Су-24 онгоцны хоёр дахь нисгэгч аврагджээ

2015 оны 11 сарын 25

Сирийн цэргийнхэн Оросын сөнөөсөн Су-24 бөмбөгдөгч онгоцны хоёр дахь нисгэгчийг босогчдын ар талаас авч гарсан тухай Ливаны Al Mayadeen телевиз Facebook-дээ мэдээлжээ.

 

 

 

Зургаан цагийн турш хайсны эцэст нисгэгчтэй холбоо тогтоож чадсан бөгөөд Сирийн армийн тусгай ангийнхан хоёр цагийн дотор нисгэгчийг босогчдын ар талаас нүүлгэж чадсан гэж уг телевиз мэдээлэв. Одоо нисгэгч аюулгүй байдалд Хмеймим гэх Оросын нисэхийн баазад байгаа гэнэ. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.

 

Сири дэх Оросын нисэх группийн бүрэлдэхүүний фронтын бөмбөгдөгч Су-24 онгоц руу 24-ний өглөө Туркийн F-16 хоёр сөнөөгч онгоц довтлон “агаар-агаар” ангиллын пуужингаар устгасан юм. Онгоц нь Сири-Туркийн хилийн ойролцоо Сирийн нутагт унажээ. Хоёр нисгэгч шүхрээр буулт хийж байхад нь босогчид тэднийг газраас буудан нэгийг нь хөнөөжээ. Мөн нисэгчдийн эрэлд гарсан хоёр нисдэг тэрэгний нэгийг буудсан учир ослын буулт хийж, буудуулсан тэрэгт явсан хүмүүсийг хоёр дахь нисдэг тэрэг нь зөөж авч явжээ. Нисдэг тэрэг гэмтэх үеэр Оросын тэнгисийн нэг явган цэрэг алагдсан байна.

 

Сирийн босогчид шүхрээр бууж явсан нисгэгчдийг өөрийгөө хамгаалах үүднээс буудсан хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. “Хэрэв уугуул туркмен ястны бүлэглэл гал нээсэн бол тэд Оросын агаарын довтолгоонд өртөж байсныхаа хувьд өөрийгөө хамгаалах эрхтэй” гэдгийг Тонер хэлсэн юм. Шүхрээр буусан нисгэгчдийг буудсаныг өөрийгөө хамгаалах эрх гэж болох юм уу гэсэн асуултад тэр хариулахдаа “Төрийн департаментад болсон хэрэг явдлын баттай зураглал байхгүй” гэв.

 

Reuters агентлаг мягмар гаригт мэдээлснээр, Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирийн нутаг дэвсгэрт сөнөөсөн гэж АНУ үзэж байгаа ажээ. Түр хугацаагаар Туркийн агаарын хилд нэвтрээд гарах үед Оросын онгоцыг Сирийн агаарын орон зайд сөнөөсөн байна Ерөнхийлөгчийн эх сурвалж мэдээлсэн байв. Үүнийг онгоцны дулааны замын ул мөрөөр тогтоосон гэнэ.

 

НАТО-гийн гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн зөвлөлийн хуралдаанд Оросын Су-24 онгоц хил зөрчсөн гэх баталгаатай мэдээллийг Туркийн тал өгч чадсангүй. Эвслийн гишүүдийн зарим нь Оросын онгоцыг Сирийн нутаг дэвсгэрт сөнөөсөн гэж үзэв. Эвслийн зарим гишүүд “Туркийн гомдолд” ихээхэн болгоомжтой хандлаа гэж цэрэг-дипломатын эх сурвалж хэлжээ.

 

Туркийн онгоцнууд “хил зөрчсөн” сануулгыг Оросын нисэгч нарт 10 удаа өгч байсан гэдэг нь худал болов. Тэд хоёр удаа сануулга өгсөн нь ярианы бичлэгээр батлагдсан байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн өмнөх мэдэгдэл нь гишүүн орнуудтай зөвшилцөөгүй хийсэн өөрийн хувийн мэдэгдэл гэж НАТО-гийн зөвлөл тодруулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна