Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо

2015 оны 11 сарын 25

Хуралд Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах онцгой комиссын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцож, Монгол Улсын Шадар сайд, Онцгой комсиссын дарга Ц.Оюунбаатар удирдан явууллаа.

Хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнгийн тухай мэдээллүүдийн сонсож, Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг даалгавар өглөө.

Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхийн 56 сая гаруй мал өвөлжихөөр бэлтгэлээ хангажээ. Зуншлага оройтсон ч малчид зун, намрын отор нүүдэл сайн зохион байгуулснаар нийт мал сүргийн 93.5 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүч, хадлан тэжээл бэлтгэл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 85.9 хувьтай хангасан дүн гарчээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь  74, Баянхонгор  78, Дундговь  81, Хөвсгөл 81 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын  тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 гаруй нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон утгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна