Монголчууд хүүхдэдээ өгсөн сонирхолтой нэрс

2015 оны 11 сарын 24

Монголчууд хүүхдэдээ нэр өгөхдөө насан туршид нь дуудах нэр алдар хэмээн ач холбогдол өгч, ёс уламжлалтайгаар сонгодог ард түмэн. Тухайн хүүхдийн төрсөн жил, сар, гариг, цагийн сайныг харж, түүнд аз жаргал эрүүл энхийг билэгдэж өгдөг билээ.

Тэгвэл улсын бүртгэлийн санд хадгалаатай байдаг монголчуудын нэртэй холбоотой сонирхолтой баримтуудаас дэлгэж байна. Энэ мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамгийн сүүлийн хувилбараар буюу 2015 оны 10 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэнээр танд хүргэж байгаа юм.

Эндээс харахад, Монголчууд тодорхой он, нийгэм, цаг үеэр хувьсаж хүүхдэдээ нийтлэг хэдэн нэрийг өгдөг байна.

Жишээ нь:

1940 онд

Долгор, Долгорсүрэн, Дуламсүрэн, Лхагвасүрэн, Ичинхорлоо, Бямбаа, Баатар, Лхамсүрэн, Даваа зэрэг нэрийг хүүхдэдээ нийтлэг өгдөг байжээ. Харин 1970 онд энэ нь арай өөрчлөгдсөн байна.

1970 онд

Болормаа, Отгонбаяр, Батбаяр, Мөнхбат, Оюунчимэг, Гантулга, Батсайхан, Ганболд, Нэргүй, Бат-Эрдэнэ зэрэг нэрийг өгдөг болжээ. Тэгвэл 2000 оноос хойш монголчууд хүүхдэдээ голчлон нэг үетэй нэрийг сонгодог болсон байна.

2000 оноос хойш

Энхжин, Билгүүн, Хулан, Тэмүүлэн, Анужин, Төгөлдөр, Өсөхбаяр, Номин-Эрдэнэ, Хонгорзул

Монголчууд хүүхдэдээ бүр онцгой, содон нэрсийг ч эрт үеэс өгсөөр иржээ. Жишээ нь: Магазин, Бяслаг, Жижигзургаа, Бамбарууш, Ноймор, Чихэр, Өтгөс, Үсрээ, Мал, Ботго, Галтогоо, Ямаа, Хурга, Тугал, Гөлчгий, Бүдүүн, Пропуск, Итгэмжлэх, Чашка, Буга зэрэг нэрсийг өгчээ.

Бас нэгэн сонирхолтой баримт нь тухайн жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болсон хүний нэрийг хүмүүс хүүхдэдээ ихээр өгөх болжээ. Тэд үр, хүүхдээ төрийн өндөрлөгүүд шиг мундаг хүн болохыг бэлгэдэж ингэж нэрлэх нь олонтоо байдаг.

Жишээ нь Ерөнхийлөгч Элбэгдоржтой ижил нэртэй 264 хүн байна.

  • Элбэгдорж - 264
  • Энхболд - 5673
  • Алтанхуяг - 3533
  • Сайханбилэг - 790 хүн байдаг аж.

Монголчуудын нэртэй холбоотой сонирхолтой баримтыг удахгүй дүрстэй мэдээгээр хүргэх болно.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна