Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласныг тогтоов

2015 оны 11 сарын 25

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг өнөөдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн тогтоов.

Мөн хуулийн дээрх зохицуулалт нь “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”; “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг болон Монгол Улсын Их Хурлын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна