Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

2015 оны 11 сарын 26

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Бид үнэхээр эрх чөлөөтэй юү? Хэвлэлийн буюу үг хэлэх эрх чөлөө. “Шар хэвлэл”, “шар телевиз”, “шар сэтгүүлчид”. Тэгш байдал гэдэг нь шударга зүйл биш. Төрөлх эрх. Цэргийн албан татлага ба цаазаар авах ялын тухай. Хариуцлагын тухай либертари ойлголт. “Даварсан” эрх)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Би Х.Х-тэй машинаар явж байгаад УБИС-ийн хойш эргэдэг уулзвар дээр замын цагдаад ээрүүлж, торгууль хүлээв ээ, хөөрхий. Суудлын даруулгаа хийсэнгүй гэж. Үүнээс үүдээд бид хоёрын ээлжит яриа өрнөсөн юм. Хувь хүнд зөвхөн өөрт нь хамааралтай, бусад хүнд огт хамааралгүй,  бусдад гай болохгүй асуудлыг өөрсдөө мэдэг гээд орхичихож болдоггүй юм байх даа. Би даруулгаа хийхгүй явбал яах вэ? Хажуудаа суугаа Х.Х-ийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулж, гай тарих уу? Үгүй юм байна аа, ёстой хэнд ч гай болж, хохирол учруулахгүй зүйл гэдэг чинь энэ. Харин ч даруулга хийчхээр бие бариад байгаа юм шиг машин барихад нэг л эвгүй байдаг. Үүнээс болж, аваар осол хийн, бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулахыг үгүйсгэх аргагүй. Бас тэгээд даруулга хийхээр хувцсанд халгаатайг яана. Тэгээд ч Монголд ямар хурдны зам гэж байх биш.

Хэрэв даруулга хийгээгүй явж байгаад осолд орох юм бол миний амь нас хохирохоос, өөр хэнийх ч хохирохгүй. Тэгэхээр суудлын даруулга хийсэн үү, үгүй юү гэдгээс хамаарч хөндлөнгийн хүн л хохирохгүй юм бол энэ асуудлыг өөрт минь орхичхож болдоггүй юм байх даа!

Миний хувьд, бусдад хор хөнөөл үл учруулах үйлдлийг минь хориглоод эхлэхээр зөөлөн хэлэхэд хачин санагдаад, шулуухан хэлэхэд дургүй хүрээд явчихдаг юм. Бусад хүмүүст гай болдоггүй юм бол иймэрхүү зүйлийг бүү хориглооч ээ! Намайг надаас хамгаалахаа болиоч! Ийм утгагүй зүйл гэж байх уу? Энэ чинь эрх чөлөөг дээдлэх чиглэлээр явж буй улс-орон шүү дээ. Хувь хүн зөвхөн өөрт хамааралтай юмыг өөрөө мэдэж чадахгүй юм бол ямар юмных нь эрх чөлөө байх юм бэ? 


Х.Х: Чи сая торгуулсандаа шаралхаад хүний эрх, эрх чөлөө гээд яасан ч их үглэв дээ. Одоо Монголд улиг болсон хоёр сэдэв байна. “Эрх чөлөө”, “Хүний эрх” гэсэн хоёр сэдвээр амтай болгон ярьж, бичиг үсэгт тайлагдсан бүр нь бичиж байх шиг (“тэдний нэгэнд чи ч орох байх” гэснээ инээв). Сэргэлэн шиг нэг нь энэ хоёр сэдвийг шүүрч аван, төсөл мөсөлхөн хийж мөнгө цохичихно, бүр сэргэлэн нь хэл амаа билүүдэж, донгодсоор байгаад улс төрийн эрх мэдэлд хүрнэ.

Б.Б: Үнэний хувьтай л юм. Бид эрх чөлөөний тухай яасан ч их ярив, бичив, маргав! Одоо тэгээд эрх чөлөө гэсэн хоосон үгнээс залхаж эхэлж байх шиг байна. Ямар ч чухал сэдвийг улиг домог, хэн ч тоодоггүй зүйл болгоё гэвэл хэрэгжүүлэхгүй атлаа тэр тухай үндэслэлтэй, үндэслэлгүй зүйл байнга яншаад байх ёстой юм шиг байна. Тэгснээр тухайн сэдэв улиг болж, хүмүүс ч сонирхохоо больчихдог бололтой.

Х.Х: Яг үнэндээ, Монгол эрх чөлөөт улс-орон мөн үү? Бид хүний эрхийг дээдэлдэг улс-оронд амьдарч байна уу, үгүй юү?

Б.Б: Өнөөдөр Монголын ямар ч иргэн өөрийгөө “ардчилсан оронд амьдарч буй эрх чөлөөт иргэн” гэж хэлнэ. Энэ бол бидний цээжилсэн үг, уриа лоозун. Эрх чөлөөтэй гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ гэж асуувал Үндсэн хуульд миний эрхийг тэгж, тэгж тусгасан, би сонгуульд оролцдог, (тэр дарга) намайг эрх чөлөөт хүн гэж ТВ-ээр ярьсан гээд улс төрч, хуульч, ордны профессоруудын амнаас гардгийг тоть шиг давтдаг. “Дарга” нарын яриагаар бол бид Үндсэн хуультай, бүх хүн сонгох сонгогдох эрхтэй, хүн бүр хуулийн өмнө тэгш, ардчилсан оронд амьдарч буй учраас эрх чөлөөтэй хүмүүс л дээ. Тийм ээ, бид хуулиар бол эрх чөлөөтэй, харин амьдрал дээр бол... жагсаал цуглаан хийх эрхээ эдэлсний төлөө буудаад алчхаж байгаа орныг эрх чөлөөт орон гэх үү (хариуцлага хүлээх ёстой бүх хүн өнөө хэр, зүгээр явж байна). Энэ бол илээс ил, тодоос тод баримт.

Амьд явах, аюулгүй хүнс хэрэглэх, эрүүл орчинд амьдрах гээд бүх эрх, эрх чөлөө алдагдаж байна. Ийм байхад эрх баригчид чамайг эрх чөлөөтэй гэж буй явдал бол үнэн хэрэгтээ “май, үүнийг ид” гээд хоосон гараа сарвайж байгаагаас ялгаа юун. Эрх баригчдын үгээр өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож буй хүн бол өлссөн хоёр хужаагийн адил өөрсдийгөө хуурч буй хэрэг. Чамд тэр онигоог ярья: Хоёр хужаа хээр явж байгаад төөрч л дээ. Өлсөх гэдэг тэсэхийн аргагүй болсон тэр хоёр яах вэ гэж ярьж байгаад нэг нь “Чи сайхан, сайхан хоолны нэр хэл ваа, харин би түүнээс чинь савхдав аа!” гэсэн гэдэг. Түүн шиг “сонгуульд оролцдог”, “Үндсэн хууль байна”, “ардчилсан орон” гэсэн сайхан, сайхан хоолыг бүгдээрээ савхдаад байхаас.

Чи үнэхээр, эрх чөлөөтэй юм бол өөрийнхөө мөнгөөр хэнд ч хор хөнөөл учруулахгүй, зөвхөн өөртөө хамаатай юмыг хийх гээд үз, жишээ нь, марихуан, бас өөрийнхөө зөв юман дээр эрх мэдэлтнүүд болон хөрөнгө чинээтэй хүмүүстэй зарга хийгээд үз. Хэрэв хийх гэснийг чинь хийлгэж, асуудлыг үнэн мөнөөр шийдвэл эрх чөлөө байна. Бусад тохиолдолд эрх чөлөө гэдэг “сайхан хоолны нэр”.                                                                     

Х.Х: Тэгэхээр хүний эрхийн асуудлыг хоосон лоозун төдий зүйл болгохгүйн тулд яах ёстой юм бэ?

Б.Б: Бидний хувьд хариулт тодорхой. Либертари утга зохиолтой илүү ухамсартай танилцах хэрэгтэй. Либертари утга зохиолд хүний эрхийн асуудлыг маш тодорхой жишээн дээр бултах аргагүйгээр эрс тавьдаг. Үндэслэлээ ч сайн гаргадаг.

Х.Х: Бид өмнө нь, оюун санааны эрх чөлөөний тухай ярьж байхдаа хэвлэлийн эрх чөлөөний тухай орхигдуулсан байна лээ. Энэ хоёр хоорондоо холбогдоно биз?

Б.Б: Нээрээ тэр талаар яриагүй юм байна шүү. Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлооо илэрхийлэх эрх чөлөө.

Би уг нь, 1990 оны ардчиллын хамгийн том ололтуудын нэг бол Орвэллийн зохиолд гардаг “сэтгэхүйн цагдааг” устгаж, Главлитыг (Социализмын үед бүх хэвлэгдэж буй зүйлийг хянаж цагддаг “Хэвлэл, утга зохиолыг Хянах Газар” гэж байсан бөгөөд түүнийг ингэж нэрлэдэг байв) түүх болгосонд оршино гэж бодож байсан юм. Гэтэл “сэтгэхүйн цагдаа” ч амьд, главлит ч бодитой байгаа юм байна лээ. Харин аль, аль нь дүрээ хувиргачхаж. Зүсээ хувиргасан “сэтгэхүйн цагдаа”-главлитчид хэн бэ гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэгч эзэд, улс төрийн хүчнүүд, зарим тохиолдолд тухайн сонин, телевизийн эрхлэгч, эрхтэн дархтнууд юм байна. Харыг хар, цагааныг цагаан гээд хэлчихдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тун цөөн байна.

Х.Х: Энд бас нэг асуудал байна? Нөгөө талаасаа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний эрхэд халдах явдал багагүй байх шиг.

Б.Б: Үнэн, үнэн. Соёлгүйн шинж л дээ. Улс төрийн аль нэг хүч, ямар нэг баян хүний хармаанд байдгийн гай байхгүй юү! Цаадуул нь өөрийн сонин, сайт, телевизэд даалгавар өгөөд “бууны нохой” шиг “Туу! барь!” гэж байгаа л даа. Ийм “шар хэвлэл” төдийгүй “шар телевизүүд” ч цөөнгүй байна.

Төр болон "шинэ монголчуудын халаасанд орсон хэвлэл, мэдээлэл"

Х.Х: Чи яах аргагүй илт байгаа баримтыг хэллээ. Хармаанд нь буй тэр сонин-телевиз, бусдад дарамт үзүүлэх, хуурамч сурталчилгаа хийх, “бор шувуу нисгэх”, бохир улс төр, бизнесийг нь цайруулах хэрэгсэл болдог. Шахаасны ийм олон сонингууд элдэв байгууллагын шалаар нэг хөглөрч, жорлонгийн цаас болсноор дуусах юм даа. 

Б.Б: Уг нь “хоточ нохой” гэсэн нэр томьёо, хэвлэл мэдээллийнхний өөрсдөдөө өгсөн нэр л дээ. Үнэхээр, эрх чөлөө гэдэг хамгаас үнэтэй юмыг маань манадаг хоточ нохойтой бол юутай сайн. Иргэний эрх чөлөөг хамгаалсан утгаараа гоё ч үг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй хэн нэгэнд үйлчлээд эхлэхээр юуны хоточ нохой байх вэ, бууны нохой болоод явчхаж байгаа юм. Эзнийхээ турхиралтаар хэн нэгэн уруу ноцдог.

Х.Х: Хүний мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг талаасаа, өрөвдөлтэй, нөгөө талаасаа, жигшмээр юм билээ. Эзнийхээ санааг тааварлах, түүнд таалагдах гэж үйлээ үзнэ (энэ утгаараа өрөвдмөөр), хэн нэгэн уруу “туу” гээд тавихад нь давхиж очоод, ноцож байдаг (энэ утгаараа жигшмээр). Энэ бүхнийг хараад заримдаа сэтгүүлч болоогүйдээ, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаггүйдээ баярладаг юм.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба төр

Б.Б: Хүн дургүй зүйлээ бусдад тулгаж болохгүй. “Би үүнд дургүй, тэгэхээр та нар ч гэсэн дургүй бай” гэх нь либертари зарчимд харш (марихуан, биеэ үнэлэх сэдэв дээр энэ тухай ярьж байсан даа). Бусад хүн таны бодол санааг боогдуулж,  хүчирхийлээгүй шиг, та ч бусдын бодол санаа, хүсэл эрмэлзлийг хааж боогдуулах эрхгүй.

Х.Х: Эрхийн талаар ярьж байгаа юм чинь тэгш эрхийн тухай ярина биз дээ. Би чамайг мартчих вий гэж зориуд сануулж байна.

Б.Б: Яагаад?

Х.Х: Тэгш эрх гэсэн ойлголтод чи дургүй юм шиг байдаг. Эрх чөлөөтэй харшилдаг ч гэх шиг хачин юм ярьдаггүй бил үү?

Б.Б: Дургүй биш юм аа. “Тэгш эрх”, “тэгш байдал” зэрэг нь зүүнийхний хэрэглэх дуртай ойлголт, нэр томьёонууд л даа.

Х.Х: Философийн түүхэнд олон түмний тэгш байдлын төлөө хувь хүний эрх чөлөөг гарзанд гаргахад бэлэн байсан хүн бол Ж.Ж.Руссог гэдэг.

Б.Б: Тийм шүү. Тэрээр Нийгмийн гэрээ зохиолынхоо VIII бүлэгт “бүх хүний зөвшөөрсөн зүйлийг зөвшөөрөөгүй нэг хүн байх аваас түүнийг цаазаар авбал зохино” гэсэн байдаг.

Х.Х: Сүүлийн үед эрх чөлөө, тэгш эрхийн харьцааны асуудлаар ямар зохиол бүтээл гарсан бэ?

Б.Б: Харвардын Их сургуулийн философийн профессорууд болох Жон Роулс, Робэрт Нозик нарын бүтээл бий. Роулс болохоор эгалитари үзлийг баримталсан буюу тэгшитгэх тал дээр (гэхдээ либерал үзэлд их татагдсан, ямар сайндаа түүнийг “эгалитари либерал” гэхэв), Нозик нь эрх чөлөөний талд илүү зогсдог.

Х.Х: Би ч бас энэ хоёрын тухай сонссон юм байна. Роулсыг 1971 онд Зүй ёсны онол номоо бичсэний дараа Нозик 1974 онд Анархи ёс, төр, утопи зохиолоо хариу болгож бичсэн гэдэг.

Б.Б: Тийм.


“Ж.Роулс, (1921.II.21-2002.XI.24) АНУ-ын улс төрийн философич. Корнэллийн Их сургууль болон Харвардын Их сургуульд багшилж байсан. 1971 онд гарсан Зүй ёсны онол бүтээл нь ХХ зууны улс төрийн гол бүтээлд тооцогддог. Роулсын Улс төрийн либерализм номыг Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгээс Б.Батчулууны орчуулгаар гаргахад бэлтгэж байна.”


 

“Р.Нозик, (1938.XI.16-2002.I.23) АНУ-ын улс төрийн философич, Анархизм, төр, утопи номоороо Роулсын үзэлд либертари хариу барьсан гэж үздэг. Харвардын Их сургуульд философийн профессороор ажиллаж байжээ. Номын монгол орчуулгыг Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс эрхлэн орчуулж гаргасан.”


Х.Х: 1990 оноос өмнөх нийгэмд бүгд тэгш эрхтэй, зарим нь “бүр илүү тэгш эрхтэй” байсан гэдэг байх аа. Үүнийг тэр үед байсан тусгай эмнэлэг, тусгай дэлгүүр, тусгай амралт, тусгай үйлчилгээ, тусгай хангамж харуулдаг. 


“Бүх нийгмээрээ тэгш хөдөлмөрлөдөг, тэгш цалин авдаг байгууллага, нэгдмэл үйлдвэр болон хувирна.”        В.И.Ленин


Б.Б: Хөгжилтэй ч гэх үү, ёжтой ч гэх үү гэмээр үг байна. Нийгмээрээ тэгш сайхан амьдрах тухай санаа бол жинхэнэ утопи санаа.

Ертөнц дээр бүх хүн байгалиас оюун ухаан, авьяас чадвараараа адил төрдөггүй. Тэгэхээр энэ авьяас чадвар, оюун ухаанаа ашиглах эрх чөлөө байгаа бол үр дүн нь өөр, өөр байж таарна. Ухаантай хийгээд мулгуу, авьяастай хийгээд чадваргүй, хөдөлмөрч хийгээд залхуу хүмүүс ижил үр дүнд хүрнэ гэж байхгүй. Энэ нь бүх хүний амьдрал тэгш байх аргагүй гэсэн дүгнэлтэд хүссэн, хүсээгүй хүргэж байна. Энд нэг бол эрх чөлөө, нөгөө бол тэгш эрх ухралтад орно. Энэ хоёрын хооронд гармони (эв зохицол) байх аргагүй.

Х.Х: Тийм юм даа. Өөрөөс нь аль ч талаар давуу, тэгээд ч хөдөлмөрийн бүтээмж нь хамаагүй их байгаа хүнтэй ижил амьдрах ёстой хэмээн үзэж байгаа хүнийг социалист-мөлжигч гэвэл таарах байх. 

Б.Б: Гэхдээ, либертари үзэлтнүүд тэгш байдал гэдгийг дараах хоёр утгаар хүлээн зөвшөөрдөг: нэгд, бүх хүнд тэгш бололцоо олгох (хэн нэгэнд урьдчилан илүү боломж олгохгүй, заль мэх, танил тал, хээл хахуулиар илүү бололцоо өгөх ёсгүй); хоёрт, хуулийн өмнө очиход тэгш байдал байх ёстой.

Х.Х: Эрхийн тухай асуудлыг жаахан дэлгэрүүлж ярих уу?

Б.Б: Тэгье ээ. Тэртэй, тэргүй эрх чөлөөний асуудал маань эрхийн зүгт хөтлөөд байгаа юм чинь.

Х.Х: Улс төрчид болон хуульчид хүний эдлэх эрхийг хуулиар баталгаажуулна гэдэг. Тэр нь ч зөв санагдаад байгаа юм. Хуулиар баталгаажаагүй эрхийг ямар эрх гэх вэ? Тэгэхээр, бид эрх чөлөөг маань баталгаажуулдаг хууль гаргаж өгсөн улс төрчид болон хуульчдад талархах ёстой. Ө.х. тэдэнд “өртэй”.

Б.Б: Цаадуул чинь яг л, ингэж хэлээсэй гээд хүсэн хүлээж байдаг! Үнэндээ, бидний эдэлж буй ЭРХ бол хүнд сурталт түшмэл, “ордны хуульч”, төрийнхний өмнө бөхөлзөгч профессоруудын ятгаж, ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулиас өгөөмөр сайхан сэтгэл гарган өгсөн бэлэг биш. Мянгантаа хэлж байгаагаар, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх, амьдрах эрх гэдэг бол хүн анхнаасаа л мах, цусанд төрдөг шиг тантай хамт энэ ертөнцөд ирсэн зүйлс.

Х.Х: Хуульчид төрөлх эрх гэж байдаггүй, төрөлх эрх гэдэг бол эрх биш гэцгээдэг. Учир нь, эрх гэдэг бол угаасаа хуулийн ойлголт. Иймд хуулиас өмнө байсан эрх гэж байх ёсгүй. Эрх хуулиар баталгаажиж байж эрх болдог, тэгэхээр хууль бол эрхийн эцэг. Төрөлх эрх гэдэг бол “эцэггүй хүүхэдтэй” адил зүйл, ерөөсөө “модон хөлтэй” хийсвэр зүйл гэдэг. Жэрэми Бэнтам ч ингэж бичсэн байдаг шиг санагдаж байна. Хоосон ч үг биш байх шүү.

Б.Б: Цаад “ордны хуульч, профессорууд” чинь биднийг өөрсдөдөө өртэй болгож харагдуулахын тулд тэгж байгаа юм.

Төрөлх эрх гэдэг бол хэн ч танд өгөөгүй, угаасаа байсан эрх. Тэгэхээр угаасаа байсан зүйлийг хэн ч өгч чадахгүй (тэр ч бүү хэл, Үндсэн хууль ч өгдөггүй). Төрөлх эрх гэдэг бол хүн төрөхөд л түүнд аяндаа бий болдог эрх. Энгийнээр жишвэл, хүнд “Чи  яагаад төрчхөв өө, чамд ертөнц дээр амьдрах эрх байгаа юм уу, амьдрах бололцоо олгодог өмчтэй байхыг чинь  хэн зөвшөөрсөн юм бэ, яагаад эрх чөлөөтэй байгаа юм бэ” гэсэн “ёс бус” асуулт тавих ёсгүй гэсэн л үг. Тийм ч учраас АНУ-ын Үндсэн хуулийн эцэг болсон хүмүүс эдгээр эрхийг “баталгаа шаардахгүй үнэн” гэсэн бол Нобелийн шагналт философич Б.Рассэль “аксиом” хэмээсэн юм. Тэгэхээр эдгээр эрхийг шууд хүлээн зөвшөөрөх ёстой.


“Хувь хүний эрх бол угаасаа танд байсан зүйл. Танд угаасаа байсан зүйлийг хэн ч өгч чадахгүй. Тиймээс төр болон хуулиас ямар нэг юм аваагүй бол та төрд өргүй.”


Х.Х: Хүний үндсэн эрх, суурь эрх гээд янз бүрийн нэр томьёо байх юм. Эдгээр нь төрөлх эрхээс өөр үү, адил уу?

Б.Б: Адил.

Х.Х: Амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрх гэсэн үг үү?

Б.Б: Тийм.

Х.Х: Хүнд өөр эрх бий юү?

Б.Б: Хүний эдлэх ёстой бүх эрхийг тоочин бичих аргагүй. Амьдрах, өмчтэй байх, эрх чөлөөтэй байх гэсэн суурь эрх дээр тулгуурласан тоо томшгүй олон эрх байдаг. Хүний эрх,  нөхцөл байдлаас хамааран, янз бүрээр илэрч болно.

Хүнд тоочин бичиж болохуйц цөөн тооны эрх байдаг юм биш (Монгол улсын Үндсэн хууль Монголын иргэдийн эдлэх бүх эрхийг тоочин бичих гэж оролдсоноороо дутагдалтай!). АНУ-ын Үндсэн хуульд төрийн эрхийг тоочиж бичээд (хязгаартай зүйл учраас) харин хүний эрхийг тоочилгүй орхисон нь (хязгааргүй зүйл учраас) ийм учиртай. Хүний эрхийг хязгаарлахыг оролдогчид л түүнийг тоочин бичиж, тэр хүрээнд хүний эрхийг хүлж баглахыг оролддог. Хүнд төрөлх эрхээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тоо томшгүй олон эрх байж болно. 

Х.Х: Монголын төр арай Хойд Солонгос, Кубын төр шиг хүний төрөлх эрхийг зөрчдөггүй биз дээ. Ер нь, хүний үндсэн эрх ямар байдлаар зөрчигддөг вэ, хүний эрхийн зөрчлийг зогсоох арга зам байдаг уу?

Б.Б: Хамгийн түрүүнд тоймтойгоос нь хэлэхэд, албадлагаар цэргийн алба хаалгах явдлыг зогсоох, цаазаар авах ялыг хүчингүй болгох, эрүүгийн болон бусад хууль тогтоомжид байгаа хүмүүнлэг бус заалтыг цуцлах хэрэгтэй. Төр болон түүний хүчний байгууллагууд (энд, цагдаагийн байгууллагаас иргэдтэй харьцдаг харьцааг онцолж байна) хүний үндсэн эрхийг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй. Дайн, нийт улс үндэстнийг дайрсан гай гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд хувь хүний зарим эрхийг хязгаарлаж, түүний өмчийг ашиглах зайлшгүй шаардлага гардаг байх. Ингэсэн тохиолдолд заавал нөхөн төлбөр хийдэг байх ёстой.

Х.Х: Эх орноо хамгаалах цэрэг-армигүй байж болох уу, хоёрт, одоо манайх шиг зэрлэг балмад хэрэг гарч буй тохиолдолд цаазаар авах ял зайлшгүй биш үү?

Б.Б: Манай төр иргэдээ цэргийн алба хаахыг албаддаг. Хэрэв татгалзвал хэрэгт татна. Гэтэл хүнд өөрийн итгэл үнэмшил, шашин шүтлэг, ёс суртахуун зэргээсээ болж, цэргийн алба хаахаас татгалзах эрх бий. Цэргийн алба гэдэг угаасаа хүмүүнлэг бус мэргэжил. Цэрэгт татагдсан хүнд заадаг зүйл бол хүн алах явдал. Цэрэг болсноороо чөлөөт иргэн байхаа больж, төрийн мэдлийн субъект болон хувирдаг. Төр тэднийг үхэл хүлээж буй газар уруу илгээнэ. Бусадтай тулалдах, бусдыг алахыг шаардана. Тэгэхээр албадлагаар цэргийн алба хаалгах нь боолчлолтой адил үйлдэл юм.

“Эх орноо хамгаалах” гэдэг улиг болсон, хуурамч лоозун байдаг л даа. Үүнийг Монголын нөхцөл байдалд улс төрийн агуулгаар маш тодорхой авч үзье. Юуны түрүүнд, хэнээс хамгаалах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Бидэнтэй хөрш Хятад, Орос гэсэн хоёр л улс байна (Баян-Өлгийгөөр Казакстантай хиллэдгийг эс тооцвол). Энэ хоёр бол цэрэг-армийн хувьд манайхтай эгнэшгүй, дэлхийд эхний 3-т ордог хоёр гүрэн. Эдгээр улсад манайхыг эзэлье гэсэн санаархал байна гэхэд Монголын армид байгаа бэлтгэл муутай цөөн тооны цэрэг, офицер, хуучин танк, онгоцоор улсаа хамгаална гэж лав байхгүй. Манай батлан хамгаалах гол хүч бол дипломатын ухаалаг бодлого, маш чадварлаг тагнуулын байгууллага, цэрэг армигүй улс болсноо зарлаж, НҮБ-ын ивээлд орох явдал. Эдгээр нь одоогийн зэвсэгт хүчнээс хамаагүй найдвартай батлан хамгаалах аргууд байж болно.

Х.Х: Хүмүүс одоо Монголын армийн хүчин чадлыг бусад армитай харьцуулж мэдэхгүй байна. Хүчирхэг, чадварлаг батлан хамгаалалттай гэж л боддог байх. Тиймээс цэрэг-армигүй улс болно гэхээр сүйд болж, нүд нь орой дээрээ гарах биз дээ. Бараг л улсаа мөхөөж, сөнөөх юм ярьж байна гэнэ дээ. Тэгэхээр армигүй байх үндэслэлээ бүр сайн тодруулах хэрэгтэй.

Б.Б: Өнөөгийн Монголын арми шиг татвар төлөгчдийн мөнгийг ховх сордог, аппаратын ажиллагсад нь цэргийнхээ тооноос олон, утгагүй гэхэд хэт утгагүй институци Монголд байхгүй. Хэчнээн генералтай гээч. “Зуун ямаанд жаран ухна” гэсэн үг. Монголынх шиг армийг Орос, Хятад, АНУ-д бол нэг л хурандаа удирдах байх. Гэтэл Монголын арми аппаратын бүтцээ улам томруулж, зардлаа ихэсгэн ард түмний нуруун дээр ачаа дарамт үүрүүлж байна. Цэрэг армид маш их хөрөнгө мөнгө үр ашиггүй урсаж байна. Армид татагдсан цэргүүд ч ёс суртахууны хувьд ямар их зэвэрдгийг удаа дараа гарч буй, буу зэвсэгтэй холбоотой хэрэг, аллага таллага харуулж байна.

Х.Х: Дэлхий дээр цэрэг-армигүй улс-орон байдаг уу?

Б.Б: Энд, би Америк-Солонгосын дайнд оролцож, дайн, хүчирхийлэл, аллагыг яс махнаасаа үзэн ядах болсон, хожим Хавайн Их сургуульд улс төр судлалын профессороор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсныхаа дараа Хүчирхийллийн эсрэг Олон Улсын Төвийг (АНУ, Хонолулуд байрладаг) байгуулан ажиллаж буй өвгөн найз Глэнн Д.Пэйжийн хүсэлтээр орчуулсан Аллагагүй нийгмийн тухай улс төр судлал (“Адмон” хэвлэлийн газар, УБ, 2005 он) номоос цэрэг армигүй улс-орнуудын тухай хэдэн баримтыг эшилье (Уг номын 65, 67-68-р талуудаас).


Проф. Глэнн Д.Пэйж. Сөүлийн Үндэсний Их сургууль, Принстоны Их сургууль, Хавайн Их сургуулиудад багшилж байсан. Одоо АНУ-ын Хонолулу дахь Хүчирхийллийн эсрэг Олон улсын төвийн тэргүүн.


Цэрэг-армигүй улс-орнууд:

Вануату; Ватикан; Гаити; Гренада; Доминик; Кирибати; Коста-Рика; Лихтэнштейн; Мавритан; Мальдив; Науру; Панам; Самао; Сан-Марино; Санта-Лючи; Сэнт-Винсэнт ба Гренадин; Сэнт-Китс ба Невис; Соломоны арлууд; Тувалу

Цэрэг-армигүй боловч бусад оронтой

батлан хамгаалах хэлэлцээртэй улс-орнууд:

Андорра (Испани, Франц); Исланд (НАТО болон АНУ); Күүкийн арлууд (Шинэ Зеланд); Маршаллын арлууд (АНУ); Микронези (АНУ); Монако (Франц); Ниуэ (Шинэ Зеланд); Палау (АНУ)

Цэргийн алба хаахаас татгалзах эрхийг

хүлээн зөвшөөрсөн улс-орнууд:

Австрали; Австри; Азербайджан; Англи; АНУ; Бельги; Бермуд; Болгар; Бразили; Гайна; Герман; Грек; Дани; Зимбабвэ; Израйль; Испани; Итали; Канад; Кипр (Грекийн хэсэг); Киргиз; Латви; Литва; Мальт; Молдав; Норвеги; Орос; Өмнөд Африк; Парагвай; Польш; Португаль; Румын; Словак; Словени; Суринам; Узбек; Украйн; Уругвай; Финлянд; Франц; Холланд; Хорват; Чех; Швед; Швейцарь; Эстони; Югослав


Х.Х: Цаазаар авах ялын тухайд юу хэлэх вэ?

Б.Б: Цаазаар авах ялын тухайд бол хүн алах эрхтэй хувь хүн, хамт олон, байгууллага, төр гэж байх ёсгүй. “Хүн аллаа гээд хүн алах” нь уг зарчим өөрөө, өөртэйгөө зөрчилдөж байна.

Либертари баримтлалын үүднээс цаазаар авах ялын эсрэг товч үндэслэл гаргахад, төр өөрөө алуурчинтай адилгүй юм бол алуурчны хийсэн үйлдлийг хийх ёсгүй. “Хүн аллаа” гээд шийтгэж байгаа юм бол өөрөө хүн алж болохгүй. “Хүн аллаа” гээд хүнийг алах нь өөрөө, өөртэйгөө зөрчилдөж буй хэрэг. Хэрэв хувь хүний үйлдсэн ямар нэг зүйл ёс суртахуунлаг бус, хууль бус байх юм бол төр ч тэр зүйлийг үйлдэх нь мөн адил ёс суртахуунлаг бус, хууль бус байх болно. Цаазаар авна гэдэг хүчирхийллийн хамгийн хурц хэлбэр, төр хуулийн дагуу хүн алах эрхтэйгээ харуулж буй хэрэг. Тэгэхээр энэ ялыг цуцална гэдэг төрийн хүчирхийллийн үүргийг бага боловч хумьж байна гэсэн үг.


Цаазаар авах ялгүй улс-орнууд:

Австрали; Австри; Азербайджан; Англи; Ангол; Андорра; Балба; Бельги; Болгар; Вануату; Ватикан; Венесуэль; Гаити; Гвиней-Бисау; Герман; Гондурас; Грек; Гүрж; Дани; Доминиканы БНУ; Жибути; Зүүн Тимор; Ирланд; Испани; Итали; Кирибати (БНУ); Коста-Рика; Лихтэнштейн; Литва; Люксембург; Мавритан; Македон; Маршаллын арлууд; Микронези; Мозамбик; Молдав; Намиби; Никарагуа; Ногоон хошууны арлууд; Норвеги; Өмнөд Африк; Палау; Панам; Парагвай; Польш; Португаль; Румын; Сан-Марино; Сан-Томэ, Принсип; Словак; Словени; Соломоны арлууд; Сэйшэлийн арлууд; Тувалу; Туркмен; Украйн; Унгар; Уругвай; Финлянд; Франц; Холланд; Хорват; Чех; Швед; Швейцарь; Шинэ Зеланд; Эквадор; Эстони (мөн Пэйжийн номоос эшлэв).


Х.Х: Хүний эрх ямар ч тохиолдолд халдашгүй дархан зүйл байх ёстой юу? Асар олон хүний эрх ашиг нэг хүний эрхийг зөрчихийг шаардвал яах вэ? Ютилитариуд ингэхийг зөв гэж үздэг.

Б.Б: Хувь хүний эрх гэдэг бол тоон хэмжигдэхүүн биш, таны эрхийг зөрчихийн тулд хэчнээн хүн ч эрхээ нэгтгээд нэмэргүй. Энд ардчилал, ард түмэн, олонх гэх мэт үзэгдэл ямар ч хамаагүй. Таван хүний эрх нэг хүний эрхийг зөрчиж болно гэсэн юм байдаггүй. Эрх бол эрх. Хамт олонч байдлаар хувь хүний эрхийг дарамтлах явдал коммунизм, фашизмын дүр төрх болно.

Х.Х: Амьдрал дээр албан тушаалтнууд болоод өмч хөрөнгөтэй хүмүүс жирийн иргэдийн эрхийг зөрчих явдал маш түгээмэл байдаг шүү дээ.

Б.Б: Либертари үзэл яг үүний эсрэг байдаг. Бид хувь хүний эрхийг нийгэмд эрхэлж буй албан тушаал, эд хөрөнгө, яс үндэс, хүйс, боловсрол, гарал угсаанаас үл хамаарах констант (тогтвортой, үл өөрчлөгдөх) зүйл гэж үздэг. Баян хийгээд ядуу, албан тушаалтай хийгээд үгүйгээс үл хамааран, бүх хүн адилхан “хүний эрхтэй” байдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байх учиртай. Хүний эрхийн тухай ярьж байх үед илүү эрх, дутуу эрх гэсэн ойлголт байх ёсгүй. Хүн амьд байгаа цагт түүнд хүний эрх констант байх ёстой.

Х.Х: Миний ойлгосноор хүний үндсэн эрх, суурь эрх, төрөлх эрх гэдэг та нарын яриад байдаг өөрөө, өөрийгөө мэдэх эрх юм аа даа?

Б.Б: Би ч бас тэгж ойлгодог. Хувь хүний эрхийн дотроос өөрөө, өөрийгөө мэдэх эрхийг хамгийн гол эрх гэж үзэж байна. Их удирдагч, сайд дарга, асар ухаантан, маш сайхан сэтгэлтэй хүн гээд хэн ч байсан өөр нэгний амьдралыг мэдэх эрх байхгүй. Тухайн хувь хүн ч бусдыгаа мэдэх эрхгүй. Бүгд бие, биеийнхээ амьдралыг дээд зэргээр хүндэтгэж, халдашгүй дархан зүйл гэж үзнэ.

Бидэнд ямар эрх байхгүй вэ гэвэл өөр шигээ эрхтэй хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй гэдгийг мянгантаа давтаж байна. Энэ бол эрхээ эдлэхдээ бидний баримтлах ёстой үндсэн зарчим мөн. Бусдын эрхийг зөрчиж буй эрх гэдэг бол эрх биш. Бидэнд өөр шигээ хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй.


“Э гэдэг хүний эрх Б-гийн эрхийг зөрчих аваас Э-гийн эрх ерөөсөө эрх биш. Үүний нэгэн адил Б-гийн эрх бусдын эрхийг зөрчих аваас мөн л эрх биш. Хүний эрхийг зөрчдөг хүний эрх гэж байдаггүй.”


Х.Х: Хоёулаа эрх чөлөө, эрхийн тухай ярихдаа хариуцлагын тухай орхиод байна уу даа?

Б.Б: Тийм ээ, эрх чөлөөтэй, эрхээ эдэлж буй хүн өөрөө хариуцлагатай байхгүй бол болохгүй л дээ. 

Х.Х: Жаахан дэлгэрүүлээч?

Б.Б: Тэгье. Жишээ нь, хувь хүн бусдын тойрог уруу орохгүй, бусдад гай болохгүй бол архи уух, энэ тэрийг хэрэглэх нь хувийн асуудал гэж бид үздэг. Гэтэл нөгөө хүн, би эрх чөлөөтэй, энэ бол миний эрх гээд энэ бүхнийг зах замбараагүй хэрэглээд байх юм бол өөрөө л сүйрнэ. Иймд өөрөө, өөрийгөө захдаж заамдан, ө.х. хариуцлагатай байх ёстой.

Х.Х: Тийм юм байна. Нэгэнт нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөх эсэх нь миний хувийн асуудал гээд мөнгө төлөлгүй явж ирсэн бол өтөл насандаа хэрэглэх мөнгөө үрчхэлгүй хадгалж, эрүүл мэнддээ анхаарч байх ёстой байх нь. Хариуцлагатай амьдрахыг үнэхээр, шаардаж байна шүү.

Б.Б: Бас халамжийн асуудал дээр ч хариуцлагын асуудал яригддаг. Ямар ч хүн өглөг өгсөн хүнээс (төрөөс халамж авсан бол төрөөс) хараат болдог. Тэгэхээр өглөгөөс хараат бус байхыг үүрэг-хариуцлагаа өөрөө үүрэх гэж хэлээд байгаа юм. Хэрэв чи өөрөө үүрэх ёстой үүрэг-хариуцлагаа төр юм уу, өөр нэгэнд өгөх юм бол түүнээс хараат болно. Учир нь, тэрбээр чиний боол биш болохоор дандаа өмнөөс чинь хариуцлага хүлээгээд байхыг хүсэхгүй. Зохих эрхээ шаардана. Тэр эрх чамайг мэдэх эрх байх болно. Ингээд чи өөрөө, өөрийгөө мэдэхээ болино. Харин чи бүх юмаа өөрөө хариуцах аваас хэнээс ч хараат бус байж чадна. Үүнийг хариуцлага гэнэ биз дээ.

Х.Х: Би ч чамтай ярилцсаар шаггүй либертари үзэлтэн болж байх шиг. Тэгэхээр эндээс харахад, ганцаар байж, бусдыг буруу замаар явахад хэзээ ч “ташуур өгөлгүй”, буруудвал зөвхөн өөрөө л хариуцлага хүлээж байдгаараа индивидуалист хүн хэнд ч, ямар ч хор хөнөөл, гэм зэм учруулдаггүй нь тодорхой байна.

Б.Б: Тийм шүү. Би өөрийнхөө алдааг бусдад үүрүүлэхгүй, тэр ч бүү хэл, эцэг эх, төрөл төрөгсдөдөө ч үүрүүлэхгүй. “Хариуцлага” гэдгийг бид ингэж л ойлгодог. Либертари үзэлтнүүд хэн нэгнээс айсандаа юм уу, хуулийн албадлага доор хариуцлагатай байхыг “хариуцлага” гэж үзэхгүй.

Х.Х: Тэгвэл эрх чөлөөтэй, эрхээ эдэлсэн хэрнээ хариуцлагагүй амьдарсны жишээ хэлээч! 

Б.Б: Архи, тамхинаас болж эрүүл мэндээ балласан, амьдралаа алдсан бүх хүн үүнд хамаатай. Тэд юу хэрэглэх хийгээд эс хэрэглэхээ өөрөө мэднэ, энэ бол хүний эрх гээд гудраад байсан хэрэг. Эцэс сүүлд нь архинд орж, хэрэг төвөгт холбогдон, эхнэр хүүхдээсээ ч салжээ. Эрх чөлөөтэй байж, эрхээ эдэлсэн хэр нь түүнийхээ хариуцлагыг даан ч хүлээсэнгүй.


“Эрх чөлөөтэй хүн заавал хариуцлагатай байх ёстой. Эрх чөлөөг хувь хүнд ирсэн шагнал гэвэл хариуцлага түүний төлбөр юм.”


Х.Х: АНУ-д болсон нэг кэйсийг уншиж байсан маань санаанд орчихлоо. Нэг эмэгтэй байрныхаа хажуу талын түргэн хоолны газрыг шүүхэд өгч. Ямар учраас гээч! “Би эднийд үргэлж хооллодог. Тэгээд  хэт таргалалтад орчихлоо” гэсэн гомдол гаргасан байсан. Бас нэг нөхөр гуанзанд ороод, кофе уух гэж байгаад гуян дээрээ асгаад, түлэгдчихэж. Тэгээд “Кофе нь хэт халуун байсан” гэж шүүхэдсэн байдаг. Нөгөө хувийн хариуцлага гэгч нь хаана байна аа.

Б.Б: “Даварсан эрх” гэж наадахыг чинь хэлэх байх. Хариуцлагагүй, сахилга батгүй, эрх чөлөөтэй байсныхаа пянг даадаггүй атлаа эрхээ эдлэх гээд байгаа хүнийг “даварчихсан юм” гэхээс өөр юу гэх вэ. Эцсийн эцэст хувь хүний хариуцлага гэж зүйл байх ёстой! Хариуцлагагүй ийм хүмүүс л эрх чөлөө, эрхийн үнэ цэнийг гутааж байдаг юм. Эднээс болж зохист хэрэглээтэй олон хүн тухайн зүйлээ хэрэглэж чадахгүй болох тохиолдол байдаг.

Х.Х: Жишээ авч ярихаар улам ойлгомжтой болох юм.

Б.Б: Архинд орсон нэг нөхрийн “би архины үйлдвэрүүдээс болж ажил амьдралаа алдсан” гэх юм уу, тамхи татсаар байгаад уушгиа муутгасан хүний “тамхи оруулж ирсэн бизнесийнхнээс болж би хохирлоо” гэж шүүхэдсэний улмаас архи, тамхийг хорьчихлоо гэж бодъё. Тэгвэл энэ хоёрыг зохистой хэрэглэдэг өч, төчнөөн хүний эрх зөрчигдөх болно.

Би уруу татагдчих гээд байна, миний тэсвэр тэвчээр хүрэхгүй нь гээд бусдын  зохистой хэрэглэдэг зүйлийг хориод өгөөч гэх нь хэр нийцтэй байх вэ? Яаж ч бодсон, архинд орсон хүн “Чамаас болоод, миний амьдрал ийм байна” гэж архины үйлдвэрийн эзэн уруу дайрах нь үнэхээр зохисгүй хэрэг. Хариуцлагагүй хүний үйлдэл.

Үнэндээ, тэр үйлдвэрийн эзэн, УБ-ын өмнөх биеэ үнэлдэг эмэгтэй хоёр яг адилхан. Нэг нь, “Миний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ууна уу, сүүгээ ууна уу таны дур, нөгөө нь, миний биеийг хэрэглэнэ үү, эс хэрэглэнэ үү та нарын сонголт” гэж байна шүү дээ. Нэг нь архи, нөгөө нь биеэ санал болгож байна. Эцсийн эцэст хэрэглэх эсэх нь таны сонголт. Аль нь ч гэсэн хүний хэрэгцээн дээр тулгуурласан бизнес. Тэдгээрийг хэрэглэхгүй байх бүрэн эрх танд бий (Ёстой л free to choose). Муухай гэвэл аль, аль нь муухай. Нөгөө талаас нь авч үзэх юм бол, хэн нэгний өмнө ёс суртахууны үүрэг хүлээгээгүй хүмүүс зохистой хэрэглээд байж болох л зүйлс. Эцсийн эцэст энэ бол хувь хүний асуудал шүү дээ.

Х.Х: Бусдаар шийдвэр гаргуулж, бусдын амыг харах дуртай хүн олон байдаг. Тэд насан туршдаа бие дааж амьдрахаас айн, бусдын амаар үг хийж, олонхын хойноос шогшин, удирдагчийн харцыг харж амьдардаг.

Б.Б: Тийм ээ, өөрсдийгөө эзэндээ туугдаж яваа хонин сүрэг шиг боддог ийм хүмүүсийн психологи дээр улс төрчид тоглолтоо хийнэ. Тэгэхээр энэ нь улс төрчдийн эрч хүчээ авах маш таатай хөрс болдог.

Х.Х: Ойлгомжтой. Хариуцлага гэдэг бол бидний ярьдаг байсан шиг заавал улс, нийгмийн өмнө, бусдын өмнө хүлээдэг үүрэг лугаа зүйл байдаггүй юм байна. Өөрийгөө дааж, бусдад гай болохгүй, бусдаас авахгүй, бусдад муу юм хийхгүй явна гэдэг маш том хариуцлага аж.

Б.Б: Яг энэ утгаар, халамж нэхэгсэд бол маш хариуцлагагүй амьдарч буй хүмүүс (Энд мэдээж, хөгжлийн бэрхшээлтэй, яах аргагүй байдалд орсон хүмүүсийг  хэлээгүй). Либертари үзэлтнүүд, хүн өөрийн ухаантай, хариуцлага хүлээх чадвартай учраас элдэв асран хамгаалагч хэрэггүй, хэрэв асрамжлагч, халамжлагч хэрэгтэй юм бол өөрийн тань толгой хэрэггүй, бүгдийг асрагчдаа даатгачих гэдэг. Гэхдээ цаад асрамжлагч чинь дарангуйлагч болоход ганцхан сөөмийн зайнд бий гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

Хувь хүн хариуцлагатай байх нь өөрийн эрхийг төрд алдахгүй, тэгснээр төрийг данхайлгахгүй байх нөхцөл болдог. Тиймээс өглөгөөс хараат бус байхыг үүрэг-хариуцлагаа өөрөө үүрэх гээд байгаа юм. Хувь хүн үүрэг, хариуцлагаа өөрөө хүлээх нь түүний хамгаалалт болдог.


Хэрэв төр либертари үзэлтэй иргэнээс “Би чамд яаж туслах вэ?” гэж асуух аваас тэр “Надад туслахгүй байх явдал хамгийн том тус болно” гэж хариулах болно.


Х.Х: Бусдын өмнө хүлээсэн үүргээ хүлээдгүй, хариуцлагагүй байдлын хамгийн тод жишээ?

Б.Б: Төрийнхөн. Тэдэнд үүрэг, хариуцлага гэж зүйл огт байдаггүй. Тэд улс-орны амьдралыг сайн сайхан болгоно гэж эрх мэдэлд очин, олон түмний мөнгөөр өндөр цалин, хангамж авчхаад ард иргэддээ хор хөнөөлтэй захирамж тушаал, хууль дүрэм гаргаж амьдралд нь гай болдог.

Хүмүүс хулгайч, дээрэмчдийн муу муухай, олхиогүй гэдгийг мэддэг атлаа төрд шургалсан “хулгайч, дээрэмчдийг” олж хардаггүй. Төрийн нөмрөгөн доорх эдгээр хүн бол жинхэнээсээ үүрэг, хариуцлагын ухамсаргүй хүмүүс. Тэд муу зүйл хийснийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй. Төр тэдний буруу зүйл хийх, худлаа ярихыг хуулиар зөвшөөрсөн байдаг (хэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг нь хуульдаа заачихсан). Тэд сонгогдсон дөрвөн жилдээ ажил таслахгүй, архи уухгүй, авгай эргүүлэхгүй байгаагаа асар их хариуцлагатай байна хэмээн ойлгодог байх. Тийм биш. Ажлаа үл таслах атлаа хариуцлага гэдгийг огт мэддэггүй хүмүүсийн маш тод жишээ болдог хүмүүс бол тэд.

Тэд сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлдэггүй нь туйлын хариуцлагагүй байдлын жишээ. Тиймээс эднийг хариуцлагагүй гэвэл зөөлдөнө, хатуухан хэлбэл, санаатай хууран мэхлэгчид.

Х.Х: Улс төрийн ямар хүчин хамгийн их халамжийн бодлого явуулж, хүмүүсийг өөрөө өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагагүй болгодог вэ, социалистууд л биз дээ?

Б.Б: Мэдээж. Социалистууд хүнийг өлгийтэй байхаас эхлээд нас бартал нь халамжилна гэдэг. Тэгээд өмнөөс нь шийдвэр гаргаж, юу хийхийг нь зааж, зааварлаж эхэлдэг. Асрамжлахын тулд маш их мөнгө нэхэж авна. Авсан мөнгөнөөсөө огт ажиллах хүсэлгүй хүмүүст ижил хэмжээгээр тарааж, ингэснээр тэднийг залхуу хойрго болгон, өсөж өндийхөд нь саад хийдэг. 

Х.Х: Амьдралын либертари хэв маяг хэчнээн нэр төртэй, бахархууштай ч хэцүү юм байна даа. Яагаад гэвэл, бүхий л үүрэг, хариуцлагыг өөрөө үүрнэ. Өөр шигээ хүнд гэм хор учруулж болохгүй. Төрд очоод, хуулийн нэрээр бусдаас “дээрэмдсэн” мөнгөөр тансаглаж болохгүй. Заль мэх, луйвар, дээрэм, аргаа ядахад гуйж гувшихыг огт байж болохгүй зүйл гэж үзнэ.

Б.Б: Тийм ээ, тэгж хэлж болно. Идэх хоолгүй шахам болчхоод байсан Роарк өөрт нь мөнгөөр туслах гэсэн саятан-найзынхаа саналд хариу болгож “Нөхөрлөлөө хадгалъя гэж бодвол, ийм зүйл битгий дахиж хэлээрэй” гээд ил уурхайд очиж газар ухдаг. Гэхдээ Роарк өөрийнхөө хөдөлмөрийн хөлсийг авахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Учир нь, тэр эгоист.

Хүн өөрийн төлөө хариуцлага хүлээхгүй бол эрх чөлөөтэй байсны утга алдагддаг. Мөн эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн үүрч, өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө л хариуцдаг байх ёстой. Ашиг олз, алдар гавьяаг авч чаддаг шигээ алдаа дутагдал, гарз хохирлоо ч өөрөө үүрэх ёстой. ЭНЭ БОЛ ТАНЫ АМЬДРАЛ, гаргасан шийдвэрийн тань үр дүн. Хувь хүн өөрт хамааралтай зүйл дээр өөрөө л шийдвэр гаргах ёстой. Төрийг энд ойртуулж болохгүй. Роаркийн хэлснээр “Өөрийн хувь заяатай холбоотой зүйл дээр хэзээ ч бусдаар шийдвэр бүү гаргуул!”

Энэ бүхнээс харахад “хариуцлага” гэдэг бол либертари үзлийн хамгийн чухал ойлголт. Бүх зүйлийг хүн өөрөө хариуцна. Эх сурвалж романы баатрууд болох Камерон, Роарк, Маллори нар хүнд хүчир амьдралыг өөрсдөө үүрч туулдгаараа хэнд ч, тэр тусмаа төрд өргүй, жинхэнэ либертари аж төрөх ёсоор амьдардаг.

Амьдралын ийм хэв маягт хэн, яагаад дургүй байх вэ? Төрийг хөхөж амьдрагсад хамгийн дургүй байж таарна. Яагаад гэвэл, эндээс өөрсдийнхөө дүр төрхийг олж хараад ичиж, улайдаг учраас тэр. 

Х.Х: Өнөөдөр ингээд дуусгая. Дараа, ямар сэдвээр ярилцъя гэж бодож байна?

Б.Б: Нэг чухал сэдэв орхигдох гээд байгаа юм. Либертари үзэлтнүүд улс төрчдийг хэрхэн үздэг тухай заавал ярих ёстой.

Х.Х: Сонирхолтой сэдэв байна.

 

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна