Түүхэн дэх хоёр дахь том алмаз Ботсванаас олджээ

2015 оны 11 сарын 24

Фото: Lucara Diamond

 

Lucara Diamond компани сүүлийн 110 жилийн түүхэнд хамгийн том алмазыг олсноо зарлав. Нийт 1111 каратын энэ үнэт чулуу хэмжээгээрээ 1905 онд олсон 3106 каратын домогт  “Куллинанаас” л бага ажээ.


Алмазыг 11 дүгээр сарын 18-ны лхагва гаригт Ботсваны  Карове (Karowe) гэх Канадын Lucara Diamond Corporation компанийн мэдлийн уурхайгаас олжээ. Үнэт чулууны хэмжээ нь 65х65х40 мм ажээ.

 

 

Фото: Lucara Diamond

 

Үүний зэрэгцээ 11 дүгээр сарын 19-ны пүрэв гаригт тэндээс  хоёр том алмаз олдсон нь тус тус 813 ба 374 каратын жинтэй байв. 813 каратын чулуу нь орчин үеийн түүхэнд олборлогдсон зургаа дахь том алмаз боллоо.

 

Энэхүү мэдээлэл гарсны дараа Торонто хотын бирж дээр Lucara Diamond компанийн хувьцаа шууд 32 хувиар өссөн нь 2008 оноос хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болжээ. Lucara Diamond-ын ерөнхий захирал Уильям Лэмб “Надад хэлэх үг алга. Компанийн хувьд бид түүхэнд хоёр дахь болон зургаа дахь том алмазыг олсон гайхамшигтай долоо хоног байлаа” хэмээн хэлэв.

 

Компанийн төлөөлөгчийн тайлбарласнаар, 1111 каратын жинтэй алмаз нь IIа ангилалд багтаж байна. Энэ ангилалаар бол цэвэр, өнгө, тунгалаг чанараар энэ чулуу дээд зэргийн төвшнийх ажээ. Энэ жилийн долдугаар сард Lucara Diamond IIа ангиллын 341,9 каратын чулууг 20,6 сая ам.доллараар худалджээ.

 

Дэлхийн хамгийн том хэмжээний гэх алмазыг 1905 онд ӨАБНУ-аас олжээ. Түүнийг уурхайн эзэн Томас Куллинаны нэрээр нэрлэсэн юм. Уг чулууг 1908 онд хагалан есөн том, 96 жижиг очир алмаз болгон зассан байна.

 

 

"Куллинан" алмазын хуулбар ба есөн том очир алмазууд

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна