Хууль тогтоомжийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалт боллоо

2015 оны 11 сарын 25

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс хамтран Хууль тогтоомжийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг өнөөдөр /2015.11.25/ зохион байгууллаа.

Сургалтыг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал энэ оны 5,6 дугаар сард Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг батлан гаргасан. Дээрх хуулиуд нь хууль санаачлагчид, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд өмнөх эрх зүйн орчинтой харьцуулбал илүү нарийвчилсан, тодорхой шинэ стандартуудыг нэвтрүүлж байгаа бөгөөд хууль хэрэгжүүлж ажиллах бүх шатны төрийн албан хаагчдыг мэдээллээр хангах, сургалтад хамруулах шаардлагатай. Өнөөдрийн зохион байгуулж буй сургалт нь хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл хангах цаашид хийх ажлуудын эхлэл болж байна гэв.

Мөн тэрээр Хууль тогтоомжийн тухай хууль 2016 оны 2-р сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хууль батлагдан гарснаар Улсын Их Хуралд орж ирэх хуулийн төслүүд чанаржиж, иргэдийн, төрийн байгууллагуудын, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог хангах юм. Тиймээс төрийн байгууллагууд дор бүрнээ хичээн ажиллаж, өөрсдийн байгууллага дээрээ эдгээр хуулиудыг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлуудыг хийх хэрэгтэй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Хууль тогтоомжийн тухай хуулийн агуулга, шинэ зохицуулалтуудын талаарх танилцуулагыг хийлээ.Танилцуулгаар шинэчлэн батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Сургалтад Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий “Хууль тогтоомжийн болон төслийн үр нөлөөг үнэлэх, зардлыг тооцох аргачлал”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоо” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

Цаашид төслийн зүгээс хамтрагч байгууллагуудын хамт эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх албан хаагчдад зориулсан нарийвчилсан сургалтуудыг зохион байгуулж, гарын авлага боловсруулан хэвлүүлэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл тодорхой сэдвээр илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар Хэрэг эрхлэх газар, яам, агентлагийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна