Хүүхэд бүрийн бүтээлийн ард түүх бий

2015 оны 11 сарын 24

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн сурагчдын дунд “Гар урлалын уралдаан”-ыг зарлаж, дүгнэлээ. Нийслэлийн хэмжээнд 45 хоногийн хугацаанд зарлагдсан “Монгол-БНСУ-ын нөхөрлөл” ба “Ard & Kids” гэсэн гар урлалын уралдаанд 100 гаруй сурагчдын бүтээл иржээ.

Анх удаагаа болсон энэхүү гар урлалын уралдааныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунгийн нэрэмжит болгосон бөгөөд уралдааны шалгаруулалтын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр(XI.23) Хүүхдийн Урлан бүтээн төвийн хүндэтгэл, ёслолын танхимд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын менежер М.Энхтуяа, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хүүхдийн урлан бүтээх төвийн гадаад харилцааны ажилтан П.Сэлэнгэ болон ГХЯ, БСУШЯ, ХАХХЯ-ны төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын менежер М.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Авьяаслаг сурагчдын гар урлалын бүтээлийн уралдаанд олон бүтээл ирсэн байна. Хүүхдүүд бүтээлдээ юуг дүрсэлсэн бэ?

-Монгол-БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болсон авьяаслаг сурагчдын уралдааныг Элчин сайдын яам дэмжин ажилласанд талархаж байна. Уралдааныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг маш сайн талархан хүлээн авч олон сурагчдын авьяасыг нээхэд, хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүллээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг харж байхад Солонгосын хаад ноёд, хатадыг урлаж, БНСУ-Монголын найрамдалт нөхөрлөлийг харуулсан бэлэгдлийг гаргаж байсан. Мөн Чингис хааны түүхэн гавьяаг тэдний хаантай зүйрлэх ч бүтээл байлаа. Монгол-БНСУ-ын нөхөрлөлийг хүүхдүүд бүтээлдээ тусгасан байсан. Солонгосын түүхэн киноны дүрүүдийг бүтээлдээ харуулсан байна. Эртний түүхэн уламжлалыг харуулсан гар урлалын бүтээл түлхүү байсан.

-Хүүхдүүд гар урлалын ямар төрлүүдээр оролцсон бэ? Мөн Гранпри шагналын эзний бүтээл ямар бүтээл байсан бэ?

-Уралдааны тухайд өнгөрсөн 9 сарын 20-д нийслэлийн сургуулиудад зарлагдсан. 45 хоногийн хугацаанд олон бүтээл ирлээ. Энэ удаагийн уралдааныг зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Бүтээлч хүүхдүүд баримал, сийлбэр, хүүхэлдэйн бэлэг дурсгал, сүрлэн сүлжмэл, чимэглэх урлагаар оролцсон. Мөн авто загварын бүтээлийн урлал ч энэ уралдаанд ирсэн байсан. Энэ удаагийн уралдааны Гранпри шагналын эзнээр “Найрамдал” сургуулийн 10а ангийн сурагч Э.Далай-Эрдэнэ шалгарсан. Түүний бүтээлийн нэр “Найрамдал” нэртэй байсан бөгөөд сүрлэн наамлаар гүүр хийж, хоёр орны төлөөлөл болгон хүүхэлдэйг бүтээлдээ ашигласан. Мөн Монгол, БНСУ-ын төрийн далбааг бүтээлийн төв хэсэгт тусгасан урлал байсан. Уралдаанд ирүүлсэн 100 гаруй бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвийн хүндэтгэл, ёслолын танхимд байрлуулсан байгаа. Мөн Элчин сайд У Сун хүүхдүүдэд танин мэдэхүйн чиглэлээр өөрийн цуглуулгаас бүтээлүүдийг дэлгэсэн.

-Цаашид энэхүү уралдаан уламжлан болгон явагдах уу?

-Анх удаа болсон “Урлаг ба хүүхэд” гэсэн гар зургийн уралдааныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит болгон зохион байгууллаа. Ирэх жилээс энэхүү уралдааныг нийслэлийн хэмжээнд биш Монгол орон даяар өргөн хэмжээгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн шагналын тухайд өндөр байсан. Гранпри шагналын эзэн 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол 1-р байр 200.000, 2-р байр 150.000, 3-р байр 100.000, тусгай байр 75.000 төгрөгийн шагналыг хүртсэн байгаа.


Гранпри шагналын эзэн Э.Далай-Эрдэнийн "Найрамдал" бүтээл.

Уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирсэнээс бага, дунд, ахлах ангилалд шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ.

Бүтээлүүдээс бага насны ангилалд 5-р сургуулийн 2г ангийн сурагч Б.Ивээл-Эрдэнэ “Туг”, дунд ангиас 16-р сургуулийн 8в ангийн сурагч Ө.Цэрэнжаргал “Маск”, ахлах насны ангилалд Чандмань сургуулийн 12а ангийн сурагч Г.Мягмармаа “Нөхөрлөл” бүтээлээрээ тус тус тэргүүн байрыг эзэлжээ. Мөн тусгай шагналыг 8 настай Солонгос үндэстэн Пэк Дамд хүртсэн байна.

Дүнг танилцуулья:

БАГА АНГИ:

1-р байр: Б.Ивээл-Эрдэнэ “Туг” (5-р сургуулийн 2г анги)
2-р байр: Лхагва-Очир “Нөхөрлөл” (5-р сургуулийн 2з)

3-р байр: Х.Тэргэл “Найзууд” (1-р сургуулийн 4в)

Тусгай байр: М.Ялгуун “Инээмсэглэл” (48-р сургуулийн 4в)

ДУНД АНГИ:

1-р байр: Ө.Цэрэнжаргал “Маск” (16-р сургуулийн 8в анги)

2-р байр: Г.Номин-Эрдэнэ “Далбаа” (“Гэгээрэл” албан бус сургалт, 7а)

3-р байр: Ж.Мөнхбаатар “Нөхөрлөл” (55-р сургуулийн 9-р анги)

Тусгай байр: Г.Тэмүүлэн “Монгол-Солонгос” хос (2-р сургуулийн 6д)

АХЛАХ АНГИ:

1-р байр: Г.Мягмармаа “Нөхөрлөл” (Чандмань сургуулийн 12а анги)

2-р байр: М.Анударь “Солонгос бүсгүй” (50-р сургуулийн 10а анги)

3-р байр: Б.Базарсад “Бар улс” (33-р сургуулийн 10д анги)

Тусгай байр: Б.Хишигбаатар “Найрамдал” (МСҮТ-ийн 1-р курс)

Гранпри: Э.Далай-Эрдэнэ “Найрамдал” (Найрамдал сургуулийн 10а анги) бүтээлээрээ тус тус шалгарлаа.

Мөн Солонгос үндэстэн 8 настай ПэкДам тусгай шагнал хүртлээ.


 

ЦААШИД ОЛОН АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун.

Би Монгол Улсад ирээд Элчин сайдаар ажиллаад долоо сар болж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас өнөөдрийн энэхүү арга хэмжээ хамгийн сонирхолтой, сэтгэлд минь үлдэж байна. Ялангуяа Солонгосын түүх соёлын талаарх сургалтыг явуулж, хүүхэд багачуудад мэдлэг олгосон багш нарт талархаж байгааг минь хүлээн авна уу. Мөн Солонгосын түүх, соёлыг харуулсан бүтээлүүдийг ирүүлсэн авьяаслаг хүүхдүүдэд талархаж байна. Уралдааныг хамтран зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн Урлан бүтээх төвийн хамт олон болон нийт гар бие оролцсон та бүхэнд баярласанаа илэрхийлж байна. Монгол-БНСУ онцгой харилцаатай юм. Монгол Улсаас БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүн 300 мянганд хүрч байна. Одоогоор БНСУ-д амьдарч байгаа иргэдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд их, дээд сургууль ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа суралцагчдын тоо 1000 гаруйд хүрсэн. Тэгвэл Монгол Улсад амьдарч байгаа Солонгос иргэд 3000 орчим байна. Энэ мэт иргэд хоорондын харилцаа хоёр орны харилцаанд ихээхэн нөлөөлөх юм. Түүнээс илүү бидний хамгийн чухал нь хүүхэд багачууд билээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад Солонгосын талаарх мэдлэгийг олгосон Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нартаа дахин талархаж байна. Ирэх онд үүнээс илүү олон арга хэмжээг зохион байгуулахын төлөө манай Элчин сайдын яам болон Урлан бүтээх төвийн хамт олон хамтран ажиллах болно. Та бүхэнд баярлалаа.” гэсэн юм.

 

ХҮҮХЭД БҮРИЙН БҮТЭЭЛ АРД ТҮҮХ БИЙ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн мэндийг хүргэж байна. Энэ ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлын нэг бол Солонгос орны тухай уран бүтээлээ туурвисан Монголын авьяаслаг хүүхдүүд, тэдний багш, эцэг эхэд таларха байна. Анх удаа болж буй энэ уралдаанд 100 бүтээл ирсэн бол ирэх жилүүдэд үүнээс олон бүр цаашлаад 1000-аад бүтээлээс шилдэг бүтээлийг шалгаруулах үе ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Мөн энэхүү уралдааныг санаачилсан Урлан бүтээх төвийн гадаад харилцааны ажилтан П.Сэлэнгээ болон санаачлагыг дэмжин ивээн тэтгэгчээр ажилласан БНСУ-ын Элчин сайдын яамны хамт олон, Элчин сайд У Сун таньд талархаж байна. Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийн ард түүх бий. Энэ уралдаан улам өргөжөөд олныг хамрах тусам Монгол-Солонгос хоёр орны хоорондох бие биенээ таньж мэдэх ойлголт өргөжин тэлэх юм. Монголын ирээдүй болсон хүүхдүүд, Солонгосын ирээдүй болсон хүүхдүүд хоёр орны тухай ойлголтоо улам өргөн мэдлэгтэй болохын хүсэн ерөөж байна.

 

АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТ ГАРГАЛАА

Баган ангийн сурагчдын дунд болсон уралдаанд III байр эзэлсэн 1-р сургуулийн 4в ангийн сурагч Х.Тэргэлийн сэтгэгдлийг сонслоо.

-“Найзууд” бүтээлээрээ шилдэгт багтаж чадсан байна. Энэ бүтээлийг хийх санаа яаж төрсөн бэ?

-Юуны өмнө энэхүү уралдаанд оролцож шагналт байранд орсондоо баяртай байна. Монгол-Солонгос хоёр орны тухай байсан болохоор би оролцохыг хүссэн. Надад анх найзууд гэдэг санаа төрсөн. Манай багшийг Д.Нямгэрэл гэдэг. Тэгээд багштайгаа зөвлөж байгаад энэ бүтээлийг 4 хоногт багтааж хийсэн.

-Өөрийн чинь бүтээл шилдэгт багтсаныг хэзээ мэдсэн бэ? Урьд нь ийм уралдаанд оролцож байсан уу?

-Маш олон хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн байсан. Би гэхдээ өөрийгөө гуравдугаар байранд орно гэж бодоогүй. Бүх оролцсон хүүхдүүдийн бүтээлийг үзэсгэлэн болгож гаргасан байна. Олон сайн бүтээлүүд байна. Миний гар урлалын бүтээлийн нэр “Найзууд”. Мөн энэ уралдааны зорилго нь “Монгол-Солонгосын нөхөрлөл” байсан. Тэгээд бүтээл маань шилдэгт багтсаныг өнөөдөр(өчигдөр) мэдсэн. Ээж маань надтай хамт шагнал гардуулах үйл ажиллагаанд ирлээ. Энэ миний анхны уралдаан. Надад их урам зориг өглөө. Бас энэ уралдаанд оролцож, олон сайхан санааг оллоо. Мөн олон авьяаслаг хүүхдүүдийн бүтээлийг хараад баяртай байна.

-Урлан бүтээх төвийн сурагч болсон гэсэн. Яагаад энд суралцах болсон бэ?

-Би энэ жил 4-р ангид суралцаж байна. Урлан бүтээх төвийн сурагч болоод жил хүрээгүй байгаа. Миний ур чадварыг хөгжүүлэх гэж аав, ээж минь энэ төвийн сургалтад хамруулсан. Гар урлал надад сонирхолтой байдаг. Долоо хоногт 1 цаг 30 миунтаар хоёр удаа хичээллэдэг. Цаашид аав, ээж, багш нарынхаа итгэлийг алдахгүй сайн суралцах болно. Уралдаанд оролцсоноор их зүйлийг хийх санаа төрдөг юм байна. Дараа улам сайн бүтээл гаргахыг хичээх болно.  

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна