Д.Ц.Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 11 сарын 25

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.11.25/  хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочилохыг хүслээ. Түүнчлэн ноён Цырен-Даши Эрдынеевичид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, Монгол Улсын Их Хурал найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа дурдав. Мөн тэрээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Үүний үр дүнд хоёр улсын иргэд хоорондын харилцаа болон хүмүүнлэгийн харилцаа ихээхэн өргөжиж, Бүгд Найрамдах Буриад Улсад жуулчилж буй монгол иргэдийн тоо нэмэгдэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн хэлэв. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг дурдаад “Энэ оны 09 дүгээр сард миний бие ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзалт хийсэн” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Тамгын газар Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, түүний Тамгын газартай уламжлалт харилцаатай болохыг тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр парламентын тэргүүнүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Буриад Улсын сайд, Төлөөлөгчдийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич, Буриад Улсын Ардын Их Хурлын гишүүн Цыремпилов Валерий Жамсуевич болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна