Засгийн газрын хуралдаан боллоо

2015 оны 11 сарын 24

Засгийн газрын даваа гаригийн/11.23/  ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын МIC Industries корпорациас худалдан авах “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Зээлийн эргэн төлөлтийг 2017-2019 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт даалгалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC  industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм. Хөдөлгөөнт цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна улсын болон бүс нутгийн томоохон барилга угсралтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой.

Монгол наадам цогцолборын хилийн цэсийг тогтоолоо

Үндэсний их баяр наадмын Монгол наадам цогцолборт зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1604 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12040 га, нийт 13644 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг баталлаа.

Монгол наадам цогцолборыг байгуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгалаа.

Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 380 гаруй мянга байсан бол 2014 онд нэг сая 314 мянга болж 3.4 дахин нэмэгджээ. Улсын нийт хүн амын 44 орчим хувь нь нийслэл хотод амьдарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын хүн амын 1 хувь нь наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг тооцвол үүнээс ч бага хувь нь хамрагдаж байгаа юм. Цаашид энэ байдлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах боломжгүй болж байгаа бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулан ажиллаж байна. Тус цогцолборт 2020 он хүртэл Цэнгэлдэх хүрээлэн, морь барианы болон сур харвааны асар, зочид буудал, жуулчны бааз, отог, бөх, морь, сурын их шүтээнүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчилнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчний дутагдаж буй хэрэглээг тодорхой хэмжээнд хаах, ОХУ-аас авч байгаа импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, станцын үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, 1кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртгийг 41.32 төгрөгөөр бууруулан 67.48 төгрөг болж, системийн алдагдал жилдээ 7.0 төгрөгөөр буурах ач холбогдолтой юм.

Станцын өргөтгөлийн төслийн хүрээнд 35 МВт-ын турбингенераторыг шинээр суурилуулж, хими, ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, сүлжээний групп бойлерийг ялтсан бойлероор сольж, ус хөргөх цамхаг шинээр барих, цахилгаан хангамж бусад туслах тоноглолын шинэчлэлийн ажлууд хийгдэх юм.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанитай гэрээ байгуулж, төслийг 53.8 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.

Төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Төслүүдийг Хятадын талд уламжлах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болор болон холбогдох бусад сайд, Нийслэлийн Засаг даргад даалгалаа.  

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Зээлийн ашиглагдаагүй үлдэгдлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа.

Ерөнхий хэлэлцээрийн дагуу авах 300 сая ам.долларын ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

  • Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл

  • Ухаалаг боловсрол төсөл

  • Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл

  • 10 аймгийн дулааны станц барих төсөл

  • Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

  • Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим гавын хяналтын систем байгуулах төсөл

  • Хууль сахиулах их сургуулийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

Төслүүдийг БНСУ-ын Засгийн газарт санал болгох, төслийг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн сайд М.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Доригжав, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.


Товч мэдээ:

  • Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг баталлаа.

  • Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдад Эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Нэр бүхий албан хаагчдад Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. 

  • Монгол Улсаас Сент Дюси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд олголоо.

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна