Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг шаардав

2015 оны 11 сарын 25

 

Туркийн арми ОХУ-ын байлдааны онгоцыг Сирийн хилийн ойролцоо өчигдөр буудаж унагаасан. Парист гарсан халдлагаас болж Европын холбооны албан ёсны бус нийслэл Брюссель хэсэгчлэн хаагдсан байх энэ үед НАТО-гийн гишүүн орон Оросын байлдааны онгоцыг буудаж унагав. Энэ нь ОХУ болон НАТО-гийн хооронд үл ойлголцол, түгшүүртэй нөхцөл байдлыг бий болгоод байна.

 

Хэрэв энэ хэрэг хүйтэн дайны үеэр гарсан бол дэлхий ертөнц цөмийн дайнтай нүүр тулгарах байлаа гадны хэвлэлүүд бичиж байна. Харин энэ цагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүчирхийллийн оронд хэлэлцээний ширээний ард суух санал гаргаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Турк Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн хэргээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулахыг шаарджээ. Мөн энэ үед НАТО дотооддоо шуурхай хурал зарлан хуралдаж байна. Турк Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн нь “террористуудтай хамсаж, ар нуруунаас хутга зоосон хэрэг боллоо” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм.

 

Парисын халдлагын дараа “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг “дайнд” их гүрнүүд нэгдэж эхлээд байв. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири дэх “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийж, террористуудын эсрэг тэмцэж байгаа юм. Гэвч Сирийн хойд хэсэг дэх исламын хэт даврагчдын байршлуудыг бөмбөгдөөд буцаж явсан Оросын байлдааны онгоцыг Туркийн арми сөнөөчихлөө. АНУ болон ОХУ-ын албаныхны мэдээлснээр Оросын байлдааны онгоц Туркийн хилд ердөө 12 секунд орчим хугацаанд нэвтэрсэн аж. Турк улс нь өөрөө Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд маш хойрго ханддаг хэмээн олон улсаас зэмлэл хүлээдэг юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна