Хот өмч, хувьчлалаас 46 тэрбум төгрөг олно

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Хот өмч, хувьчлалаас 46 тэрбум төгрөг олно

Эдийн засаг хямарч, улс, нийслэлийн төсөв тасалдалтай энэ үед хотын төсвийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нэг арга хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд оруулах. Энэ онд 93 тэрбум төгрөгийг хот өөрийн өмчийн барилга, объектуудыг борлуулж, олох төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ дээрх тоон төлөвлөгөө оны эцэст биелэгдээгүй байна. Иймээс 2015 оны өмч хувьчлалын жагсаалтыг ирэх он руу шилжүүлж, 2016 онд нийт 46 тэрбум төгрөгийн өртөгтэй нийслэлийн өмчит хуучин барилга байгууламжийг худалдаалахаар тооцжээ.

Өмч хувьчлалын жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, Соёлын төв өргөөний Г корпус, дүүргүүдийн хуучин найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар болсон юм. Хувьчлалд багтсан барилга байгууламжийн баланс үнэ нийт 29.1 тэрбум төгрөг гэсэн урьдчилсан тооцооллыг Н.Батаа орлогч хийжээ. Одоо дахин хувьчлагдах объектууд дээр хөндлөнгийн үнэлгээг хийж, дээрх баланс үнийг нэмэх, хасах эсэхийг шийднэ.  Дараа нь өмч хувьчлалын орлогын нэг хувь буюу 460 сая төгрөгийг нийслэлийн өмч хувьчлалын зардалд зарцуулахаар тусгагдсан байна.

Хот өмчөө зарж, мөнгө олж болно. Гэхдээ тухайн дуудлага худалдаанд орох хуучин барилга байгууламжийг авах бололцоотой хувь хүн, аж ахуйн нэгж байгаа юу гэдгийг судлах шаардлагатайг сөрөг хүчний гишүүн санууллаа. Энэ сарын 30 нд энэ оны хамгийн сүүлийн өмч, хувьчлал явагдана. Дуудлага худалдаагаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг хувьчилна. Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ 26 тэрбум 432 сая 700 мянга төгрөг, дэнчингийн хэмжээ нь хоёр тэрбум 643 сая 270 мянган төгрөг. Мөн “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхлэн нээлттэйгээр худалдана. Дэнчингийн хэмжээ нь  715 сая 500 мянган төгрөг байх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж