Чөлөөт сэтгэгч

2015 оны 11 сарын 25

1973 оны наймдугаар сарын сүүлчээр болов уу. Яамны дэргэдэх хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн хурал дээр бид анх танилцсан юмдаг. “Нэр Нянаабаатар, алба өмгөөлөгч” хэмээн хэвлүүхэн атлаа товчхон үгээр тэр өөрийгөө танилцуулж билээ.

Тэр дорхноо л бидний үг яриа нийлж сүрхий дотносох шинжтэй болоод явчихав. Ажил төрлийнхөө талаар ч санал бодлоо хэн хэн нь цухалзуулав. Нянаа Монголын өмгөөлөгчдийн коллегид өмгөөлөгч, харин миний бие Хууль зүйн яамны хууль боловсруулах хэлтэст мэргэжилтэн.

Дотно дурсагдах тэр мөчөөс хойш ер яагаад ч юм, бид хоёр богинохон хугацаанд бие биеэ сүрхий мэдэрч, ойлголцож нөхөрлөх болсон. Төрх байдал төв, үг цөөн, яриа хөөрөө нь цэгцэрсэн, аливааг оноож хошигнох өөдрөг үзэл нь яагаад ч юм надад илүүтэй таалагдсан юмдаг.

Би гэдэг хүн аль оюутан байх үеийн хүсэл сонирхлоо дагаж Монголын өмгөөлөгчдийн коллегид өмгөөлөгчөөр элсэн орсон цаг хугацаа 1979 оны 10 дугаар сарын 24 юм. Нянаабаатар бид хоёр улам ойртож гар сэтгэл нийлж ажиллах үе чухам эндээс эхэлсэн дээ.
“Талхаа олж иддэг” албаа сайн мэддэг хүнтэй нөхөрлөнө гэдэг нэг ёсондоо ажил, амьдралд минь тохиосон аз боловч үнэн хэрэгтээ “эн чацуу эрхтэй” болсноороо би ихэд омогшиж явснаа нуух юун.

Миний найз маш энгийн. Хүнлэг. Оюунлаг. Ажил, асуудалд хандахдаа нягт, нямбай, гүйцэтгэхдээ хурдтай. Өөрийгөө хүн, бас хуульч болгож чадсан, ирээдүйгээ их л өөдрөгөөр төсөөлсөн эрэлч, тэмүүлэлтэй нэгэн. Сэтгэхдээ хэв загварт баригдахгүй дэндүү чөлөөтэй. Аливааг ул суурьтай бодож, толгойдоо цэгцлэн үр дүнг нь тунгаасны эцэст өмгөөлөл явуулах боломж хангагдлаа гэж үздэг байсан юм.

Боловсрол олж авсныг гэрчлэх диплом нь “улаан”. Тэр үед би гэдэг хүн хэн нэгнийг тэмцэж, зүтгэж байж олж авсан боловсролыг нь нотлох бичиг баримтаар үнэлнэ гэж боддог байж. Найзынхаа чөлөөт мэргэжлийн үндсэн хэрэгсэл болох олж авсан боловсрол, эзэмшсэн ур чадвар, эцэг эхээс заяасан авьяасаа хөгжүүлсэн түвшин, хүнийх нь мөн чанар... аль алийг гадарлаж төсөөлөх хүний хувьд Нянаагаа хүндэтгэн биширч, түүнээс суралцахын хүслэнд автаж явсан сан.

Хуулийг дээдлэн хүндэтгэж хуулийн заалт нэг бүрийн агуулгыг ойлгосон шиг ойлгодог ёстой л “хууль ханхлуулсан” хүн гэвэл Нянаабаатар байсан.

Харилцагч, үйлчлүүлэгч нараа, хуулиа, дээр нь шүүхийн үйл ажиллагааг тун сайн ойлгож, эрх зүйн өндөр соёлтой, ёс суртахуунтай нэгэн болохоо байнга мэдрүүлдэг сэн.

“Өмгөөлөгч хүнд анзаарахгүй, анхаарахгүй өнгөрөх, орхих цэг, таслал ч байж болохгүй”. “Хүн, хууль хоёрыг өмгөөлөгч нэр зүүсэн хэн гуай ч хохироож болохгүй. Хууль хүний төлөө бүтээгдсэн баримт бичиг”. “Ер нь хуульч хүн л хууль, дүрмийг чин шударгаар чандлан сахиж биелүүлэхгүй юм бол өөр хэн биелүүлэх билээ дээ” гэнэ.

“Чи өмгөөлөгч болохшүү санаатай юм бол...” гэж ирээд л “хоржоонтойгоор сургамжилна”. “Өөрийгөө өмгөөлөгч болгохын тулд боолчилж, зарж, зүтгүүлж, зүлгэж... ажиллаж сур” гэж “номлоно”. Үг нь жинтэй. Заавал нэг юм бодогдуулна. Өмгөөлөхийн тулд л өмгөөлөгч болсон мэт ажиллана. Аз тохиож би олон хэргийг түүнтэй хамт өмгөөлсөн дөө.

Өмгөөлөгч шүүх хуралд хэрхэн, яаж бэлтгэсний үр дүн шүүх хурал дээр л гардаг. Тэр хэрээр өмгөөлөгч өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад таниулдаг.

Нянаабаатарын өөрийгөө ямар түвшинд бэлтгэсэн өмгөөлөгч вэ гэдгийг харуулдаг нэг зүйл бол шүүх хурлын бэлтгэл. Бүхнийг урьдчилан харж, тооцож, өөрийгөө түүнд тосгуулан бэлтгэнэ. Заргын өргөдлийг утга төгөлдөр, ямар ч хүний ой тойнд тустал, буутал, шингэтэл бичих нь гайхамшиг. Тийм болохоор ямар ч тохиолдолд нүүр улайхгүй.

Нотлох баримт... нотлох баримтыг мэргэжлийн өндөр түвшинд үнэлж, шүүхэд хүргэж, илтгэж чаддаг нь бусад өмгөөлөгчөөс ялгардаг бас нэг давуу тал нь. Нотлох баримтыг үнэлэх тухайд мастер, бүр их мастер байсан гэж би боддог.

Өмгөөлөгч хүн юм юмны захтай, мэдлэгтэй байхгүй бол болдоггүйг өмгөөллийн үйл ажиллагаа өдөр бүр шаарддагийг хэн хүнгүй мэднэ. Түүнээс гадна аливаад мэдлэг, ур чадвар, хийе бүтээе гэсэн зүрх сэтгэл, сэтгэх, ажиллах хурд чухлыг түүний өмгөөлөл явуулж байгаа өвөрмөц содон арга барилаас харж болдог.

Шүүх хуралд орохдоо хамтарсан өмгөөлөгчөөсөө нэг л зүйлийг чухалчлан хүснэ. Тэр нь өмгөөлөл явуулах зарчим, чиг хандлага. Зарчим, чиг хандлагаа нэгтгэнэ. Ац санаа, хоёрдмол санал шүүхэд гаргахаас ямагт зайлсхийнэ. “Энэ маш хортой. Шүүгчийн дотоод итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлж, нотлох баримтыг бодитоор үнэлэхэд ээдрээ үүсгэх аюултай” гэж үзнэ.

Өөр бусдаар нэгнийхээ өмгөөлөл явуулах арга барил, төлөвлөсөн зүйлд хошуу дүрэхгүй.

Өмгөөллийнхөө зорилгыг биелүүлэх, төлөвлөж, тооцсоноороо шүүхийн баримт бичигт саналаа тусгуулахын төлөө өмгөөллөө тэмцэлтэй явуулна. Шүүх хурлын явцад анхаарлаа төвлөрүүлэхдээ гаргууд. Хамт өмгөөлөл явуулж буй өмгөөлөгчийнхөө үгийг тун анхааралтай сонсоно. Заримдаа тэмдэглэж авч байгаа харагдана. Бодвол, шинэ сэргэг санаа, үг хэллэг, нотлох баримтыг үнэлэх чадвар, шүүх бүрэлдэхүүнд үгээ хүргэх ур эрдмээс үргэлж суралцаж байдгийнх нь илэрхийлэл тэр биз.

Шүүхийн шийдвэр өмгөөлөгчийн санаснаар тэр бүр гарахгүй шүү дээ. Гэсэн ч, шүүхэд санал туссангүй гэж уурлаж ундууцахгүй, сэтгэлийн догдлол, хөөрлөө чандлан дарж, учрыг тайвнаар олно.

“Ганц юм хуваагаад хүртчих үү, дэмий бодлоо сархадаар арчмаар байна” гэж хааяа тал засангуй ч юм шиг, хошигноод байгаа ч юм шиг хэлдэг сэн. Сэтгэл санаа нь тийм ч тайван биш байгаа нь дууных нь өнгө, царай төрхнөөс нь мэдрэгдэнэ. “Сархад ч дээ, дэмий эд” гэж би “худлаа” адайрах аядна. Гэвч цаанаа бол ихэр сэтгэлтэй хоёр л доо.

Нэгэн үе түүний өмгөөллийн үгийг амтархан сонсох, унших гэж олон хуульч, өмгөөлөгч шунаж, түүнээс суралцахын “дон тусдаг” байсныг “дайван хөх тэнгэр, дайрт бор газар” мэднэ дээ.

Б.Нянаабаатар бол Өмгөөлөх байгууллагын “нэрийн хуудас”, “амьд үзүүлэн” явсан юм чинь арга ч үгүй юм биз. Харин түүний өмгөөлөл хийх эрдэм авьяас, хичээл зүтгэл, ур ухааны өндөрлөгт хүрсэн, дөхөж очсон нь хэр олон бол.

Зургаа авахуулах их дургүй хүн байсан юмдаг. “Нас богиносно” гээд халгаахгүй. Дотоод ертөнцдөө өөрийгөө тольдон харж чаддаг байсан нь хувь талаасаа ч тэр, хуульч талаасаа ч тэр бусдаас өөрийг нь онцгойрох шалтгаан ч болдог байсан байхаа магадгүй.

Түүний авьяас, мэдрэх хүндээ хүдрийн заар мэт ханхална. Өмгөөлөгчийн тухайд л шүү дээ. Ийм хүн зуун жилд нэг л төрдөг байх.

Эцэг эхээс хайрласан дуудах нэрээ олон ардаас өргөмжилсөн “Нэрт өмгөөлөгч” гэсэн дуурсах алдартайгаа хамт орхиод цэл залуугаараа хорвоогоос явчихсан нь харамсалтай, “муу” найз минь...

Гавьяат хуульч Ж.ЯРИНПИЛ

ЭХ СУРВАЛЖ:“ХУУЛЬЧ NEWS” СЭТГҮҮЛ 2015.10 САР. №06

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна