Био комбинатыг 25 сая доллараар шинэчилнэ

2015 оны 11 сарын 24

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх мэдээллийг сонслоо.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1973 онд Био комбинат улсын үйлдвэрийг Унгар улсын Засгийн газрын техникийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулсан байна. Үүнээс хойш технологийн шинэчлэл хийгээгүй, 63.7 хувь хуучирчээ.  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дотоодын зах зээлийн 15 хувийг хангахад хүрэлцдэг.

Хэрвээ Унгар улсаас 25 сая ам.долларын хүүгүй зээл авбал үйлдвэрийнхээ 60 гаруй хувийг иж бүрэн шинэчилнэ. Үндсэнд нь дөрвөн чиглэлд ашиглахаар тооцсон. Тодруулбал, 25 сая ам.долларын 800 сая нь хүнээ сургах, бэлтгэхэд чиглэх бол үлдсэн нь барилга,  технологио шинэчлэхэд зарцуулагдана.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зээл авсан нөхцөлд дотооддоо вакциныхаа хэдэн хувийг үйлдвэрлэдэг болох. Одоо хэчнээн төрлийн вакцин үйлдвэрлэдэг. Хэдий хэмжээний борлуулалт хийдэг. Шүлхий өвчнийг эмчлэх вакцин үйлдвэрлэж чадах эсэх. Эдийн засгийн өгөөж нь яаж тусах. Эргээд зээлийг ямар байдлаар төлөх вэ” гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Био комбинат улсын үйлдвэрийн газрын захирлын тайлбараар бол тус газар нь 40-50 орчим нэр төрлийн вакцин үйлдвэрлэж дотоодынхоо зах зээлийг хангадаг. Жилийн борлуулалт 3-5 тэрбум төгрөгт эргэлддэг. Хэрвээ дотооддоо эдгээр вакциныг үйлдвэрлэдэггүй байсан бол гадагш нь 100 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гардаг. Жишээ татвал боом өвчний тун 30 төгрөгийн үнэтэй байдаг. Ийм үнэтэй боомын вакцин дэлхийн аль ч улсад байхгүй, тиймээс хамгийн хямд үнэ. Мөн сүүлийн жилүүдэд мал, амьтны өвчинд вирусын гаралтай өвчин ихэссэн. Технологийн шинэчлэл хийснээр эдгээр вирусын гаралтай өвчнийг анагаах вакцин үйлдвэрлэнэ. Технологи нь иж бүрэн автомат удирдлагад шилжинэ. Шүлхийн вакциныг хийх боломжгүй. Маш олон хэв шинжийг агуулдаг тул түүнийг устгах вакцин хийхэд асар их зүйл хийх шаардлагатай. Тиймээс импортлохоос аргагүй аж.

Харин зээлийг авч ашигласнаар эм бэлдмэлийг хадгалах хугацаа уртасна, дархлаажуулалтын нас уртасна. Вакцинжуулалтын дараа гарах хүндрэл багасах гээд эерэг зүйлүүд олон гарна гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн С.Оюун “Яагаад заавал Унгараас зээл авахаар болов. Үүнээс өөр уян хатан нөхцөлтэй зээл олдохгүй байсан юм уу. Дэлхийн банкнаас зээл авах тухай ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ” гэж тодруулав.

Холбогдох албаны хүний хариултаар Дэлхийн банкнаас зээл авах тухай асуудал хөндөгдөж байсан. Нийт авах зээлийн 30 хувь буцалтгүй тусламж бол 70 хувь нь хүүгүй зээл яригдаж байсан. Гэхдээ Унгарын Ерөнхийлөгч 25 сая ам.долларыг Монголын Био комбинат үйлдвэрийг шинэчлэхэд зориулж батламжилсан. Монгол Улс Унгартай олон жилийн харилцаатай, анх Био комбинатыг тус улсын технологиор барьж байгуулсан учраас шинэчлэхэд мөн дөхөмтэй гэж үзсэн. Дээр нь тус улс вакцин үйлдвэрлэлээрээ дэлхийд зургаад ордог. Энэ мэт давуу талыг харж Унгараас зээл авах нь зөв гэж үзжээ.

Гэхдээ тус улсаас авах 25 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2009 онд УИХ-аас баталж байсан ч дээрх олгох зээлийн 5 хувийн үнийн дүнтэй дүйцэх валютыг дансанд байршуулаагүй гэсэн үндэслэлээр тендерт шалгарсан компанийн гэрээг цуцалсан аж.

Тиймээс зээлийн хэлэлцээрийг шинэчлэн дахин батлахаас аргагүй болсон. Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс анхны зээлийн хэлэлцээрт заасан нөхцөлийг хадгалахыг зорьж буй юм байна.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Гарцаагүй хийх ёстой ажил. Барилга байгууламжтай нь иж бүрнээр нь хийх ёстой. Хэлэлцээрээ дахин шинээр байгуулах тухай ярьж буй нь манай талаас ч шалтгаалсан юм бий байх. Нэг сайд нь зүүд шиг юм ярьдаг, түүнийгээ өөрчлөх болдог. Унгарын талд бурууг ч өгөөд байх зүйлгүй. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж байгаа бол яаралтай энэ ажлыг хийх ёстой. ТЭЗҮ-д нь тодорхой мөнгө тусгах ёстой. Энэ асуудал орхигдсон байна. ТЭЗҮ бол мөнгө шаарддаг. Асуудлаа УИХ-д оруулахдаа зээлээ яаж төлөх вэ, экспортод бүтээгдэхүүн гаргах уу гээд олон зүйлийг тодорхой болгох ёстой” гэсэн юм.

Мөн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна