Эв нэгдэл эвдрэлцлээс үнэтэйг харуулсан айлчлал

2015 оны 11 сарын 24

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад албан ёсны айлчлал хийхээр мордох байсан хугацаанаас ганцхан өдрийн өмнө буюу 11 дүгээр сарын 13-ны баасан гаригт Парис хотод цуврал террорист халдлага болсон ч Францын тал ноот бичиг ирүүлэн айлчлалыг тасалдуулалгүй ёсоор болгох тухайгаа нотолсноор Монголын Төрийн тэргүүн тус улсыг зорьсон юм. Уг ноот бичигт “Өнгөрсөн баасан гаригт Парист үйлдэгдсэн эмгэнэлт зэвсэгт халдлагын улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Францад хийх айлчлал түр хугацаагаар хойшилсон. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба 11 дүгээр сарын 18-ны Лхагва гаригаас эхлэхээр тогтсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг төлөвлөсний дагуу хийхийг хүсч буйг тус ЭСЯ Монгол Улсын Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдэгдье. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын хоорондын харилцааны 50 жилийн ойн чухал үе болон Франц Улсад тохиолдоод буй хүнд бэрх үед ардчилсан Монгол Улсын Төрийн тэргүүн хүрэлцэн очих нь тод томруун дэмжлэг, эв нэгдлийн илэрхийлэл болох тул Бүгд Найрамдах Франц Улс онцгойлон сайшаах болно” гэсэн байв. Ерөнхийлөгчийн айлчлал албан ёсоор эхэлсэн өдрийн өглөө ч Парис хотын хойд захад орших Сэнт-Денис дүүрэгт дахин буун дуу гарсан байна. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Францад хийсэн албан ёсны айлчлал товлосон хөтөлбөрийн дагуу амжилттай хэрэгжлээ.

 

Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжсэн уг айлчлал Парист болсон террорист халдлагын дараа болсон гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ ч бас онцлог болсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн түрүүнд нүүр тулан уулзсан эрхэм бол тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авав. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше алан хядах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгож байв. Мөн энэхүү уулзалт 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзсан түүхэн уулзалт болохыг ноён Жерар Ларше онцлон тэмдэглэсэн билээ.

Хамтарсан мэдэгдэлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг болох Франц Улсыг өөрийн “гуравдагч хөрш”-өө хэмээн үзэж, харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нотоллоо. Өндөр технологи, төрөлжсөн эдийн засагтай Франц Улс нь эрчим хүч, хот байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, сансар судлал, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, харилцаа, холбоо, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарт Монгол Улсад шаардлагатай мэдлэг, чадамжийг нэвтрүүлэн нутагшуулах чадвартай түнш болохыг Монголын тал мөн нотолсон байна. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулсан юм.

Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол, Францын харилцааны түүхийн архивын баримтат өвийг Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд тусгайлан дэлгэн үзүүлснийг сонирхуулав. Бүр 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидлыг 1912 оны сүүлчээр илгээснийг Францын Засгийн газар 1913 оны эхээр Харбинд хүлээн авсан байдаг ажээ. Мөн ардын хувьсгалын эхний үеэс Францад монгол оюутан сургаж байсан зэргээс улбаалан үзвэл Монгол-Францын харилцаа эртнээс улбаатайг мэдэж болно. Энэхүү харилцаа ардчиллын жилүүдэд улам гүнзгийрэн хөгжсөн билээ.Үүнийг нотолж ноён Лоран Фабиус “Газарзүйн хувьд хол оршдог ч гэлээ, Франц, Монгол Улс зүрх сэтгэлээрээ ойр. Ардчиллыг бэхжүүлэх үйлс өрнөж буй аливаа улсын жишээг дурдах бүртээ би хамгийн түрүүнд Монгол Улсыг нэрлэдэг. Би Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд Монголыг төлөөлж буй хоёр дахь Элчин сайд гэж ойлгоорой” хэмээгээд Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Монголын өдрүүдийг Парист амжилттай зохион байгуулсныг дурдаж байлаа. Айлчлалын нэг томоохон гол үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан болон хамтарсан мэдэгдэл гаргасан явдал юм.

Хамтарсан мэдэгдэлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг болох Франц Улсыг өөрийн “гуравдагч хөрш”-өө хэмээн үзэж, харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нотоллоо. Өндөр технологи, төрөлжсөн эдийн засагтай Франц Улс нь эрчим хүч, хот байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, сансар судлал, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, харилцаа, холбоо, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарт Монгол Улсад шаардлагатай мэдлэг, чадамжийг нэвтрүүлэн нутагшуулах чадвартай түнш болохыг Монголын тал мөн нотолсон байна. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулсан юм.

Үүнд: -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр; -Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр; -Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр; -Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; -Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр; -Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар эдгээр салбаруудыг онцлон хамтын ажиллагаагаа ойрын жилүүдэд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ хоёр тал тохирсон хэмээн үзэж болох юм.

Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж ахуйн чиглэл, үүний дотор мал, амьтны ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чиглэлд талууд анхаарчээ. Үүний илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернар Валла бараалхсан явдлууд байв. Уулзалтын үеэр шүлхий, бруцеллёз зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин, тэдгээрийн тархалт, таслан сэргийлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсоноос гадна бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн асуудлаарх олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхан уламжилсан байна. Тус хурлыг 2016 оны есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулах, холбогдох бэлтгэлийг хангахаар мөн тохиролцжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Францын бизнес форум зохион байгууллаа. Түүнд Монгол Улсаас 36 компанийн 50 орчим бизнесмэн, Францын талаас жижиг, дунд үйлдвэрлэл төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохон 50 компанийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн зургаа дахь том эдийн засагтай, Европын холбоонд хамгийн нөлөө бүхий, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц улсын эдийн засаг, бизнесийн төлөөлөл Монголд орж ирж, монголчуудтай хамтран ажиллах нь маш чухал. Францаас орох хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн утгаараа биш, манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй” хэмээн тодотгож байв. Монгол, Франц улсын худалдааны нийт эргэлт 2014 оны байдлаар 62.9 сая ам.доллараар хэмжигдэж байна. Өдгөө Францын 57 компани Монголд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 1990 оноос хойш тус улсаас хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 43.4 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Ийнхүү Парист болсон алан хядлагын чимээ татраагүй, ард иргэдийнх нь айдас хүйдэс намжаагүй байхад эв нэгдэл эвдрэлцлээс үнэтэй, “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”-ийг харуулан хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Д.ОЮУНЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна