Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Өргөдөл үү, зарга уу?

Өршөөлийн хуулиар суллагдсан Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг худал ярьсан хэмээн телевизээр ярьсан нь нэлээд шуугиан дэгдээж байна. Олон нийтийн сүлжээгээр тэр хоёрын хэн нь худалч вэ гэсэн маргаан дэгдээд хэзээний талцаад хоорондоо үзэлцэх дуртай монголчуудыг “баярлуулав”

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнгөрсөн даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч өөрийнх нь уучлал хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн хэмээн бичиг дэлгэснээс энэ бүхэн эхэлжээ. Ерөнхийлөгч өнгөрсөн хавар энэ нэвтрүүлгээр “Мөнхбаяр надад уучлал хүссэн өргөдөл ирүүлээгүй” хэмээн ярьсан юм. Харин Мөнхбаяр уучлал гуйснаар барахгүй “өгсөн хариу нь энэ байна” гээд цаас үзүүлсэн нь олон хүнийг төрийн тэргүүнийг худалч гэхэд хүргэжээ. Гэхдээ тэрхүү үзүүлсэн Ерөнхийлөгчийн хариу гэх албан бичгийн дор Ц.Элбэгдорж бус Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр гэсэн нэр байгааг сайн ажиглавал төвөггүй мэдэж болно. За яахав, зөвлөхийн хариу бол Ерөнхийлөгчийн өмнөөс бичсэн учир төрийн тэргүүний хариу гэж үзэж болох юм. Тэгэх ч ёстой байх. Гэвч хэргийн бүр нарийн учир гэвэл Мөнхбаяр төрийн тэргүүндээ уучлал хүссэн өргөдөл өгөөгүй юм байна. Өөрөөр хэлбэл “Миний бие төрийн тусгай хамгаалалттай болон олон нийтийн газар зэр зэвсэгтэй явж хүчирхийлэлд уруу татаж Монгол улсын хуулийг зөрчсөн үйлдэлдээ шийтгэгдсэн ялаа эдэлж байгаа. Би энэ бүх буруугаа хүлээж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн өргөдөл өгөөгүй юм байна. Харин “Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хилсээр шийтгэгдсэн учир” гэсэн агуулгатай заргын бичиг явуулсан бололтой. Ерөнхийлөгчийн зөвлөхийн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагаас ингэж ойлгов. Ч.Өнөрбаяр зөвлөх хуулийн модон гэх юм уу эсвэл албан гэх юм уу, нэг тийм хэлбэрээр “өршөөл үзүүлэх шаардлага хангаагүй өргөдөл” гэж нэрлээд байгаа нь энэ заргын бичиг аж. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “Мөнхбаяр надаас өршөөл хүсээгүй” гэж хэлсэн нь үнэн болж таарав. Харин шүүхтэй заргалдсан гомдол явуулж байсан юм байна. Мөнхбаяр үүнийгээ учир шалтгааныг тайлбарласан өргөдөл гэж ойлгож. Харин хууль түүнийг нь өршөөл үзүүлэхэд шаардагддаг уучлал хүссэн өргөдөл биш гэж үзжээ. Тийм учраас Ерөнхийлөгчид хүрэлгүй эзэндээ буцжээ. Бичгийн дор Элбэгдорж гэж гарын үсэг байхгүй нь үүнийг давхар нотолно. Үүнийг уг нь ойлгож ядаад байх хэрэг биш. Зүгээр л бүх амьдрал нь гацаанд орчихсон бид “Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэгч болж төрийн тэргүүнээ хараах нэг далим болгов.

Гэхдээ эндээс нэг анзаарагдсан зүйл бол нэвтрүүлэгт оролцсон Ц.Мөнхбаярт гэмшсэн шинж огт алга. Түүнийг газар нутгаа хамгааллаа гэж шоронд суулгаагүй шүү дээ. Галт зэвсэг барьж, олон нийтийг үймээн самуунд дуудсан хэрэг гарсныг хэн хүнгүй мэднэ. Хэрэвзээ энэхүү тэмцэгчийг аюулгүй болгож, Төрийн тусгай хамгаалалтынхан цагдаад хүлээлгэж өгөөгүй бол осол аваар гарч гэм зэмгүй хэдэн хүн эрүүл мэнд, цаашилбал амь насаараа хохирох байсныг хэн ч хэлж мэдэхгүй.

Харин өнөөдөр тэрээр ийнхүү баатар аятай ярьж сууна. Түүнийг нь өсвөр насныхан хийгээд “үзэн ядагчдын арми” өөгшүүлэн дэмжих маягтай.

А.ТУЛГА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж