Үхрийн мах үндэсний асуудал

2015 оны 11 сарын 25

Нарендра Модигийн Бхаратия Жаната нам 18 сарын өмнө сонгуульд ялснаас хойш Энэтхэгт шашны хуучин уламжлалаас үүдэлтэй сөргөлдөөн улам газар авчээ. Сөргөлдөөнд Хинду үндэстний намын лалын шашинтнуудын эсрэг хилэнт дуу хоолой багагүй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд олон нийтийн дунд Нарендра Модигоор удирдуулсан Энэтхэг чухам хаашаа явж байна вэ гэсэн асуулт байнга гарах болжээ.

 

 

Хинду шашинд үхрийг ариун амьтан гэж дээдлэн шүтдэг тул алахыг цээрлэдэг. Өнгөрсөн есдүгээр сард Дели хотын ойролцоох нэгэн сууринд лалын шашинт нэгэн эр үхэр алж, махыг нь хөргөгчиндөө хадгалсан гэсэн цуурхал тарсны дараа Хинду шашинтай хилэгнэсэн олон түүнийг нүдэж алсан балмад хэрэг гарчээ. Тэр явдлаас хоёр сарын өмнө мөн л дээрх сууринд мал тээвэрлэдэг фермд лалын шашинт гурван эрийг үхтэл нь зоджээ. Хэрэг үүгээр намжсангүй. Энэтхэгийн томоохон улс төрч, Нарендра Модигийн томилсон Харьяна мужийн захирагч Манохар Лал Каттарын хийсэн мэдэгдэл олон нийтийг дургуйцлийг төрүүлсэн юм. Тэрбээр “Лалын шашинтнууд энэ улсад амьдарч болно. Гэхдээ та бүхэн үхрийн махнаас татгалзах ёстой” хэмээсэн билээ. Манохар Лал Каттар болчимгүй мэдэгдэл хийснийхээ төлөө уучлал гуйсан билээ. Бхаратия Жаната намын үзэл суртлын гол байгууллага RSS-ийн эрхлэн гаргадаг Panchjanya долоо хоног тутмын сонинд Ведийн шашны ариун сударт Хинду шашинтнуудын ариун хэмээн дээдлэн шүтдэг үхрийн амийг тасалсан нүгэлтнийг хороохыг тушаасан тухай нийтэлжээ. Түүнээс гадна тус улсын хөдөө аж ахуйн сайд үхэр алахыг үхлийн нүгэл хэмээн тодорхойлсон юм. Гэсэн хэдий ч Моди болон түүний сайдууд шашны энэхүү туйлшралыг хазаарлах гэж оролдоогүй нь Бихар мужийн сонгуульд ялагдахыг зөгнөж байх шиг. Гэвч түүний намынхан үхрийн мах идэж болох эсэх тухай яриаг үндэсний асуудал болж хувирахаас эмээж байгаа билээ. Шашны хуучинсаг уламжлалтай холбоотой иймэрхүү асуудал улам ноцтой болох шинжтэй байгаа хэдий ч Моди болон түүний сайд нар энэ талаар огт дуугарахгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёр, гурван жилд Энэтхэгт удаа дараа гарсан хүчингийн хэргүүд, кастын системийн хэлмэгдүүлэлт, хээл хахуулийн хэргүүдээс болж гадаад ертөнцөд Энэтхэгийн имиж ихэд булингартсан билээ.

 

 

Үхрийн мах идэж болох эсэх тухай асуудал болон лалын шашинтнуудыг зэрлэгээр хөнөөсөн хэргийн тухайд Моди харамсч буйгаа хэлээд хөшүүн хойрго хандсан. Ирэх нэгдүгээр сард болох Бихар мужийн сонгууль Нарендра Модигийн Бхаратия Жаната нам болон сөрөг хүчний намуудад жинхэнэ сорилт болох бололтой.

 

Бихар мужийн сонгуулийн өмнөх санал асуулгад Бхаратия Жаната тун тааруухан дүн авсан. Моди тэр үед ерөнхийлөгч Мукержигийн “Хинду шашинтнууд мусульмануудтай тэмцэх үү ядууралтай тэмцэх үү гэдгийг шийднэ. Мусульманууд Хинду шашинтнуудтай тэмцэх үү ядууралтай тэмцэх үү гэдгийг шийднэ” хэмээх уриаг дэвшүүлсэн. Хүн амаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг Энэтхэгт Хинду шашинтнууд 80 хувь, лалын шашинтнууд 13.5 хувийг эзэлдэг.

 

Хинду шашны гол бэлгэдэл болох үхрийг Энэтхэгчүүд эртнээс дээдлэн шүтэж ирсэн бөгөөд махыг нь идэхийг цээрлэдэг хэдий ч энэ улс үхрийн махыг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд үхрийн махны гол экспортлогч юм. Үхрийн мах идэхийг Хинду шашинтнуудын дийлэнх нь цээрлэж, цээрийг сахьдаг боловч бас бүгд тийм биш. Ихэнхдээ Хинду шашинтнууд цагаан хоолтнууд байдаг тул тэдэнд үхрийн мах идэж болох эсэх тухай маргаан ямар ч хүртээлгүй байдаг. Дээрхийн адилаар лалын шашинтнуудын дунд гахайн мах идэх цээр байдаг. Туйлшрагчид үүнийг эмх замбараагүй байдал үүсгэхэд ашигласан тохиолдол гарч байсан юм. 1857 онд гарсан Энэтхэгийн анхны тусгаар тогтнолын төлөөх дайн цэргүүдийн бууны сумыг үхэр, гахайн өөхөөр тосолсноос болж гарсан гэх онигоо байдаг нь санамсаргүй хошигнол биш юм. Олон жилийн өмнөөс Энэтхэгт үхэр гаргахыг хориглосон олон хууль журам байсаар ирсэн боловч сүүлийн жилүүдэд бие гүйцсэн, сүүгүй үнээг нядлахыг хориглохгүй болсон юм. Харин Бхаратия Жаната нам өнгөрсөн жил засгийн газар тэргүүлэх болсноос хойш дээрх хуулиудыг дахин чангатгасан билээ.

 

Болливуудын жүжигчин Амир Хан “Миний эхнэр Энэтхэгээс явахыг хүсдэг болсон. Учир нь тэр шашны туйлшралаас болоод байдал улам хурцдаж байгаад хүүхдийнхээ төлөө санаа зовнидог. Тэр сонин уншихаас ч айдаг. Надад ч гэсэн тэгж бодогдох болсон. ” хэмээн ярьсан байна. Амир Хан мөн ерөнхий сайд Нарендра Модиг Энэтхэгийн шашны цөөнхийг ялгаварлан гадуурхаж байгааг эцэргүүцэн авсан шагналаа буцааж өгсөн зохиолч, эрдэмтэд, кино найруулагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

Харин Бхаратия Жаната намын төлөөлөгч Амир Ханы мэдэгдлийн хариуд Энэтхэг улс ийм асуудалд үргэлж хүлээцтэй хандаж ирсэн. Цаашид ч мөн хүлээцтэй хандах болно” хэмээн хариу мэдэгдэл хийсэн байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна