Дэлхий хэнийх вэ?

2015 оны 11 сарын 24

Бага насандээ эргэж очъё. Бидний бараг бүгдийн “тоо ёсоор” нь цээжилсэн тоотой хэдэн шүлгийн нэг нь Д.Пүрэвдорж агсаны “Эх нутгаа саналаа” шүлэг байх. “Гэрээсээ гараад, сум орлоо. Гэрээ би саналаа...” гэж эхлээд “Эндээс хилээ алхаад, эх орноо бүтнээр нь саналаа” хэмээн дуусах хүртэл нь дуржигнуулдаг байсан шүү дээ. Харин үүнээс нэг цаашилж, ургуулбал, сансарт хэрэв нисвэл хэний ялгаагүй эх дэлхийгээ бас бүхлээр нь санах нь лавтай гэж бодож байна. Ингэхэд дэлхий ер нь хэний нутаг юм бэ?

Хаа газар хүнтэй танилцаад бид “Та хаанахын хүн бэ” гэж ёс юм шиг асуудаг. Энэ асуултын хариуд заримдаа зүгээр л Ази гэх, эсвэл цаашлаад Монгол, тэр дотроо Улаанбаатар, тэгээд Сүхбаатар дүүрэг, яван явсаар 40 мянгатынх ч хэмээн задлаад “нутагархаж” ч мэднэ. Минийх гэж өмчлөх газар, оронтой байх сайхан хэрэг. Минийх гэсэн бүхэндээ хайраа харамгүй өгдөг нь хүн хүнээс л гарах зан. Тэгвэл хэзээ нэгэн цагт, хэрэв бид харь гаригийнхантай уулзлаа гэж ургуулан бодвол өөрийгөө хаанахынх гэж танилцуулах бол? Мэдээж, дэлхийн иргэн л гэнэ. Сансрын уудмаас харвал бөөрөнхий цэнхэр гариг дээр бужигнасан хүмүүс л харагдах болохоор шүү дээ.

Зуун хүнтэй тосгон

“Тал тал тийшээ үсчсэн олон их наяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг” хэмээх Бертран Рассель “Бараг бүх юмны тухай товч түүх” (“A short history of nearly everything”) номынхоо өмнөтгөлд бичсэн нь цаг хугацааны эхлэлд, бид нэгэн цул байсан тэр үед аваачдаг. Дэлхий хэрвээ зуун хүнтэй тосгон байсан бол 50 нь эрэгтэй, 50 нь эмэгтэй, тэдний 26 нь хүүхэд, 74 нь насанд хүрсэн хүмүүс, 8 нь ахмад настан байх болно гэдэг. Энэ баримтууд намайг дэлхийг, тэгээд бусдыг хол хөндий, хамаагүй юм гэж бодохоос заагладаг. “Эх орон”, “эх дэлхий” гэсэн холбоо үгс нэг юм шиг сонсогддог. Юмс хуваагдах тусмаа төдий чинээ хайрцаглагдаж, тэгэх бүрийдээ талцал, үл ойлголцол цааш давхар үржиж явдаг гэж би боддог. Гэтэл дэлхийг ердөө зуун хүнтэй тосгон гээд бодчихвол хэчнээн ойр сонсогдож байна гээч.

Нэгжээс бүхэл рүү биднийг юу ойртуулдаг вэ? Хамгийн хүчтэй гэвч, хамгийн энгийн зүйл бол УРЛАГ. Олон зууны турш урлаг, түүний доторх зүйл, анги, эд, эс, салаа мөчир бүр дэлхийн хүмүүсийг хооронд нь, хил хязгааргүйгээр ойлголцуулж, нэгдүүлэх үүргийг гүйцэтгэсээр яваагийн баталгааг бид өдөр тутмын амьдралынхаа хаанаас олж харж болмоор. Бөөрөнхий дэлхий дотроо таван тив, тэгээд 200 гаруй улс, хэдэн мянган хот, тосгон болж хуваагдаж, үнэт зүйлс, амьдралын хэв маяг, оршин буй газраараа талцдаг биднийг урлаг л гагц хил хязгаагүйгээр ойлголцуулж, ойртуулж дөнгөдөг. “Macarena”, “Gangnam style”, хэлийг нь тэр бүр мэдэхгүй ч дэлхийн бүх хүний анхаарлыг татаж, баяр баяслыг төрүүлсэн дуунууд, эсвэл “Титаник”, “Долоон самурай”, энэ дэх түүх, үнэт зүйл, соёлын ялгаа улс, үндэстэн бүрт өөр боловч дэлгэцийн өмнө уяж, “Мона Лиза”, “Хашгираан”, харсан хэн ч хил зааггүйгээр нь гоо зүйн таашаал авч болно.

Урлаг бидэнд бие биенээ хил хязгааргүйгээр, хүн гэдэг утгаар нь ойлгох, улмаар хүндэтгэхэд тусладаг. Нэг нийгэм байтугай нэг гэр бүлийн доторх хүмүүс хоорондоо адилсал болон ялгаатай зан суртахуунтай шүү дээ. Гэсэн ч бид бие биенээ ойлгож, харилцахад соёл урлагийн гүйцэтгэх үүрэг их. “Соёл хоорондын харилцаа нь соёлуудын ялгааг холбогч гүүр болон оршдог бөгөөд соёлын олон хэлбэр, төрөл зүйл өөр хоорондоо харилцаанд орохдоо бие биесийг харилцан баяжуулж, тэтгэн дэмждэг чухал үүргийг нээн илрүүлдэг” хэмээн Юнескогоос гаргасан “Соёлын төрөл зүйл ба соёл хоорондын харилцаа” номонд бичсэн байдаг. Дэлхий нийт хоорондоо шашин, улс төр, эрх мэдлээс болж одоо ч арсан тэмцэлдсээр байгаа. Харин үүний эсрэг урлаг “зөөлөн хүч” болж, “тэмцэж” буйн жишээ бишгүй. Урлаг хүн төрөлхтнийг хуваан, тэмцэлдүүлдэггүй, тийм жишээ дэлхийн түүхэнд үгүй.

Урлагийн ойртуулагч хүчинд сүүлийн үед нийгмийн сүлжээ, цахим ертөнц хань болж эхэллээ. Фэйсбүүк хэдхэн жилийн дотор “хүн ам”-ынхаа тоогоор хоёрдугаарт ортлоо өргөжиж, шашин шүтлэг, нас хүйс, газар орон харгалзахгүйгээр үзэл бодол, үнэт зүйлсээ хуваалцаж ойртоход тусалж буй. Мэдээлэл, харилцаа холбоо улам амар, улам энгийн, улам хурдан болохын хэрээр хүмүүс урьд урдаас илүү ихийг үзэж, харж, сонсож, мэдэж, мэдэрч, тэр хэрээр сум, хот, улс, тив гэсэн хайрцагнаасаа алгуурхан гарч байна. Зөвхөн өөрийн тогоон доторх үйл явдалд хутгалдаж байсан бол одоо бөмбөрцөгийн нөгөө талд байтугай гариг эрхсийн дунд юухэн хээхэн болж буйг мэдэж, дэлхий хэмээх бүхэл рүүгээ дөхөх болов.

Бүх зүйлийн эхэн рүү

Даяаршихын хэрээр дэлхий бөөрөнхий биш “хавтгай” болж байна гэх. Үүний сайн, муу талыг хүмүүс одоо ч олон талаас нь харж, хэлэлцэж, мэтгэлцэж байгаа ч зогсолтгүй өрнөх процесийг өөрчилж, зогсоож чадсангүй. Зарим хүн даяаршилийн сөрөг талыг харахдаа улс үндэстнүүдийн үнэт зүйлс үгүй болж, цөм нэг тэрэгний өрөөсөн дугуй болох нь хэмээдэг. Үүнд үнэний ор бий л дээ. Хэл, соёл мөхөж, үндэстэн ястнууд үнэт зүйлс, түүхтэйгээ хамт газрын хөрснөөр ор мөр алга болж буй жишээ өч төчнөөн бий болохоор тэр. Гэвч өөр өнцгөөс нь харвал дэлхий дээр хүн анх бүрэлдэн бий болохдоо хоорондоо ийм их ялгаатай байсан гэж үү? Хэл нэвтрэлцэж, хоорондоо ойлголцохын тулд тийм олон юм хамаардаг байсан уу?

Харин ч даяаршихийн хэрээр цаг хугацааны эхэн рүү, анх ямар байсан тэр хэв рүүгээ дөхөж байна гэж би боддог. “Төсөөлшгүй урт хугацааны хувьслын замыг туулан давж гарсан чухам тэр шугамд хамаарч байснаараа чи маш их азтай. Тэрнээс гадна өөрийн чинь дээд угшил гайхалтай тохиолдлоор өдийг хүрсэн гэдгийг санаарай. Уулс, гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3.8 тэрбум жилд эх эцгийн чинь аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эрэгцүүлж нэг бодоорой. Гинжээ таслахгүйгээр бүр нэг бүрчлэн ийм азтай зам туулсан байна. Генетик материалаа зөв хосдоо хэрэгтэй агшинд нь дамжуулахаасаа өмнө чамтай холбоотой бүх дээд угшлынхнаас хэн нь ч няц дарагдаагүй, амьтны зууш болоогүй, усанд живээгүй, өлбөрч үхээгүй, үр удмаа үлдээж чадахгүй хэмжээнд шархтаж бэртээгүй явсаар эцсийн бүтээгдэхүүн болох чи мэндэлжээ” хэмээн Бертран Рассель “Бараг бүх юмны тухай товч түүх” (“A short history of nearly everything”) номд бичсэн байдаг. Даяаршил биднийг 3.8 тэрбум жилийн өмнө нэг л зүйлээс эхэлсэн төрөлх чанар рүү дөтлүүлж байгаад гэдэгт итгэдэг.

Бөөрөнхий хүн

Нэгэн алдартай эрдэмтэн одон орны талаар оло нийтэд зориулан лекц уншиж, тэгэхдээ дэлхий нарыг, нар өөрөө манай галактикийг тойрон эргэлддэг тухай тайлбарлахад хижээл насны нэгэн эмэгтэй эрс эсэргүүцэж, “Та дэмийрэхээ боль. Дэлхий чинь аварга том яст мэлхийний нуруун дээр байгаа хавтгай таваг юм” гэсэн гэдэг. Эртэмдэн хариуд нь “Тэгвэл тэр яст мэлхий тань өөрөө юун дээр тогтдог билээ” хэмээвэл өнөөх эмэгтэй огтхон ч эргэлзэлгүйгээр “Яст мэлхий өөр нэг яст мэлхийн дээр, тэр нь бас яст мэлхийн дээр, гэх мэтээр доошилно доо” гэж хариулсан байна. Нэгэн цагт энэ тун түгээмэл, итгэж болмоор дүгнэлт байсан тухай та арван жилийн түүхийн номон дээрээс уншиж байсан нь лав.

Одоо харин цэцэрлэгийн хүүхэд ч дэлхий бөөрөнхий гэдгийг мэдэх болтлоо бид хөгжжээ. Энэ том дэвшил юм шүү. Хоосон итгэл үнэмшлээс дээрх яст мэлхий алга болон болсоор бөөрөнхий дэлхий маань “үлдсэн” шиг хүмүүсийн доторх талцал, үл ойлголцол, хуваагдлын “яст мэлхий”-г арилгавал хоорондоо үнэт зүйл, эрхэм чанарын хувьд огтхон ч ялгаагүй, нэг эхлэл, нэг түүхийг хэдэн мянган жилийн турш хамтдаан туулсан “бөөрөнхий хүн” үлдэнэ шүү дээ.

 


 

ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна