Хотын дарга байраа шинэчлэнэ

2015 оны 11 сарын 25

Хоёр жилийн өмнөөс барьж, шилжүүлэх нөхцөлтэйгөөр эхэлсэн ажлын санхүүжилтийг энэ жилээс эхлэн төлж эхэлсэн юм. Зээлийн хамгийн өндөр эргэн төлөлт буюу 38.6 тэрбум төгрөгийг 2017 онд хот тушаана. Концессын гэрээгээр хийгдсэн бүтээн байгуулалтаас дурдвал 2.6 тэрбум төгрөгөөр Хан-Уул дүүргийн Яаралтай түргэн тусламжийн барилгыг барьжээ. Мөн Өлзийт хорооллын чиглэлд 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 0.9 километр зам, 2.4 тэрбум төгрөгөөр “Гордок” дахь цэвэрлэх байгууламж зэргийг шинэчилж, өргөтгөсөн байна.

Ирэх онд дахин 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр барих саналыг хотын удирдлагууд гаргасан юм. Хийгдэх ажлын жагсаалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг нураан, шинээр 5-6 давхар барилгыг барих. Нарантуул захын уулзварт 435 метр урттай, гүүрийг 33 тэрбум 227 сая төгрөг, Морингын давааны зүүн талын гэр хорооллоос “Авто худалдааны цогцолбор” хүртэл 3.6 километр зам, 310 метрийн урттай гүүрийг нийт 3.6 тэрбум төгрөгөөр тус тус барихаар тооцоолжээ. Мөн Алтай хотхон, Дүнжингарав хороолол руу нэвтрэх замд нүхэн гарц гаргах юм байна. Харин Яармаг, Сонсголонгийн гүүрийг хос болгож, шинэчилнэ.

Харин боловсролын салбарт нийт 22 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй сургууль цэцэрлэгийн хоёр цогцолборыг бариулах санал гаргасан байх юм. Эрүүл мэндийн салбарт хуучин хоёрдугаар төрхийг 18.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган барьж, шилжүүлэх нөхцөлөөр барина гэж тусгажээ. Ирэх онд концессоор хийгдэх дээрх ажлуудын эргэн төлөлт 2017 оноос хийгдэж эхлэхийг ч хотын удирдлагууд тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна