Путин: Ар нуруунаас хутгаллаа

2015 оны 11 сарын 25

 

Турк-Сирийн хилийн орчим Оросын цэргийн онгоцыг арваннэгдүгээр сарын 24-нд буюу өчигдөр сөнөөжээ. Оросын онгоцыг Туркийн F-16 сөнөөгч онгоц сөнөөжээ. Туркийн агаарын хил зөрчигдөөгүй гэж Оросын БХЯ нь мэдээлэв. Харин Туркийн тал Оросын онгоц дөрвөн км-ын гүнд Туркийн хилийг зөрчөөд гарч явсан гэж мэдэгдэж байгаа. “Исламын улс” бүлгийн террористуудын Туркт зөөж явсан нефтийн цувааг устгасны хариуд Оросын бөмбөгдөгчийг сөнөөсөн гэж Улс төрийн болон цэргийн судалгааны төвийн орлогч захирал Александр Храмчихин хэлжээ. Турк нь НАТО-гийн гишүүн учраас Туркээс гадна НАТО-гоос тайлбар авахыг бид хүсч байна хэмээн Оросын тал хэлж байна.

 

Оросын Жуулчлалын зарим операторууд Туркт хийх жуучлалын тасалбар худалдахаа түр зогсоогоод байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт хийх айлчлалаа цуцалжээ.

 

Энэ үеэр Сирийн босогчдын “Эрэг хавийн 10-р бригад”-ын дайчид Сирийн олзонд байгаа өөрийн талынхнаар Оросын нисгэгчдийн цогцсыг солих санал тавьсан аж. Сирийн босогчид нисгэгчдийг агаарт шүхэртэй явахад нь буудан хөнөөсөн гэж гайхуулж байгаа юм. Reuters онгоц унасан газар Оросын нэг нисдэг тэргийг босогчид сөнөөсөн гэж мэдээлсэн билээ. Энэ талаар албан ёсны мэдээ байхгүй. Туркийн тал Сирийн босогчдод олзлогдсон хоёр нисгэгчийг чөлөөлөх талаар хөөцөлдөж байгаа гэж мэдэгдлээ.

 

 

 

 

 

Туркийн сөнөөгч онгоц нутаг дэвсгэрийнхээ дархан байдлыг хамгаалан Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан гэж Пентагон үзэж байна. Энэ үүднээс уг үйлдэл эвслийн үйл ажиллагаанд хамаагүй гэж Пентагоны төлөөлөгч хэлжээ.

 

Турк энэ хэргийн дараа Оростой харилцаагаа сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. “Бид Оростой сайн харилцаатай. Турк харилцаагаа улам сайжруулах арга хэмжээ авна. Энэ болсон хэрэг бидний урт хугацааны харилцаанд хор хөнөөлгүй байгаасай гэж би найдаж байна. Ойрын үед энэ хэргийг мөрдөн шалгаад зохих мэдэгдлийг хийнэ” хэмээн Туркийн ЕХ-ны асуудал хариуцсан сайд Волкан Бозкыр мэдэгдсэн байна.

 

Мягмар гаригийн орой Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ хэргийн хариуд Москва цэргийн арга хэмжээ авахгүй. Гэхдээ ийм дайсагнасан хандлагыг зүгээр өнгөрөөхгүй хэмээн хэлжээ.

 

Путин: Су-24-д хийсэн Туркийн довтолгоон нь ОХУ-ын “ар нуруунд хутгалсан” хэрэг бөгөөд ноцтой үр дагавартай

 

Фото: Алексей Никольский /ерөнхийлөгчийн хэвлэлийн алба/ ТАСС

 

Сири дэх алан хядлагын эсрэг ажиллагаанд оролцож байсан Оросын Су-24 онгоц Туркт ямар нэгэн занал учруулаагүй, ийм байхад онгоцыг сөнөөсөн нь Оросын эсрэг өдөөн хатгалга гэж ОХУ үзэж байна. Анкарагийн давтан үйлдэл нь НАТО-г “Исламын улсын” албанд зүтгүүлэх оролдлого шиг харагдаж байгааг Оросын ерөнхийлөгч Владимир Путин Иорданы ван II Абдаллатай хийсэн уулзалтын үеэр Сирид Оросын бөмбөгдөгч онгоц сүйрснийг тайлбарлах үеэрээ мэдэгджээ.

 

Су-24 онгоц Туркт занал учруулаагүй гэв

 

Путин хэлсэн үгэндээ “Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирийн нутагт 6000 метрийн өндөрт, Туркийн хилээс нэг км-ын зайтай байхад нь Туркийн F-16 онгоц агаар-агаар ангиллын пуужингаар буудан сөнөөсөн. Онгоц Сирийн хилээс 4 км-ын дотогш унасан” гэдгийг онцолжээ.

 

Александр Елистратов/ТАСС

 

"Ямар ч тохиолд манай нисгэгчид Туркийн Бүгд найрамдах улсад ямар ч аюул заналхийгээгүй. Тэр нь хэнд ч тодорхой зүйл юм. Тэд ИЛИУ-тай тэмцэх ажиллагаа явуулж байсан юм” гэж Путин хэлэв.

 

Оросын бөмбөгдөгч онгоц Латакия мужийн хойд уулархаг хэсэгт үйл ажиллагаа явуулж байжээ. “Тэнд голчлон Оросоос гаралтай дайчид үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаар нисгэгчид дуртай цаг, минутанд Орост орж ирэх террористуудад урьдчилсан цохилт өгч байсан” хэмээн ерөнхийлөгч хэлэхдээ олон улсын террористуудын талаар ярьж буйгаа онцолсон юм.

 

Туркийг террористуудын хамсаатан гэлээ

 

Туркийн ийм ажиллагааг хэт даврагчдад тус дэм болж байгаа гэхээс өөрөөр ойлгох арга байхгүй гэж Путин шууд мэдэгдэв. “Өнөөдрийн хохирол террористуудын хамсаатнуудын бидний ар хударгаар хийсэн цохилттой холбоотой. Өнөөдөр болсон хэрэг явдлыг би өөрөөр тодорхойлж чадахгүй” гэж тэр хэлэв.

 

© EPA/HABERTURK TV CHANNEL

 

"Энэ үйл явдал нь терроризмтай хийж байгаа ердийн тэмцлийн хүрээнээс хальж байна. Оросын цэргийнхэн өөрийгөө, өөрийн амьдралаа үл хайрлан террористуудтай баатарлаг тэмцэл явуулж байгаа" хэмээн Путин мэдэгдлээ.

 

"Мэдээж, бид юу болсныг анхааралтай авч үзнэ. Өнөөдрийн эмгэнэлт хэрэг явдал Орос-Туркийн харилцаанд ноцтой үр дагавар учруулна” гэж тэр хэлэхдээ, Орос орон Туркт ойрын хөршөөс илүүтэйгээр нөхөрсөг улс гэж хандаж ирснийг онцолж тэмдэглэв. “Өнөөдөр бидний эсрэг хийсэн энэ хэргийг хэнд хэрэгтэйг мэдэхгүй байна, ямар ч байсан бидэнд хэрэггүй” гэж тэр хэллээ.

 

Нефть ба террористууд

 

“ИЛИУ-ын булаан эзэлсэн нутгаас Туркийн нутагт их хэмжээний нефть, нефтийн бүтээгдэхүүн орж ирж буйг Москва эртнээс мэдсэн” гэдгийг тэр хэлээд энэ бол дээрэмчдийн бүлгийг их мөнгөөр угжсан хэрэг гэж тэмдэглэв.

 

"Дээр нь одоо бидний ар нуруунаас хутгалж, терроризмтай тэмцэж байгаа манай онгоцнуудыг сөнөөлөө. “Бид Америкийн түншүүдтэйгээ агаарын орон зайд гарч болзошгүй хэргээс урьдчилан сануулах тухай гэрээ байгуулсан. Америкийн эвслийн бүлэгт терроризмтай тэмцэж буй юм шиг өөрийгөө зарлагчдын нэг нь Турк. Тэгсэн хэрнээ Оросын Су-24 онгоц руу довтолсон” гэж тэр тэмдэглэв.

 

"ИЛИУ-д хэдэн арав, хэдэн зуун саяар, магадгүй тэрбумаар яригдах мөнгө нефтийн наймаанаас орж ирж байгаа. Дээр нь бүхэл бүтэн улсын зэвсэгт хүчний хамгаалалт дор байгаа юм чинь террористууд ингэж даварч, хүмүүсийг зэрлэгээр хөнөөж, дэлхий даяар, тэр дундаа Европын зүрхэнд халдлага хийж байгаа нь ойлгомжтой болж байна” гэж Путин мэдэгдлээ.

 

НАТО-г террористуудын албанд нэгдсэн үү?

 

Бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн явдлын дараа “Бидэнтэй нэн даруй холбоо тогтоохын оронд Туркийн тал шууд НАТО-гийн түншүүддээ энэ асуудлыг ярилцахаар хандсан. Харин тэд манай онгоцыг биш, бид Туркийн онгоцыг сөнөөсөн юм шиг ярьж байна” гэж Путин дургүйцлээ илэрхийлэв.

 

"Турк НАТО-г ИЛИУ-ын албанд зүтгүүлэхийг хүсээ юу?” гэж ч Путин хэлэв.

 

Тэрбээр үргэлжлүүлэн "Улс бүрт өөрийн бүс нутгийн сонирхол байгааг би ойлгоно. Бид түүнд нь ямагт хүндэтгэлтэйгээр ханддаг. Гэхдээ бид өнөөдрийнх шиг гэмт хэрэг гарахыг тэвчихгүй” гэж Оросын лидер хэллээ.

 

“Олон улсын хамтын нийгэмлэг халдлагатай тэмцэх тэмцэлд эвлэлдэн нэгдэх хүчийг олно гэж найдаж байна. Үүнтэй холбоотойгоор бид бүс нутгийн бүх орнууд энэ тэмцэлд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” хэмээн Путин онцлоод үгээ дуусгажээ. Тэрээр Иордан зэргийн бүсийн бусад орнуудыг тусгай алба, цэргийнхэнтэй ажиллагаагаа үргэлжлүүлэхээ амласан юм.

 

Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна