Ч.Өнөрбаяр: Буу, сэлэм агсаад асуудал шийддэг арга замыг хэрхэвч зөвтгөж болохгүй

2015 оны 11 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга ярилцлага авлаа.

-Өчигдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Ц.Мөнхбаяр оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх асуудлаар хандсан боловч өргөдөлд өөр агуулгатай өөр хариу өгсөн гэж хэллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Иргэн Ц.Мөнхбаярын оролцсон нэвтрүүлгийг үзсэн. Түүний монгол бичгээр бичсэн өргөдлийг нэвтрүүлгийн үеэр уншиж сонсгосон бол олон нийтэд буруу ойлголт төрөхгүй байх байсан болов уу. Түүний өргөдлийн агуулга нь хэргийг шүүх буруу шийдвэрлэлээ, хилс хэрэгт тулгаж шоронд хоригдсон мэтээр хандсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ батлан илэрхийлсэн хүнд уучлал, өршөөл үзүүлдэг зарчимтай. Шүүхийн шийдвэрийн зөв буруугийн асуудлаар хэн нэгэн албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон байдаг. Бид энэ зарчмыг баримтлаад зохих хариуг өгсөн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын телевиз гэгддэг С1-ийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Мөнхбаяр уучлал хүссэн өргөдөл өгөөгүй гэж хэлж байсан. Тэгвэл энэ өргөдлийг хэзээ өгсөн юм бэ. Түүнд татгалзсан хариу өгсөн юмуу?

-Тус нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох үеэр Ц.Мөнхбаяр уучлал үзүүлэх асуудлаар хуулийн шаардлага хангасан өргөдөл гаргаагүй байсан нь үнэн. Болсон үйл явдлын цаг хугацааны дарааллыг эргэн харвал Ерөнхийлөгч 2015 оны 03 сарын 09-ний өдөр тус нэвтрүүлэгч оролцсон байдаг. Харин Ц.Мөнхбаяр уучлал үзүүлэх асуудлаар түүнээс хойш нэг удаа өргөдөл гаргасан. Бидний хувьд уучлал хүссэн өргөдлийг хүлээн аваад холбогдох хуулийн байгууллагаас лавлагаа мэдээллийг гаргуулж авах, тэдгээр мэдээллийг нягтлан шалгах ажил хийдэг. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулдаг. Харин хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг өргөдөл гаргагчид буцаадаг журамтай. Ц.Мөнхбаярын болоод бусад хүмүүсийн өргөдлийг судлах явцад Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан. Өршөөл, уучлалыг давхардуулан хэрэглэдэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байх.

-Өчигдрийн нэвтрүүлэг гарснаар Монголын төр иргэн Ц.Мөнхбаярт арай л хатуу хандаад байгаа гэдэг ойлголтыг олон нийтэд өгч байна. Нэвтрүүлгийн үеэр тэрээр Монголын төр өршөөл үзүүлж уучлал гуйж, намайг цагаатгалаа гэх үгийг цухалзуулсан. Энэ талаар таны байр суурь ямар байна?

-Монголын төр Ц.Мөнхбаярын хийсэн үйлдлийн зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу хандаж ирсэн гэж би боддог. Шүүхээс түүнийг цагаатгаж байсан ч тохиолдол бий. Сүүлд үйлдсэн хэрэгт нь анхан шатны шүүхээс 21 жилийн ял оногдуулсан байсныг давж заалдах шатны шүүх хуульд заасан ял хөнгөрүүлж болох үндэслэлийг бүрэн ашиглан оногдуулсан 21 жилийн хорих ялыг 7 жил болгон бууруулсан. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Энэ шийдвэрийг ч олон нийт мэдэж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд өршөөл, уучлалын асуудал яригддаг. Тиймээс цагаатгах, өршөөгдөх гэдэг хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай ойлголт.

-Иргэн Ц.Мөнхбаярын асуудлаар өөр бусад иргэдээс өргөдөл ирсэн үү?

-Түүний гэр бүлийн гишүүд, зарим ТББ-аас хүсэлт ирж байсан. Тэдгээр хүсэлт өргөдөл нь хуулийн шаардлага хангаагүй тул хуульд заасны дагуу буцаасан. Ер нь монголчууд бид хүчирхийллээр бус, хуулийн арга хэрэгслээр асуудлыг шийдвэрлэх гэж Үндсэн хуульт ардчиллын замыг сонгосон гэж би хувьдаа боддог. Хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө буу, сэлэм агсаад асуудал шийддэг арга замыг хэрхэвч бид зөвтгөж болохгүй. Бидний өвөг дээдэс энхийн цагт аливаа асуудлыг хууль цааз, ёс заншлаа барьж шийддэг сайхан уламжлалтай байсан. Энэ зарчим өнгөрсөнд ч, одоо ч, цаашид ч Монгол төрд байх болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар гүтгэлгийн шинжтэй, худал мэдээллийг захиалгат нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэж байгааг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Иймэрхүү захиалгат нэвтрүүлэг, гүтгэлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг харлуулах гэсэн явуургүй бодлого. Үүний ард цөөн хэдэн хүний жижиг явцуу ашиг сонирхол бий. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын нийтлэг, том эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хүнд хэцүү шийдвэр гаргах нь бий. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чиглэсэн гүтгэлэг, дайралт ирэх нь олон байдаг. Энэ бүхнийг манай Үндсэн хууль тогтоогчид холч ухаанаар угтан харж Монгол Улсын Үндсэн хуулийн гучинзургадугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар заасан нь санамсаргүй хэрэг биш гэж би ойлгодог.

Ч.ЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна