Путин Иранд айлчилжээ

2015 оны 11 сарын 24

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Тегеранд айлчилж Ираны шашины дээд удирдагч Аятолла аль-Хаменейтэй уулзлаа. ОХУ-ын төрийн тэргүүн найман жилийн дараа Иранд айлчилж байгаа нь энэ юм.

 

Владимир Путин Тегеранд айлчлахын өмнө Иранд уран экспортлохын эсрэг хоригийг цуцалсан байв. Энэ нь ОХУ Иранаас баяжуулсан уран импортлох төлөвлөгөөтэй холбоотой хэмээн Оросын “RT” сайтад мэдээлжээ. Иран нь цөмийн хөтөлбөрийн гэрээг өнгөрсөн долдугаар сард их гүрнүүдтэй байгуулснаар баяжуулсан ураныхаа 98 хувийг шингэрүүлэх эсвэл гадагш худалдах ёстой болсон аж.

 

Владимир Путин Ираны шашины дээд удирдагч Аятолла аль-Хаменейтэй 90 гаруй минут уулзаж ярилцсан аж. Уулзалтын үеэр ОХУ Иранд таван тэрбум ам.долларын экспортын зээл өгөхөөр болжээ. Тэд Иран, ОХУ-ын харилцаанаас гаднаас Сирийн асуудлыг авч хэлэлцсэн байна. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад цохилт өгч эхэлсэн билээ. Түүнчлэн ОХУ нь Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад болон босогчдын хоорондох удаан хугацааны иргэний дайныг дипломат замаар шийдвэрлэхэд туслах зорилготой байгаа юм.

 

Мөн ОХУ нь олон жил саатуулсан “S-300” пуужингийн системээ Иранд нийлүүлж эхэлснийг Тегераны хэвлэлд мэдээлжээ. ОХУ Иранд таван ширхэг “S-300” пуужингийн систем худалдах гэрээг 2007 онд байгуулагдсан боловч их гүрнүүдийн эсэргүүцэл дунд 2010 онд цуцалсан байна.

 

Владимир Путин Тегеранд Байгалийн хий экспортлогч орнуудын форумын /БХЭОФ/ дээд хэмжээний уулзалтад оролцсон аж. БХЭОФ-ын чуулга уулзалт “байгалийн хий-тогтвортой өсөлтийн шилдэг түлш” сэдвийн дор гурав дахь удаагаа зохион байгуулагджээ. Чуулганаар хамгийн гол нь шударга үнийг тогтооход нэгдсэн байр сууринд хүрч, хэрэглэгч ба нийлүүлэгчдийн хооронд эрсдэлийг тэгш хуваарилах асуудлыг хэлэлцсэн аж.

 

БХЭОФ нь ОХУ, Алжир, Боливи, Венесуэл, Египет, Иран, Катар, Ливи, Нигери, Арабын нэгдсэн Эмират, Тринадад ба Тобаго, Эквадорын Гвиней гэсэн 12 гишүүнтэй. Мөн Оман, Ирак, Казахстан, Азербайжан, Оман, Нидерланд, Норвеги орнууд ажиглагчийн статустай аж. БХЭОФ нь 2001 онд  ОХУ-ын санаачилгаар байгуулагдаж, 2008 онд олон улсын байгууллага гэсэн албан ёсны статустай болсон. Энэ байгууллагын гишүүн орнууд дэлхийн байгалийн хийн экспортын 79 хувийг хангадаг юм. Катарын Доха хотноо 2011 онд төр, засгийн тэргүүнүүдийн түвшний анхны дээд хэмжээний уулзалт нь болжээ. Хоёр дахь дээд хэмжээний уулзалт 2013 онд ОХУ-ын Москвад болсон.

 

Путин өнөөдөр  /XI.24/ Йорданы ван Абдуллатай уулзахаар Москвад буцаж ирсэн байна. Йорданы ван Абдулла ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Сири дэх агаарын цохилтын талаар хэлэлцэх аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS, AGENCE FRANCE-PRESSE, REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна