Сонгууль: 48х28 уу, 38х38 уу?

2015 оны 11 сарын 26

Монгол Улсын Их хурал дөрвөн жилийн өмнө Сонгуулийн хуулиа шинэчлэн УИХ-ын гишүүдийн 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох холимог тогтолцоог баталсан ч одоо өөрчлөхөөр УИХ-аар холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг эхлээд байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тогтолцоог 48х28 буюу одоогийнхоор, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дээрх 48х28 холимог тогтолцоо суусан ч тойрогт нэг намаас хоёр хүн өрсөлдөж санал хуваадаг байдлыг халахын тулд зөвхөн нэг намаас нэг нэр дэвшигч өрсөлдөхөөр. Харин намын нэрээр 28-д нэр дэвшигчийг жагсаасан ч хүнийг саналын хуудсанд нэрийг нь бичиж сонгогч дугуйлдаг байх сонголтыг олгохоор төсөлд тусгасан юм. Энэ хувилбар олонхийн дэмжлэг хүлээсэн нөхцөлд намын нэрээр хэн нь мэдэгдэхгүй нөхөр сонгогддог гэх шүүмжлэл үгүй болж, Үндсэн хуулийн заалттай ч харшлахгүй болно.

Парламентад суудалтай хоёр том нам болох Ардчилсан нам, МАН-ын зөвшилцлөөр дээрх хувилбар олонхийн дэмжлэг хүлээх магадлалтай байна. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн зүгээс 38х38 хувилбартаа илүү ач холбогдол өгч зүтгүүлэх нь. Энэхүү 38х38 тогтолцоо нь 38 нь тойргоос, 38 нь улсын хэмжээний бүх сонгогчоос хамгийн олон санал авснаар тодорч эрэмбэлэгдэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоонд оруулсан пропорциональ хувилбарын хувийг ахиулж, мөн намын нэрээр бус нэр дэвшигчээрээ улсын хэмжээнд өрсөлдөж сонгогдох хувилбарыг санал болгож байна. Гол нь энэ тохиолдолд сонгогчдод сонголт хийхэд төвөгтэй байдал үүсэх магадлалтай. Учир нь, сонгуульд 10 гаруй нам оролцож, хүмүүсээ нэр дэвшүүлэхэд зөвхөн пропорциональ хувилбарын 38-д 300-400 нэр дэвшигчийн нэр бичигдэх болж буй. Үүнээс сонгогч сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ тохиолдолд саналын хуудас хэвлүүлэхэд илүү их хөрөнгө зарна, нөгөө талдаа сонгогчид будилахгүй гэх баталгаа байхгүй. Хэдийгээр ийм сул тал байгаа ч тойрог эзэнгүйдэхгүй байх сайн тал бий.

УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэхүү гурван хуулийн төслийг нэгтгэхээр болоод буй. Ингэхдээ өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан. Тиймээс явцын дүнд сонгуулийн холимог тогтолцоогоо 48х28 хувилбар дээр тогтоох уу, 38х38 хувилбарт авчирах уу гэдгээ хэлэлцэнэ гэсэн үг. Улмаар дэмжлэг авсан саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцэслэх учиртай. Одоогоор дээрх нэр бүхий төслүүд анхны хэлэлцүүлгийн шатанд байна.

Төрийн албаныхан ажлаа өгөх шаардлагагүй болно

УИХ-д Сонгуулийн тухай дөрвөн нэр бүхий төсөл өргөн мэдүүлэгдсэний нэг нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл юм. Уг төсөлд төрийн захиргааны албан хаагчид буюу агентлаг, газрын дарга, сургууль, эмнэлгийн захирлуудаас бусад төрийн алба хаагчид УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болбол төрийн албаа хүлээлгэж өгөх шаардлагагүй болох тухай зохицуулалт юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.

Төсөл санаачлагчдын зүгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх хүрээнд дээрх зохицуулалтыг тусгасан нь нэгд төрийн алба тогтвортой байх дархлааг хангахад чиглэсний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогджээ. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд нэр дэвших бол сонгууль болохоос зургаан сарын өмнө албаа хүлээлгэн өгөх заалтыг тусгасан нь иргэний сонгох, сонгогдох эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн үзэж, дүгнэлт гаргасан байна. Тиймээс хуулийн дээрх зөрчлийг арилгахад энэхүү өөрчлөлт чиглэсэн юм.

Саналын хуудсыг гараар тоолох уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд саналын хуудсыг автомат машинаар уншуулна, бас давхар гараар тоолж баталгаажуулъя гэсэн заалт тусаад байна. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн таван ч шатны сонгуульд өвдөг шороодсон МАН-ынхны хувьд гараар саналын хуудсыг баталгаажуулж тоолох энэхүү заалтыг хуульд тусгаж, батлуулах нь үндсэндээ эцсийн зорилго гэж хэлж болно. Үүнийгээ ч намын гишүүд нь өдөр алгасалгүй тайлбарлах болсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат www.news.mn агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид бол машинаар тоолохыг үгүйсгэж байгаа юм биш. Ирэх сонгуулиар хайнаагаа хагалчихъя гэж байгаа юм. Машинаар тоолъё, гараараа тоолъё, баримтжуулаад зарлачихъя. Маргаан гарвал бичлэгийг нь тавиад үзүүлчихье. Шүүх дээр очиход хөдөлшгүй баримттай. Хэрвээ ирэх сонгуулиар энийг хийгээд ямар ч маргаангүй байх юм бол цаашдаа машинаараа тоолоод явахад эргэлзээгүй болчихно” гэж дээрх заалтаа тайлбарлаж буй. Эл заалт УИХ-аас олонхийн дэмжлэг авах эсэх нь парламентад суудалтай намуудтайгаа ойлголцож чадах эсэхээс хамаарна.

Сонгуулийн сурталчилгааг 14 хоногоор хязгаарлах уу?

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн компанит ажлыг 14 хоногоор хязгаарлахаар заасан нь хэлэлцүүлэг эхэлсэн эхний өдрөөс шүүмжлэл хүлээв. Мөнгөний сонгууль болдогийг хязгаарлах зорилготойгоор оруулсан дээрх  заалт шинэ нэр дэвшигчид хамгийн их халтай тусч мэдэхээр байгаа. Учир нь, сонгогчдод өөрийгөө ойлгуулах гэж явтал сурталчилгааны хугацаа дуусгавар болж мэднэ. Яагаад гэвэл орон нутагт нэр дэвших хүмүүсийн тухайд бүх сумандаа хүрч ажиллаж чадах уу гэдэг асуудал хөндөгдөж буй. Монгол Улс 330 орчим сумтай, нэг аймаг дунджаар 25-26 сумтай. Аймгийн төвөөсөө 100-200 км-ээр алслагдсан сумд өчнөөн бий. Ийм нөхцөлд 14 хоногт багтан нэр дэвшигч бүх сумандаа хүрч ажиллана гэхэд амаргүй. Шинэ хүн байтугай хуучин хүн нь ч хүрч чадахгүй байж мэднэ.

Одоо үйлчилж байгаа хуулиар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 30 хоногт багтах ёстой. Үүнээс өмнө 45 хоног байсныг 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа 15 хоногоор багасгаж 30 болгосон юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар сонгуулийн сурталчилгааг 43 хоногоор хязгаарлахаар тусгаад байна.

Хугацааг нэмсэн үндэслэлээ төсөл санаачлагч эхний долоо хоногт нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх, мандатаа авах сурталчилгаанд ажиллуулах хүнээ томилох, сониноо хэвлүүлэх гээд техникийн ажилд зарцуулах хэрэгтэй болдог. Дараа нь сурталчилгаандаа ордог, хол аймагт нэр дэвшигчдэд хоног хугацаа хүрэлцдэггүй учраас сурталчилгааны хугацааг нэмэхээс аргагүй байгаа хэмээн тайлбарлаж буй.

Сонгуулийн мөнгийг хандиваар босгох уу?

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар бүлгээсээ санаачилсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим нэг заалттай санал нийлэхгүй болохоо өнгөрсөн даваа гаригт хэвлэлийнхэнд уламжилсан. Энэ нь сонгуульд өрсөлдөх бүх нам улсын төсвөөс санхүүжилт авна гэх заалт юм. Харин эвслийн бүлгийн санаачилсан дээрх төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ бол цэвэр гүтгэлэг. Эдийн засаг хүнд үед төрөөс санхүүжилт авч сонгуулв явуулна гэж байхгүй. Тийм үг өгүүлбэр хуулийн төсөлд ч тусаагүй. Гол нь сонгуульд өрсөлдөх намуудад тэгш гараа олгохын тулд намуудын санхүүжилтийн дээд талын лимитийг тогтоож өгье. Лимит хэтэрвэл ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах нь гэж үзнэ. Сонгуулийн мөнгийг ард түмнээс хандиваар босгох боломжтой” хэмээн тайлбарлаад байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна