Мэдэгдэл

2015 оны 11 сарын 25

Улаанбаатар

2015.11.24

Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Монголын мянга, мянган залуусын төлөөлөл НИЙГМИЙН АРДЧИЛАЛ-МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ЗАЛУУЧУУД БИД, Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ гагцхүү ард түмний хүсэл зоригт тулгуурлан, сонгож байгуулсан төрийн тогтолцоо, нийгмийн үнэт зүйлсийг хөгжүүлэн боловсронгуй болгох зорилтод нийцүүлэн зохион байгуулахыг дэмжих болно.

Гэтэл Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ард түмний хүсэл зоригийн эсрэг, төрийн эрх мэдлийг алсуур АРД ТҮМНЭЭС ЦӨӨН ТООНЫ ЭРХ МЭДЭЛТНҮҮДийн гарт өгөхийг зорьсон болох нь тодорхой байна. Тухайлбал,

1. Монголын ард түмэн нийтээрээ шууд сонгож ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг цаашид цөөн тооны улс төрчдийн сонгож, томилдог “тоглоомын хүүхэлдэй” болгож өөрчлөхийг бид зөвшөөрөхгүй. Та бүхний хуулийн төсөлдөө тусгасны дагуу бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын гишүүд болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэсэн ЦӨӨН ТООНЫ ДАРГА НАР СОНГОХ НЬ Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасантай нийцэхгүй бөгөөд Монголын ард түмний төрийн үйл хэрэгт шууд оролцох оролцоог үгүйсгэж байна.

2. Албан тушаалдаа эрдсэн эрх мэдэлтнүүдийн дур зорго, хууль бус үйлдлийг хазаарлаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэг бүхий ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ, УЛС ТӨРЧДИЙН ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ БҮРДҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ УЧРААС Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хурлын зөвшөөрснөөр томилох Та бүхний саналыг бид дэмжих боломжгүй. ХАРИН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРААТ БУС АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ БЭХЖҮҮЛСЭН АЛИВАА САНАЛ, САНААЧИЛГЫГ БИД ТУУШТАЙ ДЭМЖИХ БӨГӨӨД ҮҮНИЙГ ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ТАЛААРХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ОРГАНИК ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БОЛНО.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Тавин зургадугаар зүйлд заасны дагуу прокурор нь ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН САЛШГҮЙ ХЭСЭГ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН мөн билээ. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын удирдлага, хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, тагнуул, хууль хяналтын бусад байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхэд ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЗҮГЭЭС ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ гол арга хэрэгслийн нэг нь прокурорын байгууллагын улс төрөөс хараат бус, бие даасан үйл ажиллагаа юм.

Гэтэл Та бүхний санаачлан боловсруулсан хуулийн төсөлд Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурал зөвшөөрснөөр томилохоор тусгасан нь прокурорын байгууллагыг бүхэлд нь улс төржүүлж, улс төрчдийн хараа, хяналт, удирдлага доор оруулах сөрөг үр дагавартай тул зарчмын хувьд буруу бөгөөд хуулийн уг өөрчлөлт нь ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХАРИЛЦАН ХЯНАЛТ, ТЭНЦВЭРИЙГ АЛДАГДУУЛЖ БОЛЗОШГҮЙ ЮМ. Иймд бид уг өөрчлөлтийг дэмжихгүй.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн дүгнэлт гаргаж, маргаан хянан шийдвэрлэх үүрэг бүхий ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦийн 3 гишүүнийг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байсныг өөрчилж, Засгийн газрын санал болгосноор томилдог болохыг бид тууштай эсэргүүцэж байна.

Учир нь Засгийн газрын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргээ Үндсэн хуулийн цэц хараат бусаар хэрэгжүүлэх боломжийг Та бүхний санаачилсан хуулийн өөрчлөлт бүхэлд нь үгүйсгэж байна.

 5. Ардчилсан нам эдийн засгийг хямрааж “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” хэмээх сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө татгалзсан болох нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцыг нэмэгдүүлж, мянга, мянган төрийн болон хувийн хэвшлийн ажилчин, албан хаагчдын цалин хөлсийг үнэгүйдүүлэх, төрийн албан хаагчдыг хоморголон халах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаас харагдаж байгаа билээ. АЛБАН ТУШААЛ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ХУВААРИЛАХААС БУСАД ЦАГТ АРД ТҮМЭН ИРЦ НЬ БҮРДЭЭГҮЙ, ХООСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ТАНХИМЫГ ХАРСААР УДЛАА. ЭХ БОЛСОН МОНГОЛ ОРНЫГ МААНЬ ХӨГЖИЛ, ДЭВШИЛ, ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙД ХҮРГЭХ ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТОО БУС, ХАРИН ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ, МЭДЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ, ЧИН СЭТГЭЛ, ЁС СУРТАХУУНЫ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛСОН ТӨРИЙН ТҮШЭЭ, ЭХ ОРОНЧДЫН ГАЛ ЦОГТОЙ, ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ТАНХИМД ДУТАГДАЖ БАЙНА. Иймд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлэх Та бүхний “мэргэн” саналыг дэмжих боломжгүй байна.

Эцсийн дүндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт нь ТА БИДНИЙ өнгөрсөн, одоо, ирээдүйтэй салшгүй холбоотой тул онцгой анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байхыг НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД уриалж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нийгмийн амьдралыг зохицуулах боломж, чадвар шавхагдаагүй бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтад бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг нийцүүлэх үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж ЗАЛУУЧУУД БИД үзэж байна.

Энэхүү шаардлагатай холбогдуулан ганцхан жишээ дурдахад, Та бүхний хуулийн төслийн үзэл баримтлалдаа тусгасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг үндэслэл “Ерөнхий сайд парламентын өмнө Засгийн газрын үйл ажиллагааг биечлэн хариуцах танхимын зарчмыг тусгасан боловч Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг” хэмээх тайлбар буруу буюу алдаатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилохоор хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлагагүй бөгөөд Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал заавал томилох учиртай байна.

Өөрөөр хэлбэл, Та бүхний “эндүүрч” бичсэн үндэслэл чинь Монгол Улсын Үндсэн хуульд бус, харин Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаа тул Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс уг хуульд өөрчлөлт оруулах замаар “алдаагаа” засаж, Үндсэн хуульд баталсан хуулиа нийцүүлэх боломж нээлттэй юм.

Өнөөгийн Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд үүсээд байгаа хүндрэл, бэрхшээл нь Үндсэн хуулийн бус, харин төрийн эрх баригчдын удирдлагын буруу арга, хэвшил, мунхаг байдлын үр дүн тул цаашид аливаа буруу бүхнээ Үндсэн хуульд халдааж, ард түмний хүсэл зоригт харш үйл ажиллагаа явуулахгүй байхыг буюу үйл ажиллагаагаа гагцхүү Үндсэн хуульд нийцүүлж явуулахыг ЭРХ БАРИГЧДААС ШААРДАЖ байна.

Мөн түүнчлэн сонгуулийн хар машин хэмээх сонгогчдын буюу ард түмний саналыг луйвардсан бохир техникээс татгалзахыг нийт УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД УРИАЛЖ БАЙНА. МОНГОЛ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД БУС ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР УДИРДАН АЖИЛЛУУЛДАГ, ИНТЕРНЭТИЙН УТАСГҮЙ СҮЛЖЭЭ БУЮУ WIFI-ТАЙ ОРЧИНД, АЛСААС БҮХ ТОХИРУУЛГЫГ НЬ ХИЙХ БОЛОМЖТОЙ ЭНЭХҮҮ ХАР МАШИНЫГ СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БҮРМӨСӨН ХАСАЖ, ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ЗӨВХӨН САНАЛ ХУРААЛТЫН ДҮН ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАТАЛГААЖУУЛАХ, НЯГТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАДАГ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ гэж бид үзэж байна.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт, тэнцвэр, төрийн байгууламжийн хэлбэр, төр засах ёсны үндсийг хуульчлан тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг цаг хугацаанд баригдаж, хурдан хуумгай, дутуу зохион байгуулахаар төлөвлөж байгаа Ард нийтийн санал асуулга явуулсан хэмээх “нүглийн нүдийг гурилаар хуурсан” дан ганц арга замаар шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл, заалт бүрийн утга, агуулга, түүний ач холбогдлын талаар Монгол орон даяар эрдэмтэн, мэргэд, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдэд учир шалтгааныг нь тайлбарлан таниулж, тэднийг үнэн бодит мэдээллээр хангасны үндсэн дээр нийт МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРГУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

 

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ-МОНГОЛЫН

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна