Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

2015 оны 11 сарын 25

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр 2015.11.25/ үдээс өмнө хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хамтарсан хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний санаачлан боловсруулж энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, тэрчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй.

Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн санаачилж энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх талаар 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын зүгээс төрийн дээд шатны байгууллагуудад удаа дараа ирүүлж байсан санал, хүсэлтийг шийдвэрлэх шаардлагын үүднээс уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна.

Энэ үндсэн дээр төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулах гомдлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, түүнчлэн гэр музейг нь байгуулах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, С.Баярцогт нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Батбаяр, Л.Цог, Н.Батцэрэг, А.Бакей нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж тодруулан саналаа хэлсэн гишүүд Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй, гэхдээ асуудалд улс төрийн өнгө аясгүйгээр хандах ёстой гэдгийг онцолж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүн санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.

Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж

хэлэлцүүлэгт бэлтгэх өргөтгөсөн ажлын хэсэг байгуулна

Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс гадна сонгуультай холбогдсон гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ асуудлын талаар байнгын хорооны дарга А.Бакей сонгуулийн хуультай холбоотой гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ төсөл санаачилсан гишүүдийг аль болохоор ажлын хэсэгт оруулахгүй байх зарчим барьж байгаа. Харин нам, эвслийн бүлгийн дарга нарыг оролцуулах эсэхийг ярилцаж байж шийдье гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Харин энэ асуудалтай холбогдуулж саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулсан нөхцөлд нам, эвслийн бүлгийн дарга нар бүгд орох боломжгүй, нөгөө талаар төсөл санаалагч гишүүдийг оролцуулахгүй байж болохгүй. Иймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллийг хамруулж зөвшилцөөнийг хангаж ажиллах нь чухал гэлээ.

Мөн Улсын Их Хурлын Сү.Батболд, С.Дэмбэрэл нар энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сонгуулийн хуулиас өмнө Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай тул энэ асуудлыг яаралтай өргөн мэдүүлэх чиглэлд байнгын хорооны дарга анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг юуны түрүүнд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, үүний дараа сонгуулийн хуулиа ярих нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Иймээс байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг Улсын Их Хурлын даргад танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна