Монгол эрчим хүчээ экспортлоно

2015 оны 11 сарын 25

Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Сайдын хийсэн мэдээллийг багцлан хүргэж байна.

“Цөмийн энергийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”
хуулийн төслийг хэлэлцүүллээ

“Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Уг хуулийн төслийн үндсэн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын орд ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зах зээлээс хамаарсан харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоход оршиж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт ашигт малтмал нь нөөц ашигласны тусгай төлбөртэй болж, цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны нэмэгдэл төлбөр авах боломж бүрдэнэ гэдгийг Уул уурхайн сайд онцолж байна. Ингэснээр төр болон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын эрх зүйн харилцаа тодорхой болж, ирээдүйд үүсч болох эрсдэлийг бууруулах, татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөл бий болох аж.

Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс-Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Гэрээний загварыг Засгийн газар баталлаа

Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Энэхүү гэрээг хэрэгжүүлсэнээр орон нутгийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигчид газрын тосны ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад харилцан үүрэг хүлээж хамтран ажиллах юм. Мөн түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн хөрөнгийг иргэдийн хяналтан дор захиран зарцуулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай харилцан тохиролцож хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-д үүсээд байгаа
нөхцөл байдлын талаар

Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, 'Эв санааны нэгдэл' үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн маш харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудыг шуурхай цуглуулж доорхи үүрэг даалгавар өгсөн.

Юуны өмнө өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнэийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрийг түр орлон гүйцэтгэж буй Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг Эрдэнэс Тавантолгой хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн болно.

Ерөнхий сайдын өгсөн дараагийн чиглэл Эрдэнэс Тавантолгой ХК-д үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүний дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хооронд хамтын гэрээ байгуулах яриа хэлэлцээ эрчимтэй явагдаж байна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар бодлого, арга зүйн зөвлөлгөө өгөх Ажлын хэсгийг Уул уурхайн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.

Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах
үйлдвэр хүлээн авсан байна

2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна. Дээрхи уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна

Хайгуулын 630 тусгай зөвшөөрөл олгоод байна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар бэлтгэж байгаа 742 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3248 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1772 ширхэг, ашиглалтын 1476 ширхэг тусгай зөвшөөрөл байна.

​Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан.

Энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтын 9 талбайд нийт 18 аж ахуйн нэгжээс 22 санал ирүүлсэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судалж шийдвэрлэх шаардлага өнгөрсөн хугацааны туршлагаас харагдаж байна. Иймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилго бүхий Ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Энэ оны эхний 10 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 40.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 28.8 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 4.3 тэрбум төгрөг, бусад орлого 7.3 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 143.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 139.5 тэрбум төгрөг, бусад орлого 3.6 тэрбум төгрөг байна.

Уул уурхайн сайдын багцын нийт орлого 183.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж өссөн дүнгээр төлөвлөгөөний биелэлт 101.3 хувьтай байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 10 сарын байдлаар нүүрс 18.2 сая тонн, алт 12.5 тн, газрын тос 975.8 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 188.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 1,074.4 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.3 сая тонн, цайрын баяжмал 75.2 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний 10 сард 1,204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг тус тус экспортлосон байна.

 

 

 

Нэр төрөл

Хэм-жих нэгж

10 дугаар сарын өссөн

дүнгээр

2015 оны жилийн төлөвлөгөө ба гүйцэтгэл

Экспорт

Экспорт

(Биет  хэмжээгээр)

(Биет хэмжээгээр)

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

%

Төлөвлөгөө

/тодотголоор/

%

 

 

 

Зэсийн  баяжмал

(металл   агуулгаараа)

мян.тн

1,079.4

1,204.5

111.6

1,295.3

93.0

 

 

Молибдений    баяжмал (металл

агуулгаараа)

мян.тн

2.8

3.7

134.5

3.3

112.1

 

 

Нүүрс

сая. тн

11.4

11.5

100.7

13.7

83.9

 

 

 

Алт

тн

8.3

9.5

114.0

10.0

95.0

 

Жонш

мян.тн

263.9

232.0

87.9

316.7

73.3

 

Төмөр

сая. тн

4.0

4.0

100.0

4.8

83.3

 

Цайр

мян.тн

79.1

82.9

104.8

94.9

87.4

 

Газрынтос

мян.тн

863.7

902.9

104.5

1,036.4

87.1

Гадаад хамтын ажиллагааны талаар

Уул уурхайн сайд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Х.Андо тэргүүтэй японы эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нүүрсийг хуурай аргаар баяжуулах бага оврын туршилтын үйлдвэрийг барьж байгуулах, нүүрсийг гүн боловсруулах, мөн газрын ховор элементийн нөөц баялгийн талаар болон ирэх онд "Цэвэр нүүрсний технологи" сэдэвт семинарыг Монголд зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов. Японы төлөөлөгчид манай өмнийн говийн ашигт малтмалын голлох орд газрууд болон бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн байдалтай газар дээр нь танилцах юм.

Түүнчлэн тэрээр Монгол Улсад хүрэн нүүрс боловсруулж, хагас коксон утаагүй цэвэр түлш үйлдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслийн явц, талуудын хооронд байгуулах Санамж бичгийн талаар Японы “Куримото” компанийн төслийн газрын захирал Ш.Икутаг хүлээн авч уулзсан байна.

Нүүрс шингэрүүлэх дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар БНХАУ-ын “Бэйшор Петролеум” компанийн захирал Чен Чеюн Фүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж санал солилцсон байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна