“Үйлс нь үргэлжилнэ гэдэгт итгэнэ”

2015 оны 11 сарын 24

The Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгссөнд уул уурхайн салбарын хөгжлийн төлөө зорилго нэгтэй зорьж явсан анд нөхөд, салбарын төлөөлөл бид гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Л.Болормаа бидний хувьд зөвхөн сэтгүүлч, нийтлэлч төдий байсангүй. Тэрээр бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, цаг үе, хэтийн төлвийг өгүүлсэн сурвалжлага, нийтлэлүүд, асуудал дэвшүүлж, баримтад тулгуурласан хурц, тод бүтээлүүдээрээ уул уурхайн салбарыг сэрээн сэнхрүүлэгч, хөгжилд чиглүүлэгч, үнэн бодит мэдээллээр хангагч баттай эх сурвалж байлаа. Түүний үүсгэн байгуулж, эрхлэн гаргаж ирсэн The Mongolian Mining Journal сэтгүүл дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн мэргэжилтнүүдийн гарын авлага, чиг баримжаа, үнэ цэнэтэй эх сурвалж болж, Монголын уул уурхай, эдийн засаг,  нийгмийн бодит байдал, өсөлт хөгжлийг дэлхийд сурталчлан таниулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн. Дан ганц сэтгүүлчийн хувьд бус уул уурхай, эдийн засгийг танин мэдэгч, судлан шинжлэгч, нийгмийн зүтгэлтний хувиар санаачилж, зохион байгуулж, уриалан дуудаж байсан бүхий л ажил үйлсээрээ тэр энэ салбарт өөрийн гэх уудам орон зайг үлдээсэн билээ. Ёс зүйг өндөр түвшинд баримталж, тэнцвэртэй, хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн тод төлөөлөл болон гялалзсанаараа тэр зөвхөн уул уурхайн салбар төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжилд өгүүлж баршгүй их хувь нэмрийг оруулсан юм.

Уул уурхайн салбарт тэрээр шударга үнэний толь, цагийг заагч луужин, хөгжилд хөтлөгч түүчээ, мэдээллийн маргашгүй эх сурвалж байсан бөгөөд эрүүл, саруул нийгмийг цогцлоож, эдийн засгийн бодитой хөгжилд далласан их үйлсийнх нь гэгээн зам тасрахгүй гэдэгт гүнээ итгэнэ. Салбарт хүчин зүтгэж буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ойр дотныхон, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Цуцашгүй их хөдөлмөр, мятаршгүй тууштай тэмцлээрээ энэ цаг үеийн баатар, үнэний гэрэлт цамхаг байсан Та минь эх орныхоо хөрс шороонд амгалан нойрсч, энх мөнхийнхөө оронд тухлан саат даа. Ум сайн амгалан болтугай.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mонгол Нүүрс Ассоциаци

Mонголын Геологийн Холбоо

Mонголын Маркшейдерийн Холбоо

Mонголын Өрөмдлөгийн Холбоо

Монголын Уул Уурхайн Клуб

Энержи Ресурс ХХК

Монголын Алт (МАК) ХХК

МЕРА ХХК

Элгэн ХХК

Гложекс ХХК

MINING.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна