“Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглож байна

2015 оны 11 сарын 25

-Үнэнч хайрын бэлэг тэмдэг болсон Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг энэ сарын 26, 27-ны 19.00 цагаас, 29-ний 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглоно-

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ энэ сарын 12-нд Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгээр эхэлсэн билээ. Эмгэнэлт хайрын түүхийг өгүүлдэг энэхүү сонгодог жүжгийн нээлтийн тоглолт өнгөрсөн долоо хоногт болсон. Тэгвэл энэ сарын 26, 27-ны 19.00 цагаас, 29-ний 18.00 цагаас “Ромео Жульетта” жүжгийг дахин тоглох гэж байна.

Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилж байгаа жүжгийн гол дүрүүдэд залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа ихээхэн онцлог болж буй. Энэ удаа Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна.

1966 онд анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан юм. Харин 30 жилийн дараа 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон билээ. Харин энэ удаад Х.Мэргэн гуайн орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсноороо онцлог гэдгийг уран бүтээлчид нээлтийн үеэр хэлж байсан юм.

ДҮРҮҮДЭД: (XI.26, 27-ны 19.00, 29-ний 18.00)

  • Ромео Монтекки - Б.Шинэбаяр
  • Жульетта Капулетти - О.Дөлгөөн
  • Меркуцио Гуерцшү - Э.Тодгэрэл
  • Тибальт Валенцио - Г.Алтангэрэл
  • Бенволио - Б.Золжаргал
  • Лоренцо С.Болд-Эрдэнэ /СТА/
  • Өрлөг эх – Ж.Оюундарь /МУГЖ/
  • Антонио Капулетти – Г.Эрдэнэбилэг /СТА/
  • Хатагтай Капулетти – жүжигчин Н.Баярмаа
  • Никколо Монтекки – Г.Амгаланбаатар /СТА/
  • Хатагтай Монтекки – жүжигчин Г.Номуун

Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж, цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох РомеоЖульетта хоёрын эмгэнэлт хайр шиг ийм гунигт түүх орчлон хорвоо дээр олон тохиохгүй биз ээ.

Эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлдээ.

... Аяа аврал зөвхөн ХАЙРАНД оршдог.

19 жилийн дараа дахин Монголын тайзнаа амилж буй тус жүжиг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүрч байгаа юм. Жүжгийн гол дүрийг залуу жүжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар бүтээж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15.000-30.000, vip 50000 төгрөгийн үнэтэй.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна