуулиа өөрчилж, төрийн тогтолцоогоо шинэчлэх санаачилга гаргасан биш эрх баригч нам Засгийн газраараа туг тахиулж мэдэх нь. Нэг хэсэг Дубайн гэрээгээр гул барьсан Засгийн газрыг огцруулах “зодоон” өрнөсөн бол одоо Үндсэн хуулийг тойроод “тулалдаж” байна.

Ердөө жилийн өмнө “Үндсэн хуулиа өөрчилье, үндэсний зөвшилцөл хийе” гэж уриалж байсан МАН байр суурь нь 180 градус эргэж “Одоо өөрчлөх цаг нь биш. Хүч түрвэл тэмцэл хийнэ шүү” гээд сүрдүүлж сууна. Ганцаараа ч тэмцэлд орохгүй, парламентад суудалгүй намуудыг “зодоон”-доо татан оролцуулна гэж байгаа. Хамгийн сүүлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, ард түмнээс  санал асуух эрхийг бүлгээрээ улдан эсэргүүцлээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчийн 40 гаруй хувийн санал авч парламентад 26 суудалтай болсон МАН ард түмэндээ зул сарын бэлэг болгож ийм л сюрприз барьж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрхийг ард түмэн шууд болон шууд бусаар барих эрх эдэлнэ хэмээн заасан байдаг. Төрийг шууд барих эрхийнх нь нэг хэлбэр санал асуулга. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр ард түмэн саналаа өгөх бүрэн эрхтэй гэсэн үг. Гэтэл энэ эрхийг эдлүүлэхийг эсэргүүцлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд хийсэн тайлбараар бол ард түмнээс санал авах хэрэггүй. Тэд нэгэнтээ сонголтоо хийгээд УИХ-ын гишүүдэд дөрвөн жилийн мандат олгочихсон учраас хэдэн мянган сонгогчийн санал халаасанд нь бий гэх. Үндсэн хуульд заасан тодорхой заалтыг ингэж мушгин гуйвуулж болох уу?.

Засагт хамтарч байгаа эвсэл нь хүртэл өнөөдөр танхимаа унагахын тулд гурван гишүүний гарын үсэг хайж хөгөө чирч яваа. Яг үнэндээ Г.Уянга гишүүний халуун намраар эхлүүлсэн гарын үсэг цуглуулах ажиллагаа одоо хэр нь 19-д хүрээгүй гэдэг бол ердөө найруулга муутай жүжиг шүү дээ. Гол нь Засгийн газрыг унагах хэмжээний 39 кноп бүрдэж өгөхгүй байгаагаас л өдийг хүргэсэн. Тиймдээ ч Дубайн гэрээгээр халхавчилсан “зодоон” ширүүсэхгүй байгаа хэрэг.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад цаг хугацааны хувьд тулгуу байж болно. Гэлээ гэхдээ ард иргэдээс саналыг нь асуух язгуур эрхийг хаах нь ардчилсан нийгэмд байж болшгүй үзэгдэл.

Ардын намынханд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл таалагдахгүй байж болох ч ард түмэн дэмжихгүй гэдгийг яаж мэдээд байна вэ? Бүгдээрээ Ванга болчихсон юм уу?

Таалагдахгүй байгаа зүйл заалт юу вэ гэхээр үнэндээ хэлбэрийн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, парламентыг 99 гишүүнтэй болгох, эцэг хуулийг эх хууль болгох заалт л Үндсэн хуулийг муухай харагдуулаад байгаа гэж буй.  Гэтэл УИХ-д 26 кноп эзэмшиж байгаа сөрөг хүчинд дээрх заалтыг одоогийнхоор нь үлдээх бүрэн эрх бий. Цаг хугацаа давчуу байгааг хэлэх үү, завсарлага аваад зүтгэхэд цаана нь гарах бүрэн боломжтой. Энэ байтугай асуудлыг шийдээд ирсэн байтлаа, одоо шальдир бульдар шалтаг тоочин, хойш чангаах нь үнэндээ МАН-ыг ухаангүй л харагдуулж буй болохоос ултай суурьтай имиж болж буухгүй л байгаа.  

Ер нь бол УИХ-ыг 99 гишүүнтэй болгох санаачилгыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гардаж ажилласан Н.Батбаяр гишүүн ч бодож олсон юм биш. Өмнөх парламентын үед асуудал судлагдаад тоо, тооцоолол нь гарчихсан. Хүн амын өсөлттэйгээ уябал 99 байтугай 120 гишүүнтэй болох шаардлагатай. Эдийн засгийн бэрхшээл, бусад боломжоо хараад 99 дээр тогтсон болохоос биш. Нөгөөтэйгүүр, өнөөдөр байнгын хороогоор хууль хэлэлцэгдэхэд унасан санал тавхан гишүүний дэмжлэгтэйгээр босоод ирэх тохиолдол зөндөө л гарсан. Энэ бол гишүүдийн тоог нэмэх шаардлагатай л харуулж байгаа хэрэг. Үүнийг туршлагатай хууль тогтоогч Ц.Нямдорж мэдэхгүй бол, өөр хэн мэдэрнэ гэж. Улс төрд үүссэн нөхцөл байдлаа аваад үзсэн ч цаг алдах нь муу л үр дагавар дагуулах болж буй. Намынхаа дээр фракц нь, төрийнхөө дээр фракц нь гарчихсан гажиг тогтолцоог засахад Үндсэн хуулийн өөрчлөлт рүү л явахаас аргагүй болсон.

Засагт хамтарч байгаа эвсэл нь хүртэл өнөөдөр танхимаа унагахын тулд гурван гишүүний гарын үсэг хайж хөгөө чирч яваа. Яг үнэндээ Г.Уянга гишүүний халуун намраар эхлүүлсэн гарын үсэг цуглуулах ажиллагаа одоо хэр нь 19-д хүрээгүй гэдэг бол ердөө найруулга муутай жүжиг шүү дээ. Гол нь Засгийн газрыг унагах хэмжээний 39 кноп бүрдэж өгөхгүй байгаагаас л өдийг хүргэсэн. Тиймдээ ч Дубайн гэрээгээр халхавчилсан “зодоон” ширүүсэхгүй байгаа хэрэг.

Улс орноо боддог юм бол Ард түмний санал асуулгын хуульдаа ч өөрчлөлт оруулъя, Үндсэн хуулиа ч өөрчилье, хууль тогтоогчид оо.

УИХ нь Засгийн газрынхаа ажлыг хийлгэдэггүй, фракц нь Ерөнхий сайдаа барьцаалсан энэ заваан тогтолцоог халахаас нааш Монгол хөгжихгүй. Муу амлах гэсэнгүй, бодит байдал үүндээ тултал хүндэрчихлээ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна