Чингүнжавын алдрын танхимыг нээлээ

2015 оны 11 сарын 25

“Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг болон Төмөрбулаг сумдад Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хотгойдын Чингүнжавын нэрэмжит “Чингүнжавын алдрын танхим”-ыг сумдын ерөнхий боловсролын сургуулиудад нээлээ.

Уг танхим бий болсоноор хүүхэд багачууд эх орон нутаг усныхаа түүхээр бахархах, тусгаар тогтнол гэдэг ямар их үнээр олддог болохыг ухамсарлаад зогсохгүй Хотгойдын Чингүнжавын үйл хэргийг танин мэдэж, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ач тустай юм.

Чингүнжавын алдрын танхим нь “Чингүнжавын амьдрал тэмцэл, Хотгойд судлал, Орон нутаг судлал” гэсэн гурван бүлэг хэсгээс бүрдэнэ. Танхимд Гэрсэнз Жалайр хунтайжийн ургийн бичиг, зураач барималч Ш.Тэнгисболдын Чингүнжав хөрөг, Эх нутаг минь баяртай уран зураг, нийслэлийн Баянгол дүүрэг дэх Чингүнжавын хөшөөт цогцолборын жижигрүүлсэн хувилбар гэх зэрэг нийт 300 гаруй үзмэр байгаа юм. Мөн эдгээр үзмэрүүдийг цаашид тухайн сум орон нутаг, сургуулийн захиргаанаас баяжуулж  байхаар болжээ.

Дашрамд дурьдахад нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотгойдын Чингүнжавын гэрэлт хөшөөт цогцолборыг Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны 88 жилийн ойн өдөр буюу 2012 оны 11-р сарын 26-нд нээж байсан юм. Эх орноо гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс аварч, тусгаар улс болгохын төлөө цогтой тэмцэж явсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Хотгойдын Чингүнжав  бөгөөд өдгөө тэмдэглэн өнгөрүүлэхээ больсон ч тусгаар улс болсон эл өдрийг мартаж болохгүй билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна