Ерөнхий сайд хатагтай Янь Зюньциг хүлээн авч уулзлаа

2015 оны 11 сарын 24

Ерөнхий сайд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа.

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Нэг тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан талаар хэллээ.

Мөн энэ оны есдүгээр сарын 9-11-нд Далянь хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоноо Ерөнхий сайд тэмдэглээд энэ үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, Монгол Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан гэдгийг дурдлаа.

Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжиж буйд талархлаа илэрхийлж, энэ чиглэлээрх яриа хэлэлцээг идэвхтэй явуулахад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал анхааран дэмжиж ажиллахыг хүслээ.

Төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын чухал тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд Монголын талд шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй хийх шаардлага байгааг дурдаж, Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын тал идэвхтэй оролцоно гэж найдаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд төрийн дээд хэмжээний айлчлалууд чухал үүрэгтэй, айлчлалын давтамжийг хадгалах нь чухал. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүч чармайлтаар хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж буйг харахад таатай байна гэж хатагтай Янь Зюньци тэмдэглэж байлаа.

Уулзалтад УИХ-ын дад дарга М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүн Г.Батхүү, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна