Люси гэж хэн бэ?

2015 оны 11 сарын 24

Хайлтын системийн аварга Гүүгл арваннэгдүгээр сарын 24-ны энэ өдрийг Люсиг олсон 41 жилийн ойд зориулж байна. Люси (Австралопитек) нь Этиопоос олдсон 3.2 сая жилийн тэртээх эртний эмэгтэй хүний араг ясны хэлтэрхийнүүдийн шинжлэх ухааны нэршил юм.

1973 онд Люсиг олох үед араг ясны 40 хувь хүрэхтэй үгүйтэй, ихэд сүйтгэгдсэн байсан ч эртний хүмүүсийн талаарх асар их мэдээлэл агуулж байсан билээ. Түүнээс хойш эрдэмтэд Этиопоос эртний хүмүүсийн олдворуудыг  ухаж гаргасан бөгөөд Люси антропологийн өнөөг хүртэлх олдворуудаас үнэлж баршгүй ховор нь байв. Археологийн чухал ач холбогдлыг нь үнэлж, олдворыг Битлз хамтлагийн 'Lucy in the Sky with Diamonds' дууны нэрээр Люси хэмээн нэрлэжээ. Түүхэн олдворыг олсон палеоантропологич Доналд Жонсон кэмп руугаа буцахад тэр үед хэн нэгэн нь Битлзийн дууг тоглуулж байсан тул ийн нэрлэхээр шийдсэн байна.

Эртний хүний араг ясыг судалсны үндсэн дээр эрдэмтэд Люсиг хоёр хөл дээрээ алхдаг байсныг олж тогтоосон нь хамгийн чухал нээлт байлаа. Гэвч Люсигийн үхлийн шалтгаан нь оньсого хэвээр үлдсэн юм. Эрдэмтэд хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн ч алин ч батлагдаагүй. Түүний араг ясанд гэмтэл, бэртлийн ул мөр байгаагүй нь түүнийг алаагүй бас зэрлэг амьтан бариагүйн  нотолгоо юм.

Харин аарцагны ясны дээд талд шүдний ором орсныг Люси үхэхээс өмнө эсвэл дараа нь хазуулсныг тогтоож чадаагүй байна. Люсиг анх олсон Этиопийн Аддис Абеба дахь Үндэсний музейд хадгалж байгаа ажээ. Гэвч музейн үзвэрт зөвхөн Люсигийн шавар баримлан хувилбарыг тавьсан байдаг. Люсигийн олон хувилбарыг дэлхийн өнцөг булан бүрт музейд дэлгэн үзүүлдэг. Австралопитек буюу эртний хүн орчин үеийн хүнтэй царай төрхөөр ойролцоо, хоёр хөл дээр явдаг ч намхан байсныг Люси гэрчилдэг. Люси залуугаараа нас барсан ч бие махбодийн хөгжил нь бүрэн гүйцсэн байжээ. Гэвч Люси ердөө 1.1 метр өндөртэй, дөнгөж 29 кг жинтэй байсныг эрдэмтэд тогтоосон юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна